Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 2(144)
Зарим төрлийн зөгийн балны химийн найрлагын судалгаа
( Судалгааны өгүүлэл )

С.Өнөрсайхан, Б.Цэцэгсүрэн 

Эрүүл мэндийн хүрээлэн

 
Абстракт

Introduction
Honey is old written history dating back to 7000 years ago. In the old, Australian beekeepers was often referred as the honey was called “Liquid gold”, high medical and treatment praise indeed. In days of old, honey has been used not only in food and beverages but also for medicinal purposes. As an antibacterial agent and biological high activity honey may have the potential for treating a variety of ailments.

There are as many kind of honey, since the honey is directly influenced by the different content, geographical status, various floral sources and process of obtaining honey. There is also various form of honey, including liquid, comb, and cat comb, solid (granulated or crystallized).

Honey is a mixture of sugars and other compounds and contains trace amount of several vitamins and minerals as with all nutritive sweeteners. Honey is quickly absorbed into the blood stream giving a quick energy boost to the body. Honey also contains amino acids, macro, micro elements, vitamins and minerals. Topical use of honey may reduce cholesterol in blood swelling and scarring. Therefore, honeys have been using not only for medical purposes but also to make raw materials for industrial agricultural, cosmetics and cosmic field. There were noticed, since 12 -14 century developed apiculture and used honey products in Mongolia. However, since 1959 established many beekeeping in Selenge, Hentii, Dornod, Gobi-Altai, Uvs, Hovd aimags and developed modern apiculture in our country but, now majority of percent of honey products imported from other country such as China, Poland, Bulgaria and Russia. There have a investigating data of honey consumption per annual for one person (approximately 1, 8 kg honey per one person) Even this, 2; 4 million population must be use 4320 tons of honey per year. Every year only 0, 19% 8-9 tons of honey product were made by local beekeepers. Therefore most of honey imported from outside.

The Customs annual data shows that during the last three years 24 tons of honey registries by declaration imported into our country. Laboratory data shows that some imported honey and local honeys were observed negatively, honey contaminated and some case were allegedly being transshipped through many countries and to evade Mongolian anti-dumping duties investigation laboratory data of imported honey was very few, in our country.
The aim of this work is to determine chemical, physical composition of some imported and local honey that sold in UB city market.

Objectives:

  1.  Identification of physical characteristics
  2. To determine chemical substances
  3. To determine minerals in honey
  4. To identify antibacterial characters
  5. To identify of pollen grains from different kind of honey

Materials and Methods
Six honey samples of imported and locally produced origin were collected.
‘‘Miod’’ made in Poland by Jamar Co., ltd
‘‘Pure honey’’ made in China.
‘‘Natural honey’’ made in Russia.
‘‘Ulemjiin chanar’’ made I Mongolia by Bayangol am Co, ltd
‘‘Tesiin gol’’ made in Mongolia from Uvs apiculture.
‘‘Selenge’’ made in Mongolia from Selenge aimag Sukhbaatar soum apiculture. Honey was analyzed by tray methods approved National Standard Organization such as MNS 4933:2000; MNS (CAC) 4733:99 Physic-chemical analysis; color (optical comparative method) moisture, pH, glucose and fructose content, ash, vitamin C density (by aerometer ÀSPÒ 323),viscosity (by viscometer R1) were considered.

Results
Studies on three samples of locally produced honey three samples from imported honey that sold in Ulaanbaatar city market and determined sensory chemical, physical, trace element and heavy metals analysis as well as pollen identification. Measurements of some trace elements also indicated differences that would affect the quality of the honey samples during transportation storage and manufacturing processes.
Laboratory data shows that some imported honey and local honeys were observed negatively, honey contaminated and some case were allegedly being transshipped through many countries and to evade Mongolian anti-dumping duties investigation laboratory data of imported honey was very few, in our country.

Key words: Honey, Chemical Composition, Physical Composition
Pp.49-52, Tables 4, References 9

Үндэслэл:

Хүн төрөлхтөн одоогоос 7000 жилийн тэртээгээс зөгийн балыг хүнсэндээ хэрэглэж эхэлсэн талаар тэмдэглэн бичсэн байдаг. Мөн тэр л үеэс зөгийн балны зарим төрлийн өвчин эмгэгийн анагаах чанарыг таньж мэдсэн ба ингэснээр дэлхийн бараг бүх үндэстний уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгдэх болсон байна. Үүний нэг жишээ бол Австралийн зөгийчид балыг байгалийн «шингэн алт» гэж нэрлэдэг бөгөөд зөгийн бал нь хүний биед сайн шингэдэг, биологийн өндөр идэвхтэй, энерги ихтэй бүтээгдэхүүн учир дэлхийн олон оронд түгээмэл хэрэглэдэг бүтээгдэхүүний нэг болсон түүхтэй [1].

Зөгийн балны шинж чанар тухайн орон нутгийн цаг агаар, ургамлын төрөл, зүйлийн бүрэлдэхүүн, боловсруулах арга зэрэг маш олон хүчин зүйлээс хамаарна. Балыг боловсруулж бэлтгэх аргыг нь үндэслэн хандалсан, шахаж гарган авсан, шүүсэн зөгийн бал гэж ангилан үздэг байна [2].Зөгийн баланд хүний бие махбодод нэн шаардлагатай макро болон микро элемент, витамин, амин хүчил их байдаг ба мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, дотоод шүүрлийн булчирхайн үйл явцыг идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй байдаг. Болгарын эрдэмтэн С.Младенов гучин есөн төрлийн зөгийн балыг судлан түүнд берилий, бор, висмут, бари, ванадий, германий, кали, кобальт, кальци, литий, магни, зэс зэрэг элементүүдийг илрүүлсэн байна [3]. Үүний зэрэгцээ цацраг идэвхт бодис организмд шимэгдэх үйл явцыг саатуулах үйлчилгээтэйн дээр антиоксидант шинжтэй учир сансар судлалын салбарт ч хэрэглэгдэх болсон байна[4-6].

Манай орны хувьд XII-XIY зууны үеэс зөгийн аж ахуйг эрхлэн балыг нь хэрэглэж байсан тухай эртний ном сударт өгүүлсэн байдаг. 1959 оноос Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Говь-Алтай, Увс, Ховд зэрэг аймагт зөгийн аж ахуй байгуулагдан зөгий өсгөн үржүүлж бал гарган авч ирсэн хэдий боловч өнөөдөр манай улсын зөгийн балны хэрэгцээний дийлэнх хэсгийг импортоор хангаж байгаа юм [7].

Нэг хүнд жилд физиологийн нормоор 1.8 кг цэвэр зөгийн бал хэрэгтэйг судалгаагаар гаргасан байдаг. 2.4 сая хүн амтай манай улсад 4320 тн бал хэрэгтэй. Улсын хэмжээгээр жилд ойролцоогоор 8­9 тн бал үйлдвэрлэснээс үзэхэд хэрэгцээт балны 0.19%-ийг эзэлж байна. Иймээс манайд импортоор их хэмжээний бал орж ирдэг. Гаалийн газрын судалгаанаас үзэхэд сүүлийн гурван жилд Польш, Хятад, Орос, Болгар зэрэг орноос дунджаар 24 тн зөгийн бал орж ирсэн гэсэн тооцоо байдаг байна [8, 9].

Манай оронд гарган авсан болон импортоор орж ирж байгаа зарим төрлийн зөгийн балны хими, физикийн үзүүлэлт, тэдний онцлогийн талаар хийсэн судалгаа хомс байна. Иймээс бид зарим нэр төрлийн зөгийн балны химийн найрлагыг тогтоох судалгааг гүйцэтгэлээ.

Түлхүүр үгс: зөгийн бал, химийн үзүүлэлт, физикийн үзүүлэлт

Зорилго:

Худалдааны зах,дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа дотоодын болон импортын зарим нэр төрлийн зөгийн балны хими, физикийн гол үзүүлэлтийн идэвхийг тодорхойлж, харьцуулалт хийн үнэлэлт дүгнэлт өгөхөд тус судалгааны ажлын зорилго оршиж байна. Бид дээрх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах хэд хэдэн зорилтыг тавьж ажилласан.

Зорилтууд:

  1. Зөгийн балны физикийн болон мэдрэхүйн үзүүлэлтийг судлан тогтоох
  2. Зөгийн  балны  химийн  гол үзүүлэлтүүдийг тодорхойлох
  3. Баланд агуулагдах эрдэс бодисын хэмжээг тодорхойлох

Судалгааны обьект:

Улаанбаатар хотод зонхилон худалдаалагдаж буй импортын болон дотоодын үйлдвэрлэгчдийн дараах 6 нэр төрлийн зөгийн балыг судалгааны дээж болгон сонгон авсан болно. Үүнд:

  • Польш улсад үйлдвэрлэсэн «Jamar» ХХК-ны «Miod» зөгийн бал
  • Хятад  улсад  үйлдвэрлэсэн   «Pure honey» зөгийн бал
  • ОХУ-д   үйлдвэрлэсэн   «Натуральный мөд» зөгийн бал
  • «Баянголын ам» ХХК-ны «Үлэмжийн чанар» зөгийн бал
  • Увс аймаг дахь «Тэсийн гол» балт зөгийн аж ахуйн бал
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын зөгийн аж ахуйн бал

Судалгааны арга зүй:

Уг судалгааны ажлыг УМХГ-ын НТЛаборатори, ШУТИС-ийн Хүнс Биотехнологийн Сургуулийн Химийн задлан шинжилгээний лаборатори, НЭМХ-ийн ЭМЛЛабораторид хийж гүйцэтгэсэн болно.

Зөгийн балны цэцгийн тоосыг MNS 4933:2000, чийглэг, үнслэг, нийт хуурай бодис, энгийн сахар, усанд үл уусах хуурай бодисын хэмжээ, орчны рН, «С» витамины хэмжээг MNS(CAC) 4733:99 стандарт аргуудаар шинжлэн тогтоож, нягтыг ареометр АСПТ °323 багажаар, зуурамтгай чанарыг Viscometer R1 багажаар тус тус шинжилсэн.

Судалгааны үр дүн:

Зөгийн бал нь түүнийг цуглуулсан ургамал цэцгийн төрөл зүйлээс хамаарч өнгөгүй тунгалагаас хүрэн, хар бараан байдаг. Судалгаанд сонгон авсан зөгийн балны мэдрэхүйн эрхтний үзүүлэлтийн үр дүнгээр дээжүүд цайвар шараас бор шаргал өнгөтэй байлаа. Харин «Miod» зөгийн бал нь хурц содон үнэртэй, «Pure honey» бал түлэнхий үнэртэй байгаа нь боловсруулалтын явцад хэт халаасантай холбоотой байж болох юм. «Үлэмжийн чанар» бал бага зэрэг исгэлэн үнэртэй байгаа нь чийг ихтэй савласантай холбоотой байж болно. Харин бусад бал ерөнхийдөө зөгийн балны өвөрмөц үнэртэй, мэдрэхүйн эрхтний үнэлгээний зохих шаардлагыг хангаж байлаа. 20оС-ын дулаанд байгаа балыг халбагаар хутгаж дээш өргөхөд унжралдсан байдалтай байхын зэрэгцээ эргүүлэхэд халбаганд тасрахгүй, ороогдож байвал үүнийг зөгийн балны «болц гүйцсэн» байна гэж үздэг. Дээрх туршилтыг судалгаанд сонгон авсан зөгийн баланд хийхэд дотоодод үйлдвэрлэсэн бүх балны болц бүрэн гүйцсэн гэсэн үнэлгээ авсан бол «Miod», «Pure honey», «Үлэмжийн чанар» бал дээрх шаардлагыг хангахгүй байсан нь эдгээр балны болц гүйцээгүй байна гэдгийг харуулж байна.

Судалгаанд сонгон авсан зургаан зөгийн балны нягт, механик хольц, зуурамтгай чанар зэрэг стандарт үзүүлэлтийг тодорхойлсон ба үр дүнг Хүснэгт 1-д үзүүллээ. Зөгийн балны талсжих байдал нь түүний жинхэнэ байгалийн гаралтай эсэхийг тодорхойлдог нэг гол үзүүлэлт бөгөөд «Miod», «Pure honey» бал огт талст үүсгэхгүй байсан бол дотоодын болон «Натуральный мөд» баланд талсжилт сайн явагдаж байв.

Хүснэгт 1. Зөгийн балны физикийн үзүүлэлт

Зөгийн балны нягт нь түүний удаан хадгалагдах чадварыг тодорхойлох үзүүлэлт бөгөөд судалгаанд хамрагдсан бүх балны нягт ерөнхийдөө ойролцоо (1.098 -1.115 г/см3) байгаа нь эдгээр бүтээгдэхүүний хадгалалт харьцангуй урт байна гэж үзэж болно.

Зөгийн балны механик хольцын хэмжээ 0.1%-иас ихгүй байх шаардлага тавигддаг бол бидний тодорхойлсон байдлаар бүх төрлийн баланд уг үзүүлэлт өндөр гарсан юм. Ялангуяа «Miod» балны механик хольц стандарт үзүүлэлтээс 15 дахин, «Pure honey» баланд 6 дахин, «Сэлэнгэ» баланд 8 дахин өндөр байгааг тогтоолоо. Энэ бүгдээс дээрх бүх нэр төрлийн зөгийн балыг механик хольцоос цэвэрлэх ажиллагаа   туйлын   хангалтгүй   хийгджээ гэсэн дүгнэлтийг хийж байна. Зөгийн балны зуурамтгай чанар түүний талсжих шинжтэй шууд холбоотой байдаг. «Сэлэнгэ» баланд зуурамтгай чанар өндөр гарсан нь тухайн балны талсжилт өндөр байсантай, харин «Miod», «Pure honey» бал огт талсжихгүй байгааг тэдний зуурамтгай чанар бага байсантай холбон тайлбарлаж болох юм.

Зөгийн балны хүнсний шаардлагыг хангаж байгаа эсэхийг түүний химийн үзүүлэлтүүд тодорхойлдог ба стандарт шаардлагын хүрээнд заавал тогтоосон байхаар заасан чийг, ерөнхий чихэрлэг, ангижруулагч сахар, сахароза, үнслэг, рН, витамин С-ийн агууламж зэрэг үзүүлэлтийг Хүснэгт 2-д үзүүллээ.

Хүснэгт 2. Зөгийн балны химийн үзүүлэлтүүд

Зөгийн баланд агуулагдах чийглэгийн хэмжээг стандартад 21%-иас ихгүй байхаар заасан байдаг. Судалгаанд авсан бараг бүх төрлийн зөгийн балны чийглэг зохих шаардлага хангаж байсан бөгөөд харин «Үлэмжийн чанар» балны чийг бага зэрэг өндөр байсан нь түүний исгэлэн амт, үнэрийг бий болгоход нөлөөлсөн байж болох юм.

Ерөнхий чихэрлэгийн хувьд бүгд ойролцоо (78.6-82.1%) байсан бөгөөд стандартын шаардлагыг хангаж байна гэж дүгнэж болно. Зөгийн балны хүнсний тэжээллэг чанарыг тодорхойлох хамгийн гол үзүүлэлт бол түүний ангижруулагч сахарын хэмжээ байдаг. Балны ангижруулагч сахар (моносахаридууд) 65%-иас дээш байх шаардлага тавигддаг байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд бүх нэр төрлийн зөгийн бал дээрх шаардлагыг хангаж байгаа боловч манай орны аж ахуйн зөгийн бал «Miod», «Pure honey» балнаас бага зэрэг өндөр (1.07, 1.09 дахин) үзүүлэлттэй байгаа нь харагдлаа.

«Натуральный мөд» болон манай орны аж ахуйн зөгийн баланд сахароз 7.2-8.2 % агуулагдаж байгаа нь зөгийн балны стандартад сахароз 10 хүртэл хувиар агуулагдаж болно гэсэн заалтыг хангаж байна. Харин «Miod», «Pure honey» баланд энэ үзүүлэлт өндөр (12.4-14.6%) байгаа нь зарим талаар тээвэрлэлт, хадгалалтыг даах чадварыг нэмэгдүүлэх, муудаж гэмтэхээс сэргийлэх зорилгоор сахароза (сахар) нэмсэн байж болох талтай. Зөгийн балан дахь сахарозын хэмжээ өндөр байх нь түүний эмчилгээний болон хүнсний үнэт чанарыг бууруулдаг байна. Зөгийн балны үнслэг стандартад зааснаар 0.6%-с ихгүй байх өстой. Эдгээр 6 төрлийн зөгийн балны хувьд энэ шаардлагыг хангаж байсан боловч нэр төрөл бүрийг хооронд нь харьцуулахад «Натуральный мөд» болон «Тэсийн гол» балных хамгийн өндөр (0.56% ба 0.36% ) байгаа бол «Сэлэнгэ» балных хамгийн бага (0.089%) байна. Энэ үзүүлэлт нь зөгийний бал цуглуулсан ургамлын онцлогоос ихээхэн шалтгаалдаг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг.

Зөгийн балны найрлаганд олон төрлийн хүчлийн бодис агуулагддаг учир нилээд хүчиллэг шинжтэй бүтээгдэхүүн учир орчны хүчиллэг чанар рН-ийн үзүүэлэлт зөгийн балны бас нэгэн гол чухал үзүүэлэлт болдог. Стандартад балны орчны рН нь 4 хүртэл байхыг зөвшөөрдөг ба судалгааны бүх дээж дээрх шаардлагыг хангаж байлаа. Зөгийн бал хүчиллэг байдаг учир өвчин болон хордлого үүсгэгч бичил биетний үржлийг саатуулах, зогсоох үйлчилгээ үзүүлдэг байна.

Баланд төрөл бүрийн амин дэм, янз бүрийн хэмжээтэй агуулагддаг бөгөөд ялангуяа С амин дэм бусад төрлийн витаминуудаас харьцангуй их байдаг. Манай оронд үйлдвэрлэсэн болон «Натуральный мөд» зөгийн балны «С» витамины агууламж ерөнхийдөө ойролцоо түвшинд (43,6-50.4%) байгаа бол «Miod», «Pure honey» зөгийн баланд С амин дэмийн агууламж (15,35-16,67%) эдгээр балнаас даруй 3 дахин бага байгаа юм. С амин дэм нь маш тогтворгүй, амархан задардаг бодис бөгөөд хадгалах, тээвэрлэх, боловсруулах явцад алдагдсан байж болох талтай.

Бидний хийсэн судалгааны үр дүнд Польш, Хятад улсаас импортлогдож байгаа «Miod», «Pure honey» 2 төрлийн зөгийн балны химийн үзүүлэлтүүд стандартын шаардлага хангахгүй болох нь тогтоогдов.

Эрдэс бодис нь хоол тэжээлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг биш боловч хүний бие организмд олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрдэс бодис нь протоплазм болон биологийн шингэнд агуулагдаж осмос даралтыг хэвийн түвшинд барих үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Осмос даралтын түвшин тогтмол байх нь эд эсийн хэвийн оршин тогтнох үндсэн нөхцөл юм.

Иймээс зөгийн баланд агуулагдах эрдэс бодисын бүрэлдэхүүн, хэмжээ нь түүний тэжээлийн үнэт чанарыг тодорхойлох гол үзүүлэлтийн нэг гэж үздэг байна. Бид судалгаанд авсан 6 төрлийн баланд 12 элементийн хэмжээг тодорхойлж Хүснэгт 3-д нэгтгэсэн байдлаар үзүүлэв. Хүснэгт 3-аас харахад «Натуральный мөд» болон «Тэсийн гол» зөгийн балны эрдэс бодисын хэмжээ бусдаасаа харьцангуй өндөр байна. Энэ нь тухайн газар орны цаг агаар, уур амьсгалаас хамаарч тухайн газар оронд өвөрмөц шинж чанар бүхий ургамал ургадагтай холбоотой байж болох юм.

Хүснэгт 3. Зөгийн баланд агуулагдах химийн элементүүдийн эзлэх хэмжээ

Эдгээр зөгийн баланд хүний биед шаардлагатай гол макро, микро, ультра микро (хэт бичил) элементийн ихэнх нь стандартад зөвшөөрөгдөх түвшингээс хэтрэхгүй хэмжээгээр агуулагдаж байна. Хэрэв хүний бие организмд тун бага хэмжээгээр шаардагддаг эдгээр эрдэс бодисын хэмжээ илүүдэл болж эхэлбэл бие махбодод хажуугийн нөлөөг үүсгэж, янз бүрийн өвчин үүсгэх шалтгаан болж өгдөг. Иймээс хүний биед шаардлагатай химийн элементүүдийг зөвшөөрөгдөх хэмжээнд агуулж байдаг нэг чухал эх үүсвэр нь зөгийн бал юм.

Дүгнэлт

Монголчуудын өргөн хэрэглэдэг Miod (Польш), Pure honey (БНХАУ), Натуральный мөд (ОХУ), Үлэмжийн чанар (Батсүмбэр), Тэсийн гол (Увс), Сэлэнгэ (Сүхбаатар) зөгийн балнуудын химийн найрлагын судалгааг гүйцэтгэж дараах дүгнэлтэнд хүрлээ.

  1. «Miod» (Польш), «Pure honey»(Хятад) зөгийн балнуудын мэдрэхүйн болон физикийн зарим үзүүлэлтүүд стандартын шаардлагыг хангахгүй байсан төдийгүй бүх төрлийн балны нягт (1.098-1.115 г/см3), механик хольц 5-15 дахин өндөр байв.
  2. Ихэнх балны ерөнхий чихэрлэг, үнслэг, рН, ангижруулагч сахар, сахарозын үзүүлэлтүүд стандартын шаардлагыг хангаж байна. Харин «Miod», «Pure honey» баланд ангижруулагч сахар (67.2%- 69.6%), «С» витамин (16.672%-15.345%)-ы хэмжээ бага, сахароз(14.6%-12.4%)-ын хэмжээ стандартаас өндөр байгаа нь дээрх бүтээгдэхүүн хүнсний болон эмчилгээ сувиллын үнэт чанар багатай болохыг харуулж байгаа юм.
  3. «Натуральный мөд», «Тэсийн гол» балны эрдэс бодисын хэмжээ бусдаасаа бага зэрэг өндөр байгаа боловч ерөнхийдөө сонгон авсан 6 зөгийн баланд агуулагдах макро, микро, ультра микро (хэт бичил) элементүүд зөвшөөрөгдөх түвшингээс ихгүй байгааг тогтоолоо.
  4. Судалгаанд хамрагдсан дотоодын болон импортын 6 нэр төрлийн зөгийн балнаас Хятад, Польш улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гол үзүүлэлтүүд (үнэр, амт, зуурамтгай чанар, механик хольц, сахароза, витамин С г.м.) стандартын шаардлага хангахгүй байгаа ба эдгээрийг байгалийн гаралтай цэвэр зөгийн бал гэж үзэх боломжгүй юм.
Ном зүй

1. Сэлэнгэ Д, «Зөгий, бал, лав», УБ хот. 1989 он.
2. Очирбат Г, «Зөгийн ашиг шим», УБ хот. 1988 он.
3. http://www.beer with honey.com
4. (www.elsevier.com/locate/foodchem)
5. http://www.honey.com
6. http://www.beer.yandex.ru
7. Баатарсайхан С, «Зөгий нисдэг эм зүйч», УБ хот. 1997он.
8. «Монгол улсын стандарт» MNS (CAC) 4933:2000
9. Food chemistry 97(2006) 705-711
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Энэбиш


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3544
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК