Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 50(050)
Цагаан хулганад ҮҮсгэсэн ревматоид артритийн загварт deacetylase ферментийг дарангуйлсан дҮн
( Судалгааны өгүүлэл )

 

Г. Дариймаа, М.Амбага, Д.Зулгэрэл, Э.Баярмаа, 
 
 

 

Үндэслэл: Ревматоид артрит (PA) нь аутоиммуны урвалаар үе мөчийг сонгомлоор гэмтээж, хүнийг тахир дутуу, цаашилбал хөдөлмөрийн чадвар алдахад хүргэдэг холбогч эдийн системийн өвчин бөгөөд дэлхийн нийт хүн амын ойролцоогоор 1-2%-д нь тохиолдож байна. Өнөө үед судлаачид ревматоид артритын эмгэг жамыг судлах, эмчилгээний шинэ аргыг үнэлэх зорилгоор янз бүрийн амьтан дээр олон төрлийн загварыг туршиж байгаа ч хулгана, харх зэрэг мэрэгчдийн загварыг илүүтэй ашигладаг. Учир нь эдгээр амьтад өртөг бага, генетикийг нь өөрчлөх боломжтой, өөрчилсөн тохиолдолд хурдан үржиж, уг өвчний эрт, ид, хожуу үе шат болгоны эмгэг жам, механизмыг илрүүлэх бололцоотой ажээ. 
Хэдийгээр РА-ийн эмгэг жам бүрэн тодорхой биш боловч “T эс төвт үзэл”-ээр тайлбарлаж байна. Артроген антигений нөлөөгөөр идэвхижсэн СD4+T эсүүд олон төрлийн цитокин ялгаруулснаар макрофаг, синовиалийн фибробласт, В эс, остеокласт, синовиалийн эндотелүүдийг идэвхижүүлж, үений бүтэц алдагдлын механизмыг удирддаг. ДНХ-ийн эрчлэлтийг ихэсгэгч deacetylase ферментийг дарангуйлбал зохицуулагч Т эсийн Fохр3 гений экспресс нэмэгдэж, эдгээр эсүүдийн тоо өсч, үйл ажиллагаа нь идэвхижснээр CD4+T эсийн үйл ажиллагааг бууруулан, аутоиммуны урвалыг зогсоох боломж харагдаж буй нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон юм. 
 
Зорилго: 
Цагаан хулганад коллагенаар өдөөсөн ревматоид артритийн эмгэг загвар үүсгэн, deacetylase ферментийг дарангуйлах эмчилгээний үр дүнг тодорхойлох 
 
Зорилго: 
Туршилтын цагаан хулгандад коллагенаар өдөөсөн ревматоид артритын эмгэг загвар үүсгэх. 
Deacetylase фермент дарангуйлах эмчилгээ хийж үр дүнг тооцох. 
 
Судалгааны ажлын шинэлэг тал: 
Туршилтын амьтанд үений үрэвслийн загвар үүсгэн, ген эксперсст нөлөөлөгч фермент дарангуйлах эмчилгээний үр дүнг анх удаа тодорхойлсонд бидний судалгааны ажлын шинэлэг тал оршино. 
Судалгааны ажлын практик ач холбогдол: 
Deacetylase фермент дарангуйлах эмчилгээ нь зохицуулагч Т эсийг идэвхижүүлэн, РА-ийн эмгэг жамын гинжин урвалд голллон оролцож буй CD4+T үйл ажиллагаа зогсоож, аутоиммуныг дарангуйлж байгаад практик ач холбогдолтой байлаа. 
 
Судалгааны хүрээ ба түүвэр 
Судалгааг ЭМШУИС-ийн Био-АС-ийн Биологи-Гистологи ба ЭСШЭТэнхим, Улсын мал эмнэлгийн хүрээлэнгийн Иммунологийн лаборатори, Монос УАУДС, Улаанбаатар-Сонгдо эмнэлгийн эмгэг судлалын лаборатори, Нераму радиоиммунологийн лабораторийг тус тус түшиглэн явуулсан. Туршилтын 6-8 долоо хоногтой, 60 ширхэг эрүүл эр хулганыг Биокомбинатын “Жижиг амьтан үржүүлгийн цех”-ээс туршилтын амьтантай харьцах ёс зүйн бичгийн 2.2-д заасанчлан эрүүл ахуйн нөхцөл хангасан, дулаан агааржуулалт сайтай хайрцганд тээвэрлэн авчирч, тус бүр 20 ширхэгээр хяналт, харьцуулалт, эмчилгээний гэсэн 3 бүлэгт хуваан, туршилтыг 60 нийт хоногт гүйцэтгэсэн (Зураг1). ЭМШУИС-ийн Анагаах Ухааны ёс зүйн салбар хорооны 2010 оны 4-р сарын 16-ны өдрийн хуралдаанаар (тэмдэглэл №78/11) зөвшөөрсний үндсэн дээр “туршилтат судалгаа”-ны зэрэгцүүлсэн загварыг ашиглан судалгааны ажлыг гүйцэтгэсэн болно. Гарсан үр дүнг SPSS 12 программ дээр статистик боловсруулалт хийв. 
 
Судалгааны арга зүй: 
№1. Ревматоид артритын эмгэг загвар үүсгэх арга: 
Бид коллагенээр өдөөгдсөн РА-ийн загварыг David D Brand, Kary A Latham, Edward F Rosloniec нарын боловсруулсан “Protocol for the Successful Induction of Collagen-Induced Arthritis (CIA) in Mice” протоколын дагуу хийж гүйцэтгэсэн. Шингэрүүлсэн цууны хүчилд коллаген II-ыг 24 цагийн турш 40С-д уусгасны дараа Фрейндийн хүчлүүрээр цийдмэгжүүлж, хулганы сүүлний сууриас дисталь тал руу 1,5-2 см-ын зайд хулгана бүрд 50µl хэмжээний цийдмэгийг сүүлний арьсан дотор хийж туршилтыг гүйцэтгэв. Үүссэн эмгэг загварыг ажиглалт судалгаа, эмнэл зүйн шинжээр болон эд судлалын шинжилгээг 21 дэх хоногт хийж артрит үүссэн эсэхийг хянасан. 
№2. Фермент дарангуйлах эмчилгээ, хяналтын арга: 
Туршилтын 21 дэхь өдрөөс эхлэн, хяналтын бүлэгт ямар нэгэн эмчилгээ хийгээгүй, харьцуулах бүлэгт dexamethasone-ийг 5 мг/кг-аар, эмчилгээний бүлэгт valproic acid-ийг 400 мг/кг-аар тооцож өдөр бүр хэвлийн хөндийд туршилтын 60 дахь хоног хүртэл тарьж эмчилсэн. Эмчилгээ болон эмнэлзүйн явцыг доорх шалгуураар долоо хоногт 2-3 удаа үзлэгээр хянаж байв. Үүнд: 
Эмнэлзүйн шинж тэмдэг 
Биеийн жин 
Артритийн онооны систем: үений улайлт, хаван, хөдөлгөөн алдагдал, тэдгээрийн тархалтыг үндэслэн хулганы мөч тус бүрд 0-4 оноо (нэг хулганад нийт 0-16 оноо) өгч үнэлсэн. 
Зураг 1. Судалгааны ажлын загвар 
 
№3. Лаборатори болон эд судлалын шинжилгээний арга 
Лабораторийн шинжилгээ. Судалгааны 60 дахь хоногт туршилтын хулгануудыг егүүтгэн, захын цусан дахь лейкоцитийн хэмжээ, сийвэнгийн TNFα-ыг клиник лабораторид өгч тодорхойлуулсан. 
Эд судлалын шинжилгээ: Туршилтын амьтдыг егүүтгэсний дараагаар мөчийг тайрч, азотын хүчлээр ясыг зөөлрүүлэн декальцинаци хийж, эд судлалын усгүйжүүлэх, тосгүйжүүлэх, блок парафинд цутгах автомат дамжлагын аргаар бичил бэлдмэл бэлтгэн эмгэг судлалын өөрчлөлтийг доорх шалгуурын дагуу 0-3 оноо өгч үнэлсэн. 
Үрэвсэл
Синовиал бүрхүүлийн гипертроф
Мөгөөрсний гэмтэл 
Ясны эвдрэл 
 
Судалгааны ажлын үр дүн:
Туршилтын цагаан хулганад коллагенаар өдөөсөн ревматоид артритын эмгэг загвар үүсгэсэн дүн: 
Туршилтын нийт хулганад (N=60) судалгааны 16-18 хоногт эмнэлзүйн илрэл 7.66±1.29 оноо, туршилтын эхний өдөр 33,76 ±3,89 байсан жингийн дундаж 32,9±3,73 болж буурсан байлаа. Бид судалгааны 21 дэх хоногт бүлэг бүрээс РА үүссэн эсэхийг нотлох зорилгоор тус бүр 2 хулгана егүүтгэж үенд эд судлалын шинжилгээ хийхэд эрүүл үений эдийн бүтэцтэй харьцуулахад хяналтын бүлэгт үений үрэвсэл үүссэн байв (Зураг 2 Б).
Зураг 2. А. Эрүүл үений бичил бүтэц. Б. Ревматоид артрит үүссэн 21 дэх хоног 
Будаг. Гематоксилин-эозин, өсгөлт 4х10, 10х10
 
Deacetylase фермент дарангуйлах эмчилгээний үр дүн: 
 
Эмнэлзүйн үр дүн: судалгааны 60 дахь хоногт артритийн оноо хяналтын бүлэгт 6,55±1,11, харьцуулах бүлэгт 5,57±0,90, эмчилгээний бүлэгт 4,50±0,91, жингийн дундаж хяналтын бүлэгт 31,81±3,61, харьцуулах бүлэгт 33,70±3,51, эмчилгээний бүлэгт 31,67±3,30. Биеийн жин хугацааны хамаарал нь хяналтын бүлэгт -0,752, харьцуулах бүлэгт -0,913, эмчилгээний бүлэгт -0,881 байв. 
 
 Хүснэгт 1
Туршилтын хулганы клиник лабораторийн шинжилгээний үр дүн

Хүснэгт 1-ээс үзвэл эмчилгээний бүлгийн лабораторийн шинжилгээний дүн бусад бүлэгтэй харьцуулахад хэвийн байдалд орсон харагдаж байна. 

 

 Зураг 3. Хяналтын бүлгийн эдийн шинжилгээний үнэлгээний байдал
Эмгэг судлалын 3 онооны үнэлгээний үзүүлэлтээс үзвэл (Зураг 3) хяналтын бүлэгт үрэвслийн 2 оноотой 50%, 3 оноотой өөрчлөлт 40%, синовал гиперплази 2 оноотой нь 70%, 3 оноотой өөрчлөлт 30% эзэлсэн, мөгөөрсний эвдрэл, ясны гэмтэл үүссэн байв.
Зураг 4. Харьцуулах бүлгийн хулгануудын үений эдэд илэрсэн бичил өөрчлөлт
 
Харьцуулах бүлгийн хулгануудыг бид dexamethasone-аар эмчилсэн бөгөөд энэ үед судалгаанд хамрагдсан 20 хулганад мөгөөрсний эдийн болон ясны эвдрэлт өөрчлөлт илрээгүй бөгөөд 1 ба 2 онооны синовиалийн гиперплази 85%, 1 ба 2 онооны үрэвсэл 70 % илэрсэн. 
Зураг 5. Эмчилгээний бүлгийн хулгануудын үений эдэд илэрсэн бичил өөрчлөлт
 
Deacetylase фермент дарангуйлах эмчилгээ хийлгэсэн бүлгийн 20 хулганад мөгөөрсний эдийн болон ясны эвдрэлт өөрчлөлт мөн илрээгүй бөгөөд 25%-д нь 1 ба 2 онооны үрэвсэл, 25%-д нь 1 онооны синовиалийн гиперплази илэрсэн байв. 
 
Дүгнэлт 
 
Туршилтын нийт хулганад судалгааны 16-18 хоногт артритийн оноо 7.66±1.29, эдийн шинжилгээнд синовиалийн гиперплази, үрэвсэлийн зэрэг 3 оноотойгоор үүссэн. 
Deacetylase фермент дарангуйлах эмчилгээ сайн үр дүнтэй байсан нь эдийн болон лабороторийн шинжилгээнээс харагдаж байна. 
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1416
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК