1Сувилахуйн сургууль, АШУҮИС
2УАУ Институт, АУС, АШУҮИС
Биеийн янз бүрийн хөдөлгөөн, үйлдлүүдийг гүйцэтгэх үеийн чадвар буурахыг ядрал гэнэ. Энэ үед булчингийн агших хүч суларч, булчингийн цахилгаан бичлэгт булчингийн агшилтын хүчдэл буурсан байдал илэрнэ1.
Нурууны эгцлэгч булчингууд нь нурууны тэнцвэрт байдлыг хадгалдаг. Булчингийн дэмжлэггүй үед багана нуруу хэвийн физиологийн ачааллыг ч тэсвэрлэх боломжгүй юм2. Мөн булчингийн эмгэг нь контрактур, булчингийн хөшингө, гүний булчингийн өвдөлттэй холбоотой илэрч, булчингийн ядралд хүргэнэ.
Нурууны булчингийн ядралыг хүйсийн хувьд харьцуулж үзэхэд эрэгтэй хүнд булчингийн ядрал илүү хурдан явагддаг3. Харин эмэгтэй хүний булчингийн хүчний тэсвэржилт их буюу ядрахдаа удаан. Эрэгтэй хүнд нэгж хугацаанд агших, зарцуулах булчингийн хүч их. Энэ нь нэгж хугацаанд агших булчингийн масс илүү байдагтай холбоотой юм8.
Нурууны булчингийн тэсвэрлэх чадварыг шалгах үнэлгээ нь булчингийн ачаалал даах чадварыг үнэлдэг, нурууны өвдөлтийг урьдчилан таамаглах эхний шалгуур юм. Нурууны тэсвэрлэх чадварыг үнэлэх үнэлгээний дүнд, нурууны тэнийлгэгч булчингийн ядралтай өвчтөний бүсэлхийн нурууны өвдөлт их байдгийг тодорхойлжээ4,5. Нурууны архаг өвдөлт нь нуруу эгцлэгч булчингийн ачаалал даах чадварыг бууруулдаг байна.
Булчингийн ширхэгийн төрлөөс хамаарч бүтэц, үйл ажиллагаа нь харилцан адилгүй байдаг. Нарийн удаан хөдөлгөөн хийдэг жижиг булчингуудад хөдөлгөөний нэгжид ноогдох булчингийн ширхэгийн тоо нь цөөн, харин нарийн хөдөлгөөн шаардахгүй том булчингуудад олон ширхэг байдаг. Хөдөлгөөний нэгжийг бүтэц үйл ажиллагааны шинжээр нь 3 ангилдаг9.
I – удаан, ядардаггүй хөдөлгөөний нэгж нь бусад аксоны нэгжтэй харьцуулахад мотонейроны хэмжээ бага, идэвхжих зааг нь доогуур, аксон нь нарийн, сэрэл дамжих хурд нь удаан байдаг. Бага ядардаг удаан хөдөлгөөний нэгжийн булчингийн ширхэгүүдэд хялгасан судасны сүлжээ сайн хөгжсөн. Булчингийн нэг ширхэг нь дунджаар 4-6 хялгасан судастай. Тиймээс агшиж буй хүчилтөрөгчийн хангамж хүрэлцээтэй байдаг. Эдгээр ширхэгүүдийн цитоплазм нь олон тооны митохондритой, исэлдүүлэх ферментийн идэвх нь өндөр байдаг. Энэ нь аэроб тэсвэрийг тодорхойлох ба бага зэргийн ажлыг удаан хугацаагаар ядрахгүй гүйцэтгэх боломж олгодог.
IIA – ядралтанд тэсвэртэй хурдан нэгж. Энэ хөдөлгөөний нэгж нь I ба II B хөдөлгөөний нэгжийн дундаж шинжтэй. Аэроб болон анаэроб энерги хангамжтай.
IIB – хурдан, амархан ядардаг хөдөлгөөний нэгж. Удаан хугацаанд сэрлийн давтамжаа тогтвортой барих чадваргүй учраас амархан ядардаг. Агшилтын элементүүд буюу миофибриллүүд олон байдгаас хүчтэй агшдаг. Митохондри, миоглобин багатай, цусан хангамж муутай тул амархан ядардаг.
Булчингийн ширхэгийн төрлийг багана нуруу, бүсэлхий нурууны булчинд авч үзэхэд, I төрлийн булчингийн ширхэг бүсэлхий нурууны булчинд түлхүү агуулагддаг бол багана нурууны булчинд I, IIa болон IIb төрлийн булчингийн ширхэгүүд холимог байдаг. Бүсэлхий нурууны өвдөлттэй хүн амын дунд нурууны булчингийн ядрал, сулрал их байдгийг тодорхойлсон6.
15 градусын налуутай Романы сандлыг (Roman’s chair) ашиглан нурууны эгцлэх хэлбэрийн дасгал хийлгэж үзэхэд, бүсэлхий, түнхний үеэр тэнийлгэх хөдөлгөөн хийгдэж, бүсэлхий нуруун дээр ачаалал ирэхээс гадна m.gluteus maximus, m.biceps femoris-д илүү ачаалал ирдэгийг судалсан байна. Нэгдүгээрт, бүсэлхий нурууны булчинд 1-р төрлийн булчингийн ширхэг давамгайлсан байдаг учир нурууны тогтвортой, бат бэх байдлыг хадгалдагтай холбоотой. Хоёрдугаарт, дасгал хийлгэх явцад араг ясны булчингийн глобал хөдөлгөөний (global movement) дүнд бүсэлхий нуруунд ирэх ачааллыг gluteus maximus, biceps femoris булчингууд давхар үүрдэг учир бүсэлхий нурууны ядралаас сэргийлж, ядрал харьцангуй бага явагддаг байна7.
Булчингийн ядралыг бууруулахад иллэг, дасгал, цахилгаан цочруул, зүү зэрэг эмийн бус эмчилгээний аргуудыг зонхилон хэрэглэж байна4,5,10. Цахилгаан цочруул (Transcutaneous electrical nerve stimulation -TENS)-ыг тархины харвалтын шалтгаант доод мөчний чадвар алдалтын үед шилбэний булчинд үйлчлэхэд биеийн ганхалт, алхааны бэрхшээл буурч, тэнцвэрийн үйл ажиллагаа сайжирчээ11. Мөн цахилгаан цочруулыг шилбэний булчингийн ядралыг бууруулах, хэсэг газрын үрэвслийг бууруулах зорилгоор хэрэглэхэд эерэг үр дүн илэрч, алхааны бэрхшээлийг бууруулсан байна12. Гарын булчингийн ядралд бага давтамжтай цахилгаан цочруулыг хэрэглэхэд булчингийн цахилгаан бичлэгт булчингийн агших чадвар сайжирсан үр дүн гарсан13. Aрхаг цус харвалттай, доод мөчдийн булчингийн чангарсан саатай 22 хүнд цахилгаан цочруулыг үйлчлүүлсэнээр булчингийн чангарлыг бууруулж, тэнцвэрийг нэмэгдүүлсэн ба цахилгаан цочруул нь гамма амино тосны хүчлийн (GABA) ялгаралтыг сайжруулан, булчингийн тонусыг бууруулж, тайвшруулдаг гэсэн байна14. Үүнээс гадна TENS нь төвийн хоригийг идэвхжүүлж, сэрлийг дарангуйлснаар нугасны ноцицептор нейроны сэрлийг дарангуйлдаг15. Ингэснээр өвдөлтийг намдаах үйлчлэл үзүүлдэг.
Цахилгаан цочруулыг хагалгааны дараах эмчилгээнд өргөн ашигладаг. Доод мөчний үе солих хагалгааны дараа, ялангуяа өвдөгний үе солих хагалгаа (Total knee arthroplasty) хийж байх үе болон дараа нь гүний венийн тромбоз, венийн тромбоэмболизм үүсэх эрсдэл нэмэгддэг. Тухайлбал, гүний венийн тромбоз хагалгаа хийлгэсэн эхний өдөр 47 хувиар, 4-7 дах өдөр 54 хувиар нэмэгддэг. Хагалгааны дараа тухайн хэсэгт TENS-ийг үйлчлүүлэхэд цусан хангамжийг нэмэгдүүлэн, эргэлтийг сайжруулж судсанд тромбо үүсэхээс сэргийлдэг байна16. Мөн хагалгааны дараа халдвар авах, хүндрэл гарах магадлал өндөр байдаг. Тархины краниотоми хагалгааны дараах хүндрэл өгснөөр төв мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй. Цахилгаан зүү болон TENS-ийг зүүний LI4 (Hegu), TE5 (Waiguan), BL63 (Jinme), LR3 (Taichong), ST36 (Zusanli), GB40 (Qiuxu), BL10 (Tianzhu), GB20 (Fengchi), BL2 (Cuanzhu) болон EX-HN4 (Yuyao) цэгүүдэд үйлчлүүлж үр дүнг тооцоход хагалгааны дараах дархлааны тогтолцоог дэмжиж, үрэвслийг бууруулсан17.
2. Kankaanpaa. M, Taimela.S, Airaksinen.O, et al. The Efficacy of Active Rehabilitation in Chronic Low Back Pain: Effect on Pain Intensity, Self-Experienced Disability, and Lumbar Fatigability. Spine (Phila .Pa 1976). 1999; 24(10): 1034-42.
3. Christophe Demoulin, Mathieu Boyer, Jacques Duchateau, Stephanie Grosdient et al., Is the Sorenson test valid to assess muscle fatigue of the trunk extensor muscles. J.Back. Musculoskelet. Rehabil. 2015; (00): 1-10.
4. Han J, Park S, Jung S, Choi Y, Song H. Comparisons of changes in the two-point discrimination test following muscle fatigue in healthy adults. J Phys Ther Sci. 2015; 27(3):551-554.
5. Kim SB, Lee NR, Park SW, Ahn SJ et al., Electromagnetic acupuncture to enhance the effects of manual acupuncture on recovery from muscle fatigue of the quadriceps. J Acupunct Meridian Stud. 2014; 7 (5):250-257.
6. A.F.Mannion, G.A.Dumas, R.G.Cooper, F.J.Espinosa, M.W.Faris et al., Muscle fibre size and type distribution in thoracic and lumbar regions of erector spinae in healthy subjects without low back pain: normal values and sex differences. J.Anat.(1997)190, pp 505-513
7. Brian C.Clark, Todd M.Manini, John M. Mayer et al., Electromyographic activity of lumbar and hip extensors during dynamic trunk extension exercise. Arch Phys Med Rehabil 2002, 83:1547-52.
8. Kollock R, Van Lunen BL, Ringleb SI, Onate JA. Measures of functional performance and their association with hip and thigh strength. J.Athl Train. 2015;50(1):14-22.
9. Дашзэвэг.Г, Лхагвасүрэн.Ц, Батмөнх.Г, Лхагва.Л, нарын. Хүний физиологи. 3 дахь хэвлэл. УБ: 2011. х. 108-118.
10. Han JH, Kim MJ, Yang HJ, Lee YJ, Sung YH. Effects of therapeutic massage on gait and pain after delayed onset muscle soreness. J Exerc Rehabil. 2014;10(2):136-140.
11. Junhyuck Park, Dongkwon Seo, Wonjae Choi, Seungwon Lee. The effects of exercise with TENS on spasticity, balance, and gait in patients with chronic stroke: A randomized controlled trial. Med Sci Monit. 2014; 20: 1890-1896.
12. Anderson.S.I, Whatling.P, Hudlicka.O et al., Chronic Transcutaneous electrical stimulation of calf muscles improves functional capacity without inducing systemic inflammation in claudicants. Eur J Vasc Endovasc Surg. 2004; 27(2):201-209.
13. Kafri M, Zaltsberg N, Dickstein R. EMG activity of finger flexor muscles and grip force following low - dose transcutaneous electrical nerve stimulation in healthy adult subjects. Somatosens Mot Res. 2014; 25: 1-7.
14. Hwi-young Cho, Tae Sung In, Ki Hun Cho, Chang Ho Song. A single trial of transcutaneous electrical nerve stimulation improves spasticity and balance in patients with chronic stroke. Tohoku J. Exp.Med.2013; 229,187-193.
15. Maeda Y, Lisi TL, Carol GT Vance, Sluka KA. Release of GABA and activation of GABAa in the spinal cord mediates the effects of TENS in rats. Brain Res. 2007; 1136(1):43-50.
16. Masashi Izumi, Masahiko Ikeuchi, Koji Aso, Natsuki Sugimura et al., Less deep vein thrombosis due to the transcutaneous fibular nerve stimulation in total knee arthroplasty: a randomized controlled trial. Knee Surg Sports Traumatol Arthrosc. 2014; 10.1007/s00167-014-3141.
17. Guoyan Li, Shuqin Li, Lizhi Sun, Fangcai Lin. A comparison study of immune-inflammatory response in electroacupuncture and transcutaneous electrical nerve stimulation for patients undergoing supratentorial craniotomy. Int J Clin Exp Med. 2015; 8(2): 2662–2667.