Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 47(047)
ХҮний биеийн хэвийн биЧил биетэн
( Лекц )

 

Б.Ганбаатар,  А.Аварзэд 
 

 

Хүний биеийн арьс, салст бүрхэвч, ам хамрын хөндий, залгиур хоолой, амьсгал хоол боловсруулах, шингээх эрхтэн, бүдүүн нарийн гэдэс, шээс бэлгийн эрхтэн тогтолцооны салст бүрхэвчинд тодорхой тооны бичилбиетэн агуулагдаж байдаг. Эдгээр бичил биетэн хүн бүрт илрэх боловч хувь хүн бүрт өвөрмөц шинж чанартай. Хүний биед өвчин үүсгэдэггүй дээр дурьдсан бичилбиетнийг микрофлор (microflora) буюу хүний биеийн хэвийн бичилбиетэн (human normal microflora) гэнэ. 
Хүний биеийн эд эсийн бүтэц, үйл ажиллагаанд дасан зохицож амьдардаг бичил биетнийг судлаачид анх сапрофит (saprophyt) ялз тэжээлтэн хэмээн нэрлэдэг байв. Өвчин үүсгэдэггүй, харин хүний биеийн хамгаалах үйл ажиллагааг идэвхижүүлэн ашигтай нөлөө үзүүлдэг эдгээр микрофлорыг эрдэмтэд өнөө үед янз бүрээр нэрлэх болов. Тухайлбал: бактерийн бичил ургал (barteria microflora) физиологийн бичил флора (physiological microflora) гэх мэт. 
Хүүхэд эхээс төрмөгц нярайн биед микрофлор төлөвшиж эхлэнэ. Нярай хүүхдийн биед төлөвшиж байгаа микрофлор нь эхээсээ юмуу эмнэлгийн орчноос гарал үүсэлтэй байдаг. Нярай хүүхдийн амьдралын эхний 7-14 хоногт хүүхдийн биед байршин илэрч буй микрофлор нь насанд хүрсэн хүний биед илэрдэг микрофлорын төрөл тоо хэмжээний адил хэмжээтэй болдог. 
Микрофлорыг хүний биед байрших илрэх хугацаагаар нь хоёр бүлэгт хуваадаг. 
Байнга илэрдэг буюу тогтвортой микрофлор (облигат микрофлор, резидентфлор, индигенфлор, стандартфлор)
Түр зуур илэрдэг микрофлор (факультатив микрофлор, транзит микрофлор)
Тогтвортой буюу байнга илэрдэг микрофлор хүний биеийн өвөрмөц (adoptive) болон өвөрмөц бус (resistant) хамгаалах үйл ажиллагаанд дасан зохицсон (commensal) байдаг учраас дархлааны эс микрофлорт нөлөөлдөггүй. Бие махбодын хамгаалах үйл ажиллагаа сулрах, хүний биеийн физиологийн зохицуулга өөрчлөгдөх үед тогтвортой микрофлор, түүний микроэкологийн тэнцвэржилт алдагдах нь өвчлөх шалтгаан болж улмаар микрофлор хувьсч нөхцөлт эмгэгтөрөгч (facultative pathogen) шинжтэй болдог. Илрэх эмгэгийг оппортунист (opportunisten) халдвар гэнэ. Ном хэвлэлд (autoinfection, endogenic infection) ауто буюу эндоген халдвар хэмээн бичдэг. Түр зуур илэрдэг транзит микрофлор ихэнх тохиолдолд хүний биед дасан зохицох чадваргүй байна. Дархлааны хамгаалах үйл ажиллагаа болон тогтвортой микрофлор, транзит микрофлорын өсөлт үржлийг саатуулна.
Микрофлор агуулж буй эрхтэн, эд эсд халдварт өвчин үүсгэгч нэвтэрч эд эсийг эмгэгшүүлэх үед авч буй шинжилгээнд эмгэгтөрөгч бактер илэрч байна уу эсвэл тогтвортой микрофлор илэрч байна уу гэдгийг ялган таних нь лабораторын шинжилгээний аргаас шууд хамаарна. 
Хэвийн бичил биетний онцлог Микрофлорын онцлог гэвэл эд эсэд наалдах (aдгези) юмуу бэхлэгдэхгүй энэ шинжээрээ эмгэгтөрөгч бичил  биетнээс эрс ялгаатай. Мөн өсч үржихдээ хор фермент ялгаруулдаггүй, харин өөрийн өсөлт үржилд хэрэгцээт тэжээллэг бодисыг эд эсийн бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүн, зэрэгцэн байршиж буй бусад микрофлорын өсөлт үржлийн явцад синтезлэгдэх уураг, нүүрсуст нэгдлийг энергийн тусламжтай өөртөө шингээж авах хэлбэрээр хангадаг. Түүнээс гадна тодорхой эд эс, эрхтэнд хэд хэдэн төрөл (genus), зүйлд (species) хамаарагдах бактер зохицон өсч үрждэг. Микрофлорын энэ шинж төлөвийг бичил биетний биоциноз (bacterial biocenosis) буюу бактерийн эндомикроэкологи (bacterial endo ecologie) гэдэг. Микрофлорын төрөл, зүйл эд, эс эрхтэн тогтолцоонд тодорхой тоо хэмжээтэй байна. Үүнийг бичил биетний хэвийн хэмжээ буюу эубиоз (eubiosis) гэнэ. Өөр хоорондоо ялгаатай бактерийн төрөл, зүйл тодорхой нэг эрхтэнд зохицон өсч үржихыг бактерийн эндомикроэкологи, эвсэн амьдарч буй төрөл, зүйл ялгаатай бичил биетэн хүний эд эс эрхтэн тогтолцоонд хамсан дасан зохицохыг бичил биетний биоциноз гэнэ.
Хэвийн бичил биетний микроэкологийг хүний биеийн физиологийн тогтмол, биохими болон гормоны зохицуулга, дархлаа чадамж зэрэг олон хүчин зүйл идэвхижүүлдэг. Эдгээр дотоод хүчин зүйл нь микрофлорын өсөлт үржилд хортой нөлөө үзүүлэхгүй. Хүний биеийн арьсны гадаргууд 32 хэм, биед 37 хэмтэй байна. микрофлор өөрийн өсөлт үржлийн тохирсон дулаанд шилжин байрлах тохиолдол ажиглагддаг. Ам, залгиур хоолой, бүдүүн гэдэс, үтрээ зэрэг цусан хангамж сайтай эрхтний салст бүрхэвчийн орчинд зарим микрофлор давангуйлан бөөгнөрдөг. Үүнийг бичил биетний симбиоз төлөв гэх бөгөөд зонхилон өсч үржих микрофлорын тоо хэмжээ нэмэгдэх тутамд эдгээр эрхтэнд бичил биетнээс бүрэлдсэн өнгөр (plaques) үүсэнэ. Үүнийг зарим судлаачид микрофлорын биофильм (microflorums biofilm) хэмээн нэрлэдэг. Микрофлорын тэжээл буюу субстрат нь нэг бол хүний өөрийн нь хэрэглэсэн хүнс тэжээлийн бодис эсвэл бодисын солилцооны явцад үүссэн завсрын нэгдэл юмуу өөр микрофлорын метаболизмын үр дүнд үүсч бий болдог. Энэ нь хүний хооллох дадал заншил микрофлорын төлөвшилд шууд нөлөөлдөг гэсэн ойлголт юм. Бичилбиетний метаболизм буюу Mikrobille sukzetssion хэмээх уг ойлголт нь микрофлорын тэжээллэг бодисын анхдагч эх үүслийг илэрхийлдэг бөгөөд микроэкологийн хяналтын үндсэн критери болдог. Тухайлбал: пропиони бактер лактозыг синтезлэж лактобациллын өсөлт үржлийг хурдасгана. Харин лактобацилл, лактозыг задлан устөрөгчийн исэл үүсгэснээр Веллонеллийн өсөлтийн хүчин зүйл хангагддаг байна. Түүнээс гадна өөртөө хэрэггүй зүйлийг нөгөө бактерт дамжуулан солбицож “хоргүйжих” замаар микрофлор харилцан өөрсдийн экологийн орчинд таатай нөхцөл бүрдүүлдэг. Жишээлбэл: анаэроб E.coli О2 ялгаруулж, аэроб микрофлорын энергийн эх үүсгэвэрийг дэмжихэд, анаэроб бактеройд бета лактамаза ялгаруулан бусад бактерийн өсөлт үржилд дэм үзүүлдэг. Микрофлор өөрийн амьдарч байгаа эд эсийн орчны экологийн тэнцвэрийг хадгалахын тулд байнга тэмцэж гадны хүчин зүйлийн эсрэг өөрийгөө хамгаалах тохиромжтой орчинг тогтмол бүрдүүлж байдаг. Микрофлорын энэ шинжийг колончлох дасал (kolonisation resistenz) гэнэ. Үүний үр дүнд гадны бичил биетэн хүний биед удаан байж чадахгүй, харин түр зуур дамжин өнгөрдөг энэ утгаар нь авч үзвэл микрофлор хүний биед хамгаалах үйл ажиллагаанд эмгэгтөрөгч бактерийн эсрэг чухал үүрэгтэй. Хүний биеийн дархлаа суларахад микрофлорын зохицон амьдрах шинж хувьсан өөрчлөгдөнө. Түүнээс гадна эд эсийн эмгэг өөрчлөлтийн дараа тухайлбал вируст халдварын эцэст микрофлорын тодорхой нэг төрөл нууц халдварын (superinfektion) шалтгаан болдог. Хоол боловсруулах шингээх эрхтэнд хавдар өдөөгч бодистой микрофлор хамсан эмгэг үүсэлтийг эрчимжүүлдэг болох нь саяхан тогтоогджээ. Мах лаазлан битүүмжлэхэд хэрэглэдэг нитрат нь яваандаа нитрит болон хувирч дараа нь микрофлорын бидисын солилцооны явцад үүссэн аминхүчилтэй нэгдэн ходоодны хүчиллэг чанарт нөлөөлөн хавдар өдөөх (канцероген) шинж чанартай нэгдэл болж байгааг баталсан байна. Түүнчлэн эслэг (cellulose) багатай хоол тухайлбал амьтны гаралтай уураг, липид, стеройд цөсний хүчлийн нэгдэл зэрэг нь бүдүүн гэдэсний микрофлорын метаболизмийн явцад канцероген шинжтэй холантрены (Cholanthren derivaten) бүлгийн нэгдэл үүсгэж, бүдүүн гэдсэнд удаан шимэгдэн салстыг цочироон бүдүүн гэдэсний хавдар үүсэх нэг шалтгаан болдог байна. 
Микрофлорын өсөлт үржилд чийглэг орчин, хүчил шүлтийн тэнцвэржилт (pH pondus hydrogenii) чухал үүрэгтэй. Ходоодонд давсны хүчил ялгарч орчны рН-1 болоход ямарч бичилбиетэн амьдрах боломжгүй. Арьсны рН ихэнхдээ 5.5 байдаг. Энэ үед зөвхөн хүчиллэг орчинд тэсвэртэй микрофлор өсч үржинэ. Хэрэв арьсны рН шүлтлэг талруу хазайвал мөөгөнцөртөх өвчин, идээлээлэгч бактер өсч үржих нөхцөл бүрдэнэ. Микрофлорын өөр хоорондын харилцан зохицол нь тодорхой нөхцөлд өрсөлдөөн (interaktion) болж хувирдаг. Тухайлбал тэжээлийн бодис нийлэгжүүлэх процесс нь зарим үед нөгөө бактерийн өсөлтөнд саад болно үүнийг субстратын конкуренц (substrakt conkurenz) гэнэ. Бактерийн хорын задралаас үүсэх үүсэх өвөрмөц бодисыг бактериоцин (bacterocine) гэдэг. Метаболизмын процесстой харьцуулж үзэхэд бактериоцин нь өөр бүлгийн бичилбиетний амьдралын эсрэг (antibiotische werkung) үйлчилгээ үзүүлдэг. Бактерийн омог бүр бактериоцин ялгаруулах бөгөөд түүний өвөрмөц төлөөлөгч нь колицин (colicin) синтезлэх процесс юм. Харин тохирсон дархлааны уураг (immunitate protein – I - protein) мөн зэрэг синтезлэгдэж колицинтэй нэгдэл түүний үйлчилэлийн саатуулана. Ингэснээр микрофлорын өөрийнхөө хоронд өртөхгүй өсч үржих онцлогтой. 
Colicin E1 
Бактерийн эсээс ялгардаг хор, синтезлэгдсэний дараа E.coli-ийн эсийн тохирох рецепторт холбогдон бактерийн эсийн дотор нэвтрэн орж, бактерийн эсийн цитоплазмын мембранд жижиг сүв үүсгэн, мембраны үйл ажиллагаанд оролцон, дархлааны уураг (I protein) –тай нэгдэн эс гэмтээх үйлчлэл нь саатна. 
Colivin E2
Бактерийн ДНХ-ийг задлагч фермент. Колицин Е2 нь дархлааны уураг (I protein)–тай нэгдэн E2/IP  комплекс үүсгэн E.coli-ийн өөр төрөл, зүйлийн тохирох рецепторт холбогдон бактерийн эсийн дотор нэвтэрч орно. Колицины үйлчлэлийн механизм бүрэн төгс судлагдаагүй байна. 
Хүчилтөрөгчийн парациал даралт (pO2)
Эс амьдрах потенциалын амин чухал хүч нь хүчилтөрөгчийн парциал даралт юм. Анаэроб бичил биетэнд хүчилтөрөгчийн нэгдэл (O2, H2O2) үхлийн хор болно. Гэхдээ анаэроб микрофлор амьсгалын эрхтний салст бүрхэвчинд тун олон байршдаг. Эдгээр нь агаарын найрлага дахь О2-ийн үйлчлэлд устахгүй, аэроб микрофлор агаар дахь О2-ийг исэлдүүлэлгүйгээр амьсгалын хийн солилцоонд оруулахад нөлөөлдөг. Хүчилтөрөгчийн парциал даралт бүдүүн гэдэсний төгсгөл хэсэгт буурдаг. Тэнд анаэроб микрофлор өсч үржих таатай орчин бүрдэнэ. 
Эрхтэн тогтолцоонд хэвийн бичил биетний илрэлт
Арьсны 1 см2 талбайд 104 бичил биетэн агуулагдана. Арьсны микрофлор нь эпидермисын эвэрлэг болон гуужих давхаргад (stratum corneum, stratum lucatum) байршдаг. Арьсны зарим микрофлор арьсны өөхний хүчил, липидыг өөрийн тэжээл болгон ашигладаг бактеритай антогонист шинж чанартай. Koagukasenegative staphylococcus, S.Epidermidis зэрэг микрофлор арьсанд тогтмол илрэх бөгөөд асептик, антисептикийн дэглэм алдагдахад эмнэлгийн дотоод халдвар, эндокардит болон эндопластик эмгэгийн шалтгаан болдог. Үсний уут, хөлс, тослогийн булчирхайн сувагт коккоос гадна Propionibacterium acnes, P.granulosum, анаэроб corynebakterium илэрдэг. Эдгээр бактер нь суга хөлний салааны хөлсний булчирхайн сувагт байдаг brevibakterium epidermidis, bacteriodes зэрэг микрофлортой хавсарч цистиныг задлаж местантиoл, путресцин, кадаверин зэрэг үнэрт нэгдлийг ялгаруулдаг. Эдгээр үнэрт нэгдэл нь шивэр (sudorefrigido), хуламс (agravia odoratu) болон хувирах нэг шалтгаан болдог. Сонсголын гадна сувагт микрофлор арьсныхтай адил байна. Дунд, дотор чихэнд микрофлор агуулагдахгүй. Бодисын солицооны өөрчлөлт, чихрийн шижин өвчний үед чийглэг болж транзит микрофлорын тоо ихэсч болдог. Хэрэв Korynebakterium minitissmym арьсанд удаан байршвал арьсны улайх өвчин (erythrasma) үүсэх нөхцөл бүрдэнэ. Нас ахих тутамд кандида болон E.coli-ийн тоо хэмжээ арьсанд ихэсдэг. Эрүүл хүний нүдний салст бүрхэвчинд коrynebactiа, streptococcus epidermidis илрэх боловч нулимс, нүдний салстыг цэвэрлэж ариусгадаг онцлогтой. 
Амны хөндийн хэвийн бичил биетэн
Ам болон залгиурын салст бүрхэвчинд аэроб, анаэроб микрофлор олон тоотой агуулагдана. 1 мл шүлсэнд 108-тэй тэнцэх хэмжээний микрофлор илэрдэг. Хоол хүнстэй хамт аманд орж буй микрофлорыг (allotonnae) буюу транзит амны хөндийд байнга илэрдэг микрофлорыг autotonnae буюу облигат микрофлор гэнэ. 
Амны хөндийд тогтмол илэрч байдаг микрофлор: 
Streptococcus, Peptococcus, Veillonella, Lactobacillus, Bacteroidis, Fusobacterium, Leptotrichia buccalis, Propionibacteriae, Actinomyceta, Corynebacterium, Treponema, Mykoplasma, Porphyromonas гэх мэт 30 орчим микрофлор байнга илэрдэг. 
Амны хөндийд тогтмол илэрдэг микрофлорын зарим онцлог шинжийг байктерийн төрөл, зүйл бүрээр товч дурьдвал: 
Стрептококк: Грам эерэг гинж хэлбэртэй кокк, аэроб шинжтэй. Амны хөндийн микрофлорыг S.mutans, S.sanguis, S.mitis, S.salivarum гэж ангилна. Эдгээр стрептококкийг нүүрсус задлах идэвхи, устөрөгчийн хэт исэл (H2O2) үүсгэх шинж, нуклеотидийн дарааллийн шинжилгээгээр (PCR) ялган танина. Стрептококк амны хөндий дэхь нүүрс усыг задлаж, амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэржилтийг өөрчлөн, амны хөндийг хүчиллэг орчинтой болгодог. Энэ үед шүдний паалан (enamelum)-д кальци болон минерал хуримтлагдах процесс түр саатна (декальцинаци), сахароз задарч полисахарид синтезлэгдэнэ. Глюкозын молекул задарч глюкон, декстрон болж хувирдаг. Фруктозын молекул левaн, фруктон болон задарна. Декстрон усанд уусдаггүй учраас шүдний өнгөр үүсэх процесст оролцоно. Глюкон, левaн усанд уусч амны хөндийд сүүний хүчил үүсэх процесст нөлөөлдөг. 
Органик нэгдэл, протейн, полисахаридын үлдэгдэл дээр амны хөндийн микрофлор бөөгнөрч шүдний өнгөр (plaque-бляшек) бүрэлдэнэ. Шүлсэнд агуулагдаж буй гликопротейн зуурамтгай чанартай, хүчиллэг шинжтэй, зуурамтгай гликопротейн, шүдний паалангийн кальцийн ионтой нэгдэж гидроксиацетат, гидроксифосфат болж хатуурна. Үүнийг пелликул гэнэ. Пелликулд стрептококкийн бүлэгт багтдаг олон төрлийн бактер наалдаж адгези болдог. Шүдний 1 мм2 талбайд 103-106 микрофлор илэрдэг. Шүднийг гадаргууд бактер наалдах процесс дунджаар 8 цаг үргэлжилдэг бөгөөд 2-3 өдөр болоод бактер солилцох процесс идэвхижих ёстой. Үүнд механик үйлчлэл шууд нөлөөлнө. Зарим үед шүдний 1 мм2 талбай дах бактерийн хэмжээ 108  хүрдэг. Шүдний өнгөрийн үүсэлтэнд streptococcus mutans гол үүрэгтэй. S.mutans-ийг дотор нь S.mutans rattus, S.mutans sobrinus, S.mutans cricetus, S.mutans ferus, S.mutans macacae гэж ангилдаг. Шүдний өнгөрийн 3-4 дэх өдрөөс Вейлонелл, коринебактер, актиномицит, 7 дахь хоногоос фузобактеын тоо хэмжээ ихэснэ. Ингэж микрофлорын тоо хэмжээ, төрөл зүйл шүдний өнгөрт тодорхой үечлэлтэй ихэсч, багасч байдаг. S.mutans-ийн бүлэгт хамаарах бактер глюкон левaныг хялбархан задлаж өөрийн өсөлт үржлийн эх үүсгэвэр болгон хувиргаж хүчиллэг орчин бүрдүүлнэ. Хүчтэй хүчиллэг орчинд шүдний паалангийн призм (prism enameli), талстжсан кальци, фтор, фосфатын аппатитын бодис сийрэгжин микро суваг үүсдэг. Микросувагт олон төрлийн анаэроб бичил биетэн орж эмгэгийн голомт үүсдэг. Үүний улмаас паалангийн реминерализацийн процесс саатаж, кальци, фтор, фосфатын ионы солилцоо буурч шүлсэнд байгаа биологийн идэвхит бодис (лизоцим, лактоферрин, лактопероксидаз, SlgA) эмгэг голомтыг цэвэрлэх эрүүлжүүлэх үйл ажиллагаа буурснаар шүд цоорох (кариес) эмгэг үүсэх нөхцөл бүрдэнэ. Энэ үед амны хөндийн микроэкологийн зохицуулага алдагдана. 
Пептококк: грам эерэг кокк. Анаэроб шинжтэй, пептон, аминхүчлийг задлана. Амны хөндийн идээт үрэвслийн үед спирохет, фузобактертэй хавсарч идэвхиждэг. 
Вейллонелла: грам эерэг анаэроб. Вейлонелл нь моно, дисахаридыг задлахгүй, харин, лактат, ацетатыг задлаж СО2, Н2О үүсгэдэг. Үүссэн СО2, Н2О нь амны хөндийд шүлтлэг орчин бий болгож хүчиллэг орчинд өсч үрждэг микрофлорын өсөлт үржлийг саатуулана. Энэ үед амны хөндийн микрофлорын хүчил шүлтийн орчин түр тэнцвэржинэ. Түүнээс гадна стрептококкийн метаболизмын үед үүссэн сүүний хүчил, вейллонеллийн нөлөөгөөр саармагжиж паалангийн призм, кальци, фторын аппатитын бэхжилт идэвхижинэ. 
Бактеройд: грам сөрөг савханцар, анаэроб, бактеройд, сахарозыг задлаж хий, пептоныг аминхүчил болгон задлана. B.melaninogenicus, B.gingivalis нь глюкозыг задлаж хүчил үүсгэнэ. Бактерийн үйлчлэлээр үүссэн хий, аминхүчил, хүчил нэгдэн холилдож амны эмгүй үнэр буюу амны өмхий (odoris suaves) болон хувирах нөхцөл бүрдэнэ. В.melaninogenicus-ийн өсөлт үржлийн үед гематин, витамин К их хэмжээтэй зарцуулагдах бөгөөд хар ногоон колони үүсгэнэ. В.melaninogenicus буйл шүдний завсарт өсч үржин шүдний өнгөр чулуу үүсэхэд нөлөөлдөг. В.melaninogenicus коллагеноз хондротинсульфат, гиалуронидаза зэрэг фермент ялгаруулах учир эдгээр фермент нь амны хөндийн үрэсвлийг идэвхижүүлдэг. Бактеройд амны хөндийн гэмтсэн салст бүрхэвчинд өсч үржихдээ капсултай болж үрэвсэл архагших хандлагатай болно. 
Лактобацилл: Грам эерэг савханцар, анаэроб, микроаэробил шинжтэй. Нүүрсусыг задлаж сүүний хүчил үүсгэн амны хөндийн орчинг хүчиллэг болгоно. Лактобацилл хүчиллэг орчинд удаан өсч үржих буюу нөхцөлт эмгэгтөрөгч болон хувирдаггүй. Лактобациллыг амны хөндийн эрүүл зүйн индикатор микрофлор гэдэг. L.casei шүлсэнд байнга агуулагдана. 
Фузобактер: грам сөрөг, ээрүүл төст савханцар. Шүд буйлны завсарт спирохеттэй симбиоз хэлбэрээр өсч үржинэ. F.necrogenes, F.ulcerans гэдэг нь гэмтсэн эд эсэд өсч үржихдээ некроз үхжил үүсгэдэг. 
Лептотрих букалис: утаслаг савханцар, нүүрсусыг сүүний хүчил болгон задлаж амны хөндийн рН-4.5 болох нөхцлийг бүрдүүлнэ. 
Пропионибактер: анаэроб шинжтэй глюкоз задлаж, пропины хүчил цууны хүчил үүсгэнэ. 
Актиномицет: анаэроб микроаэробил шинжтэй, спор үүсгэдэггүй, грам эерэг савханцар. Нүүрсусыг сүүний хүчил цууны хүчил хувийн хүчил болгон задлаж, шүдний чулуу, шүдний өнгөрийн зах эрмэгээр өсч үржинэ. Шүдний чулуунд A.viscosus, A.israeli байнга илэрдэг.
Коринебактер: амны хөндийн исэлдэн ангижрах процесст оролцож, анаэроб бактер өсөж үржих нөхцлийг бүрдүүлдэг. 
Трепонема: спирал хэлбэртэй бактер, трепонемыг T.macrodentium, T.denticola, T.orale гэж ангилна. Нүүрсус задлах шинжээр нь ялгаж оношлоно. 
Porphyromonas: бактеройдын бүлэгт багтдаг, анаэроб шинжтэй, грам сөрөг савханцар төст бактер. Грамын аргаар будахад полиморф бүтэцтэй (polymorphie) харагдана. Эсийн ханын бүтэц нь энтеробактертай төстэй боловч липополисахарид (LPS) агуулана. Полисахаридан капсултай. Гемолизин, фибринолизин, мукополисахаридаз болон коллагеназ зэрэг фермент синтезлэдэг. Шүдний углуургийн гэмтлийн үед эмгэгийн голомтоос илэрдэг. Амны хөндийн бусад бактеройдтой хавсарч холимог халдварын шалтгаан болдог. Шүдний углуургийн эдийн үхжсэн (некроз) хэсэгт мөн илэрнэ. Нүүрс ус задлахгүй. Хор фермент үүсгэгч Prevotella meloninogenica-аас ялган таних шаардлагатай. Porphyromonas-ыг P.asaccharalytica, P.canoris, P.circumdentaria, P.endodontalis, P.gingivalis, P.sallirosa гэж ангилдаг. 
Амьсгалын эрхтний хэвийн бичил биетэн
Зонхилон транзит шинж чанартай аэроб, анаэроб микрофлор 1 мл хамар залгиурын шүүрэлд 108 байна. Хамрын үүдэвчийн хэсэгт (vestibulum nasi) streptococcus. Staphylococcus, Eikenella corrodens, Campylobacter, Sputorum, Capnocytophaga илэрдэг. Төвөнх (larynx)-д амны хөндийн микрофлортой микрофлор агуулагдана. Амьсгалын эрхтний намираа бортгон хучуур (epithelium colimnare pseudostratificatum ciliatum) эдийн намираа хөдөлгөөний үр дүнд амьсгалын эрхтний салст бүрхэвч цэвэршиж үүний үр дүнд хамрын дайвар хөндий болон дотор чихэнд микрофлор байрших боломж бүрддэггүй байна. 
Хоол боловсруулах, шингээх эрхтний хэвийн бичил биетэн
Эрүүл хүний ходоодонд давсны хүчил болон бусад ферментийн үйлчлэлээс хамаарч хоол хүнс, шүлсний хамт залгигдсан транзит микрофлор ходоодыг дамжин өнгөрдөг. Хэрэв ходоодны хүчлийн орчны рН болон давсны хүчлийн ялгарах үйл ажиллагаа өөрчлөгдөхөд, ходоодонд микрофлор саатаж байрших нөхцөл бүрдэнэ. Энэ утгаар нь авч үзвэл ходоод микрофлор агуулагдахгүй гэж үзэх үзэл эргэлзээтэй болсон байна. Тухайлбал: ходоод хоосон үед бохь (ruminant merycism) байнга зажилах дуртай эрүүл хүний ходоодны салстын Lamina propria mucasa болон epitheliocytus nondifferintatus et parietalis-аас авсан сорьцонд helicobacter heilmanii, H.rappini, H.fenneliae мөн H.pylori зэрэг хеликобактерийн төрөл (genus), зүйл (species) илэрч байгааг судалгаанд мэдээлсэн бөгөөд энэ нь цаашид нарийвчлан судлах шаардлагатай ажил болоод байна. Бохь зажилах нь хуурамч хоололтын нэг хэлбэр учраас мэдрэл шингэний, мэдрэл химийн болон рефлексийн замаар гастрин, давсны хүчлийн ялгарах үйл ажиллагаа өөрчлөгддөг байна. Бохь зажилахад бохьны гадаргуу болон шүлсний лизоцим, лактоферрин, лактопероксидаза нь микрофлортой зэрэгцэн хуримтлагдана. Лизоцимын салслаг фермент эмгэгтөрөгч бактерийн гадаргууд наалдаж гидролизд орон N-ацетилмурамын хүчил, N-ацетилглюкозамин болон хувирч бактерийн пептидогликанд шингэн, пептидогликаны полисахарид, полипептидийн холбоог салгаж бактерицид үйлчлэл үзүүлдэг. Гэтэл хеликобактерийн гадуур лизоцимын салслаг бүрхүүл үүсгэж буй нь хүний цус болон ходоодны хучуур эст илэрдэг. Lewis.X, Lewis.Y эмгэгтөрөгчтэй холбоотой байж болох юм гэж үзэх болов. Лактопероксидаз нь устөрөгчийн хэт исэл болон тиоцианат агуулдаг. H.pylori-ийн уреаза ферментийн үйлчлэлээр шээсний хүчил (мочевин)-ээс устөрөгчийн хэт исэл үүсэх урьдал нөхцөл бүрдэж устөрөгчийн үйлчлэлтэй хавсран уреаза фермент никелийг кофактор болгон ашиглаж, хучуур эсийн гадаргууд наалдаж буй нь туршилтын үед ажиглагдсан байна. 
Гэдэсний хэвийн бичил биетэн 
Микрофлор өсч үржин гэдсэнд байрших (locarum situs) төлөвших (colimnare confecto flora) онцлогийг харгалзан гэдэсний гадаргуу түүний эзэлхүүнийг олон жижиг нэгж (mikrohabitaet) болгон ангилдаг. Гэдэсний салбан хоорондын зай (Lumen), цэлмэнт эсийн бүрхэвч (zotten) болон хучуур эдийн ялтаст (krypten) сүвд микрофлор их хэмжээтэй байрших бөгөөд тэнд байршиж буй микрофлорын төрөл, зүйл эрсч ялгаатай. Гэдэсний микрофлорын төрөл, зүйл, тоо хэмжээг цөсний хүчил, нойр булчирхайн фермент, дотор эрхтний тунгалагийн тогтолцоо (gut associated lymphatic tissue) болон хүчил төрөгчийн хяналтын үйл ажиллагаа хянаж зохицуулж байдаг. Эрүүл хүний дээд гэдэс (duodenum), цацархайт гэдэс (intestinum tenne mesenteriale)-ний эхний хэсэгт микрофлор байршдаггүй. Харин бүдүүн гэдэс (intestinum crassum), хүрээ гэдэс (colon), шулуун гэдэс (rectum)-ийн төгсгөл хэсэгт грам эерэг анаэроб савханцар, фузобактер болон факултатив анаэроб савханцар (энтеробактерийн бүлэг) асар их хэмжээтэй байршина. Гэдэсний салбан хоорондын зайд (lumen) адгези болох чадваргүй хирнээ хурдан өсч үржих онцлогтой. Лактобациллын бүлэг клостридын зүйл олонтоо илэрдэг. Цэлмэнт бүрхэвчийн завсарт байрлах либеркюны булчирхайлаг эс болон цэлмэнт эсийн гликокаликстай эмгэгтөрөгч бактер адгези болдог онцлогтой. 
Цэлмэнт эсийн гликокаликст микрофлорын зарим төрөл, зүйл тухайлбал E.coli болон грам сөрөг савханцар адгези болдог энэ бол гэдэсний микрофлорын экосистемд өөрчлөлт илэрч буй үзүүлэлт юм. Гэдэсний хучуур эсийн ялтсан (crypten) сүвийн орчин тойронд болон сүвийн гүнд адгезийн идэвхигүй хурдан хөдөлгөөнт анаэроб микрофлор илэрдэг. Гэдэсний эмгэг өөрчлөлтийн үед микрофлорын тоо хэмжээ ихсэх юмуу буурна. Мөн микрофлор байршилтаа өөрчилдөг энэ бол микрофлор нөхцөлт эмгэгтөрөгч болон хувьсах үндсэн нөхцөл юм. Ходоодны хүчил багасах (анацид) цөсний үйл ажиллагаа алдагдах, хэвлийн хөндийн мэс ажилбар хийхэд гэдэсний физиологийн үйл ажиллагааг түр саатахын зэрэгцээ микрофлорын экосистемд нөлөөлдөг тухайлбал “мухар олгой үрэвсэх” нь ихэнхдээ гэдэснээс шилжин байршсан микрофлорын мутацийн хувьсалд орсон хувилбар эмгэгийн шалтгаан болдгийг судлаачид шинжилж тогтоосон байна. нарийн гэдэсний төгсгөл хэсгийн рН-7.2-7.5 байх ба анаэроб микрофлорын өсөлт үржлийн таатай нөхцлийг бүрдүүлдэг. Гэдэсний хөндийд микрофлорын тоо ихсэх, багасах нь микрофлорын өрсөлдөх (interaktion) шинжийг хурдасгана. Микрофлорын өрсөлдөх шинж удаан үргэлжилэхэд гэдсэнд уураг, нүүрс ус, липид, эрдэс давс ус, амин дэм шимэгдэх процесс саатна. 
Бүдүүн гэдэсний хэвийн бичил биетэн
Бүдүүн гэдсэнд микрофлорын нягтрал хамгийн их 1г өтгөнд 1012 хүрнэ. Бүдүүн гэдэсний рН-8.5-9.0 байдаг учраас 500 орчим төрлийн микрофлор илэрдэг бөгөөд үүнийг гэдэсний микрофлорын экологийн бүрдэл “luminale ojokos mikroflora” гэнэ. Нийт микрофлорын 98%-ийг факултатив анаэроб бактер, 2%-ийг микроаэробил болон кандидын төрөл эзэлдэг. Гэдэсний ханыг дагаж О2-ын солилцоо ихтэй тэр хэсэгт микроаэробил бактер байршина. Шулуун гэдсэнд цүлхэн (ampulla recti), хундаган эс (exocrynocytus calciformis), эмжээрт хучуур эд (epithelium simplex columnare) зэрэгт Bifidobakteriae, Eubakteriae, E.coli, Bakteroides-ийн төрөл 75%-ийг эзэлж байхад Clostridiae, Fusobakteriae, Lactobacillus 25%-д Enterobakter, enterococus 1%-д хүрдэг. Мөн транзит микрофлор Pseudomonas, Bacillus бас илэрч байдаг. Бүдүүн гэдэсний микрофлорын төрөл, зүйл, тоо хэмжээ өөрчлөгдөхөд Bacteroides fragilis, Clostridium Difficile тогтмол тодорхойлогдоно. Энэ нь хэвлийн хөндийд ямар нэг халдварт процесс байгаагийн илрэл гэж үзэх болсон байна. Бүх төрлийн антибиотик эмчилгээнд гэдэсний микрофлор өртөж тодорхой хэмжээгээр устах, байршил нь  өөрчлөгдөж нөхцөлт эмгэгтөрөгч болон хувьсч микрофлорын төрөл, зүйл өөрчлөгдөх юмуу тэдгээрийн төрөл, зүйл бактерийн тоо хэмжээ ихэсч, багасахыг десбиоз (desbiosis), тодорхой нэг зүйл бактер тухайлбал лактобацилл эсвэл бифидобактерийн тоо хэмжээ эрс буурахыг дисбактериоз (desbakterosis) гэнэ. Хэвлийн хөндийн мэс ажилбарын дараа шаардлагагүй үед антибиотик хэрэглэх нь стафилакокк болон стрептококкийн өсч үржих таатай нөхцөл бүрддэг. Микрофлор антибиотикт тэсвэртэй болоход псевдомонас, клебселла, протеус зэрэг бактерийн өсөлт хурдасна. Мөн гэдсэнд эмгэгтөрөгч мөөг орширч энэ нь өвчтөнд зовиур шаналгаа бага учраас анзаарагдахгүй байх онцлогтой. Харин гэдсэнд эмгэгтөрөгч мөөг идэвхижиж байгаагийн илрэл нь амны хөндий, хэлэнд өнгөр тогтмол илэрнэ. 
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 14250
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК