Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2012, 1(11)
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрүү нүүрний мэс заслын тасгийн түүх хөгжил дэвшлийн төлөөх 20 жил
( Түүх )

Г.Аянга

ЭХЭМҮТ

 
Абстракт

1956  онд ЗХУ-ын  Ленинград хотын  Шүдний дээд сургуулийг таван  монгол оюутан дүүргэсэн нь манай улсын анхны шүдний эмч нар  байлаа. Улмаар  тэдний  нэг болох Ц.Цэрэн  эрүү нүүрний мэс засалчийн нарийн төвөгтэй боловч бахархалтай   мэргэжлийг   сонгон, олон   жил амжилттай ажилласан билээ.

1963 онд Нэгдсэн 3-р эмнэлгийн  мэс заслын тасагт  эрүү нүүрний   мэс заслын 10 ор ажиллуулж их эмч Ц.Цэрэн, ЗХУ-ын мэргэжилтэн Б.Л.Павловын  хамт   эрүү нүүрний   мэс  заслын эмгэгтэй   өвчтөн  үзэж оношлон,  мэс   заслын эмчилгээ  хийж эхэлсэн  байна.  Ахмад эмч, АУ-ы доктор Ц.Цэрэнгийн  дурссанаар: “...багштайгаа хийсэн  анхны хагалгаа  бол   уруулын   сэтэрхийд хийсэн  хейло-уранопластика байлаа. Хоёр дахь том хагалгаа  маань хамаргүй хүнд  Филатовийн аргаар хамар хийсэн билээ. Тэр үед жижиг охин байсандаа... том болсон хойно нь би тааралдсан тун сайн явж байсандаа...” гэжээ.

 

Улмаар  1971 онд Улсын  клиникийн  төв эмнэлэгт эрүү нүүрний  мэс заслын тасаг бие даан эмхлэн байгуулагдаж, хүүхэд, насанд хүрэгчдэд энэ   чиглэлийн  мэргэжлийн   тусламж,  үйлчилгээ үзүүлж эхэлжээ.

Өдгөөгөөс 20 жилийн өмнө буюу 1992 оны 10 сард Нийслэлийн эрүүл мэндийн газрын  даргын тушаалаар ЭХЭМХЭШТ-д (хуучин нэрээр) хүүхдэд эрүү  нүүрний   мэс  заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн  тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх хүүхдийн эрүү нүүрний  мэс заслын тасаг байгуулагджээ. Тасаг байгууллагдахад тухайн үед ЭХЭМХЭШТ-ийн хүүхдийн мэс заслын клиникийн  эрхлэгчээр ажиллаж байсан  Б.Батсүх эмчийн нөр их зүтгэл,  хүчин  чармайлт  ихээхэн үүрэг гүйцэтгэсэн  байдаг. Тасаг анх  25 ортой, 3 их  эмч, 8  эмнэлгийн дунд   мэргэжилтэнтэйгээр ажиллаж  байсан байна.  Анхны тасгийн эрхлэгч Ц.Алтаннамар эмч,  зөвлөх   эмч  АУ-ы  доктор Ц.Цэрэн   эмч,  ахлах  сувилагч И.Гүнчиндулам нар ажиллаж байв. Тасаг байгуулагдсан эхний  жилүүдэд аж ахуйн  талаар бэхжих, эмч мэргэжилтэн бэлтгэх,  тэднийг   сургах талаар голлон анхаарч,  1993 онд тэр жилээ АУИС-ийг төгссөн гурван эмчийг авч, дараа жилүүдэд нь эрүү нүүрний мэс заслын нарийн мэргэжил эзэмшүүлэн боловсон хүчний хувьд амсхийлт авчээ. 1993 онд тасгийн зөвлөх  эмч Ц.Цэрэн  гавъяаны  амралтаа авсан ба тэр жилээс өнөөг хүртэл АУИС-ийн багш Л.Давааням зөвлөх  эмчээр тасралтгүй ажиллаж байна.

1994  онд ХЗП  дээр  хүүхдийн  эрүү нүүрний мэс  заслын болон эрүү нүүрний   гажиг  заслын кабинетууд    нээгдэн   ажилллаж эхэлсэн нь бидний  ажилд маш том дэвшилт  болсон билээ. Улмаар  2007 онд тус тасгийн дотор уруул, тагнайн  төрөлхийн сэтэрхийн  (УТТС)  хэл  яриа заслын кабинетийг гадаадын  хамтран ажиллагч байгууллагын тусламжаар тохижуулан эмч мэргэжилтэн  бэлтгэсэн нь УТТС хүүхдэд  багийн цогц эмчилгээ тусламж үзүүлэхэд  бас нэг алхам байлаа. Одоо тасаг дээрх кабинетуудыг мэргэжлийн   удирдлагаар ханган   нягт  хамтран ажиллаж байна.

Одоо тус  тасаг 17   ортой,  3   их   эмч,  9 сувилагчтай. Тус тасагт жилд дунджаар  1000 орчим  өвчтөн хэвтүүлэн  эмчилж,   үүнээс  97% нь мэс заслын эмчилгээ  хийж байна.  Сүүлийн 5 жилийн  байдлаар  мэс заслын клиникийн   бусад тасгуудтай харьцуулахад  орны  эргэлт өндөр, дундаж   ор  хоног  хамгийн бага  үзүүлэлттэй ажиллаж ирлээ.

1. Өвчлөлийн бүтэц

Тасаг байгуулагдсан эхний  үед эрүү нүүрний орчмын үрэвсэлт өвчнүүд,  үүнээс шүдний гаралтай эрүү нүүрний   олон зайн,   хүндэрсэн нэвчээс давамгай тохиолдож байсан бол  сүүлийн жилүүдэд  эрүү   нүүрний     орчмын  төрөлхийн гаж  хөгжил, эрүү нүүр  орчмын хоргүй хавдрын тохиолдол ихсэх хандлагатай болж байна.

2. Орны тоо, орон тооны бүтэц

Анх 25 ортой байгуулагдсан бөгөөд 1997 онд 20, 2003 онд 17 ортой болгох тухайн үеийн захирлын шийдвэр гарч орны тоо байнга цөөрч ирсэн байна. Байгуулагдах үедээ 15 эмч ажилчидтай байсан, одоо 12 эмч ажилчид байна. Харин энэ хугацаанд манай  тасгаар  эмчлүүлэгчдийн тоо тогтмол өссөөр ирсэн байна.  Ялангуяа сүүлийн таван жил гаруй хугацаанд  тасгийн орны ачаалал  байнга хэтэрч, өвчтөн эдгэрч амжилгүй гарснаас хүндэрч давтан  хагалгаанд орох  нь  цөөнгүй тохиолдож байна.

3.  Эмч мэргэжилтний мэргэшлийн байдал, мэргэжил дээшлүүлэлт

Ажиллаж буй 4 их эмчээс (ХЗП дээрх ЭНМЗ-ын кабинетийн их эмчийг оролцуулан) АУ-ы магистр 2, тэргүүлэх зэрэгтэй 1, ахлах зэрэгтэй 2 эмч, мөн сувилахуйн  бакалавр  3,  тэргүүлэх  зэрэгтэй 1, ахлах зэрэгтэй 3 сувилагч ажиллаж байна. 

2007   оноос   тасгийн  эмч,  сувилагч нарыг гадаадад мэргэшүүлэх талаар тасгийн удирдлагаас ихээхэн  анхаарч  ажиллалаа. Ингэснээр сүүлийн 5 жилд тус тасгийн эмч нараас 4 удаа 3-6 сарын, 2 сувилагч 2 сарын хугацаагаар гадаадад мэргэжил дээшлүүлэлт хийжээ. Тасгийн эмч, сувилагч нар  эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж, үр дүнгээ дотоод гадаадын  хуралд илтгэж хэлэлцүүлэх нь  сүүлийн  жилүүдэд тогтмолжсон.  Тасгийн  эмч  нар    АНУ,    Хятад, БНСУ, Англи, Сейчиллис, Тайван зэрэг улс оронд зохиогдсон олон улсын мэргэжлийн  хуралд оролцож нийт  есөн илтгэл олон улсын хуралд хэлэлцүүлжээ.

Тасаг байгуулагдсан цагаас өнөөг хүртэл нийт 11 зүйлээр эмчилгээний шинэ  арга, зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байна.

4. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Тасаг үүсгэн  байгуулагдсан  цагаас  эхлэн бидний  үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг нь өндөр хөгжилтэй орны  эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдал байлаа. Анх 1994  онд АНУ-ын  Интерпласт багтай хамтран ажилласан бидний  гадаад хамтын ажиллагаа байнга өргөжсөөр  ирлээ. Бид Япон, АНУ,  Франц, Ирланд, БНСУ,  Тайван, Австрали, Энэтхэг, Израиль улсуудын эмч нартай туршлага солилцон, мэдлэг  мэргэшлээ дээшлүүлэн  хамтран ажиллаж ирлээ.

5. Орон нутаг дах үйл ажиллагаа

Японы тагнайн  сэтэрхийн сангийн санхүүжилтээр 1997  онд Архангай  аймагт ажиллаж эхэлсэн   бидний   орон нутаг  дах  үйл ажиллагаа өргөжин  тогтмолжиж ирлээ. Гуравдах шатлалын эмнэлгийн эмч  мэргэжилтнүүдийн хувьд орон нутагт нарийн мэргэжлийн  эмнэлгийн тусламж  үнэ   төлбөргүй  үзүүлэх, орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд  сургалт семинар зохион байгуулах зэрэг нь бидний   тогтмол үйл ажиллагааны  нэг  хэсэг байх  ёстой  гэж үздэг.

1998-2006  онуудад  Японы тагнайн   сэтэрхийн сангийн   санхүүжилтээр давхардсан  тоогоор 19 аймагт  давхардсан   тоогоор 45  удаа  ажиллаж 409  өвчтөнд мэс  заслын эмчилгээ   хийсэн  бол 2007-2008 онуудад манай улсад үйл ажиллагаа явуулдаг Израиль-Монголын “Шим  Технологи” ХХК-ийн  санхүүжилтээр мэс   заслын  эмчилгээг орон нутагт  үнэ   төлбөргүй  хийхийн   зэрэгцээ анх   удаа  “Уруул, тагнайн   төрөлхийн  сэтэрхий өвчтөний эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй болгох нь”  сэдэвт семинарыг манай  улсын бүх аймгийн шүд,  эрүү нүүрний  мэс засал, хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн   эмч нарыг   хамруулан  бүсчлэн зохион байгуулав. Энэ  ажлын хүрээнд 62 хүүхдэд үнэ  төлбөргүй мэс заслын эмчилгээ  хийж, орон нутгийн   134  эмч,  эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан  4  удаагийн  семинар зохион байгуулжээ.

2009  оноос  манай улсад  хүмүүнлэгийн  үйл ажиллагаа явуулж  буй  Тайваний   хүүхэд гэр бүлийг дэмжих  сантай удаан  хугацаанд хамтран ажиллах гэрээ хийсний  дагуу “Хязгаар нутгийн инээмсэглэл”   төсөл    хэрэгжүүлэн  ажиллаж байна. Энэ төслийн  дагуу ажиллахдаа өмнөх орон нутагт ажиллаж байсан  үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, мэс заслын эмчилгээ,  сургалт семинарын зэрэгцээ хүүхдийн шүд эрүү нүүрний гажиг засал, УТТС-ийн хэл яриа заслын эмчилгээг мөн орон нутагт нь хийж ажиллаж байна. Төслийн хүрээнд   өнөөг  хүртэл 8  аймагт  ажиллаж 167 хүүхдэд мэс заслын, 155 хүүхдэд эрүү нүүрний гажиг  заслын, 85 хүүхдэд хэл яриа  заслын эмчилгээ  хийж орон нутгийн  585 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд  уруул тагнайн  төрөлхийн сэтэрхий эмгэгийн  талаар сургалт явуулаад байна.

Өрнийн нэгэн зүйр үгэнд:

Хүчирхэг нэг нь боломжийг бүтээдэг
Оюунлаг нь тэр боломжийг ашигладаг бол
Сул дорой нь боломжийг хүлээж
Тэнэгүүд нь  харин   тэр  боломжийг  алддаг гэжээ.

Бид өөрийн мэргэжлийг өндөрт өргөх, хүүхдэд үзүүлэх  эрүү  нүүрний    мэс   заслын  тусламж үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэх зорилго тавин, бидэнд  олдох боломж бүрийг алдалгүй ашиглан ажиллахыг хичээсээр ирлээ.  Цаашид  өргөн дэлгэр эх орны минь өнцөг булан  бүрд ажиллаж буй адил мэргэжлийн  эмч мэргэжилтнүүддээ хөгжиж дэвжих боломж олгон ажиллах шаардлага тулгарч байна гэж ойлгодог.

Та бүхэнд сайн сайхныг хүсье.

Spring of 2012. Department of oral and maxillofacial surgery, NCMCH

First row from the left: R.Bayasgalan MD, D.Tserendulam, consulting physician L.Davaanyam MD,PhD, head of OMFS department G.Ayanga, nurse-supervisor D.Tsensdsuren, speech pathology doctor B.Bulgan

Second row from the left: J.Erdenetsogt MD, Kh.Tseveensuren, nurse G.Azjargal, Ch.Batdelger, O.Yanjindolgor, D.Sumiya, uilchlegch P.Baasanbat, nurse B.Tuya, orthodontist doctor M.Erdenesaikhan

 

 

 



Нийтлэлийн нээгдсэн тоо: 2
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК