Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 1(57)
Артерийн гипотони бүхий жирэмсэн эмэгтэйн гемодинамикийн ба электролитын зарим өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

Т. Зэвгээ

Анагаах ухааны дээд сургууль

 

Манай улсын анагаах ухааны эрдэм судлалын шийдвэрлэх зангилаа асуудалд эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах, түүний дотор жирэмслэлтэй холбоотой эмгэг өвчнийг судлах явдал онцгой байр эзэлдэг. Артерийн гипотони нь жирэмсний хэвийн явц ба төрөлтөд муугаар нөлөөлж ноцтой хүндрэл үзүүлдэг. Төрөх насны эмэгтэйчүүдэд харьцангуй элбэг тохиолддог нь бидний анхаарлыг зүй ёсоор татсан юм. Жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолдож байгаа артерийн гипотонийн тодорхой хэлбэрүүдийн үед гемодинамикийн үндсэн гол үзүүлэлтүүдийг иж бүрнээр судлан, тэдгээрийн өөрчлөлтийг тодорхойлж, түүнийг электролитын зарим чухал үзүүлэлттэй холбон жирэмсний динамик явцад бүрэлдэх судасны тонусьн алдагдах механизмын эмгэг жам, шалтгаан үр дагаврын харилцан нөлөөллүүдийг тогтоосон онол практикийн ач холбогдолтой дүгнэлтүүд гарлаа. Судалгааны ажлын үр дүнд гарсан дүгнэлтүүдэд үндэслэн эмч, судлаачид ялангуяа төрөх, эх барихын эмч нарт зориулан дараах үндсэн асуудлыг зөвлөж байна.

1.  Судалгаанд хамрагдсан артерийн гипотони бүхий жирэмсэн эмэгтэйчүүдийг дотор нь үндсэн 2 бүлэгт хувааж, I бүлэгт тухайн жирэмсний явцад гипотони болсон, II бүлэгт жирэмслэхээс өмнө артерийн гипотонитой байсан гэж ялгаж оношлон, энэ бүлэгтээ физиологийн ба анхдагч гипотонитой эмэгтэйчүүдийг хамруулсан юм. Үүнээс үзэхэд жирэмсэн эмэгэйчүүдэд артерийн гипотони нь дээрх 2 байдлаар тохиолддог байна.

2.  Артерийн гипотони бүхий хоёр бүлэгт хамаарагдах жирэмсэн эмэгтэйчүүдэд артерийн даралтын бүх хэмжээ (бага, дунд, хажуугийн ба их даралт, гемодинамикийн түлхэлт, лугшилтын даралт) мөн булчинлаг судсаар долгион тарах хурд, судасны тонус, вений даралт тус тус хяналтын бүлгээс мэдэгдэхүйц бага болсныг тодорхойлж, артерийн гипотонийн үед ге­модинамикийн үндсэн гол үзүүлэлтүүдийн талаар онцлог өөрчлөлтүүд гардаг болохыг нотлов.

3. Гемодинамикийн эдгээр үзүүлэлтийн талаас гарсан өөрчлөлтийг дээрх хэлбэрийн артерийи гипотонитой жирэмсэн эмэгтэйчүүдэд харьцуулан үзэхэд эхний хэмжилтээр онцын ялгаа байхгүй байсан боловч, жирэмсний бүх хугацааны динамиктай нь уялдуулан судлахад ялгагдах онцлог өөрчлөлт байгаа нь тогтоогдов.

Тухайлбал I бүлгийн гипотони бүхий жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсний хугацаа ахих тутамд артерийн даралтын бүх хэмжээ нэмэгдэж байхад анхдагч гипотонитой эхчүүдэд эмчилгээг эрчимжүүлэхгүй бол жирэмсний бүх хугацаанд цусны даралт нэг хэвийн бага, харин физиологийн гипотонитой эмэгтэйчүүдэд жирэмсний сүүлийн сард даралтын бүх хэмжээ мэ-
дэгдэхүйц ихсэж байгаа юм. Үүний ззрэгцээ артерийн гипотонийн хэлбэр, жирэмсний хугацаанаас шууд хамаарч артерийн даралтын хэмжээ өөрчлөгдөж байгаатай уялдаж гемодинамикийн бусад гол үзүүлэлтийн талаас мөн адил ялгагдах онцлог өөрчлөлтүүд гарч байгааг тогтоов.                                  

4. Электролитийн зарим үзүүлэлтийн хувьд жирэмсэн эмэгтэйчүүдэд цусны плазмын натрийн хэмжээ жирэмсэн бус эмэгтэйчүүдийнхээс харьцангуй их байна. Харин артерийн гипотони бүхий эмэгтэйчүүдэд плазмын натрийн хэмжээ багасч, эритроцитод байх хэмжээ нь I бүлгийн ба анхдагч гипотонитой жирэмсэн эмэгтэйчүүдэд харьцангуй бага гарч байна. Үүний зэрэгцээ жирэмсний хугацаа ахих тутам цусны плазм ба эритроцитод байх натрийн хэмжээ эрүүл жирэмсэн ба артерийн гипотонитой эхчүүдэд жирэмсний бүхий л хугацааны турш багасч, жирэмсний сүүлийн сард плазмын натрийн хэмжээ бага хэмжээтэй нэмэгдэх зэрэг жирэмсний хугацаа, артерийн гипотонийн хэлбэрээс шууд хамаарч зохих онцлог өөрчлөлт гардаг байна.

5.  Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдэд электролитийн хэмжээ, гемодинамикийн зарим үзүүлэлт, мөн тэдгээрийн өөрчлөлтүүдийн хооронд харилцан хамааралтай болохыг жишиж судалж эритроцитод байх натрийн хэмжээ артерийн дунд даралтын хооронд шууд хамаарал байгааг анхаарч иж бүрэн эмчилгээ хийх нь  ашигтай.

6.  Жирэмсэний хугацааны хөдлөл зүйтэй   уялдуулан артерийн гипотонийн тодорхой  хэлбэрүүдийн   үед гемодинамикийн
ба электролитийи зарим онцлог өөрчлөлт   байгааг илрүүлснээр жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолдох артерийн гипотонийг ялгаж оношлох, артерийн гипотонитой  жирэмсэн  эмэгтэйчүүдэд жирэмсний болон төрөх үед эх, хүүхдийн талаас гарах хүндрэл, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга барилыг боловсруулахад ялгавартай хандах шаардлагатай юм. Иймээс артерийн гипотони бүхий жирэмсэн эмэгтэйчүүдийг онцгой хяналтанд авч долоо хоног тутамд үзэж гемодинамикийн ба электролитийн дээрх үзүүлэлтүүдийг тодорхойлж, аль хэлбэрийн гипотони болохыг эрт ялган оношилж эмгэг жамын үндэслэл бүхий эмчилгээний болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг тусгайлан боловсруулж, түүнийгээ хатуу баримтлаж жирэмсэний явцад байнга хянаж ажиллах явдал онцгой шаардлагатай төдийгүй, улмаар төрөлтийг удирдах тактикийг зөв сонгон мөрдөх практикийн чухал ач холбогдолтой онолын үндэслэл болох юм.

Редакцид ирсэн 1985—1 1 — 14

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 370
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК