Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 2(144)
Андроген дааврын биохими ба клиник химийн зарим асуудал (хэвлэлийн тойм)
( Тойм өгүүлэл )

Д.Энэбиш, Л.Наранцэцэг, Ж.Мөнхцэцэг

ЭМШУИС-ийн Био Анагаахын сургууль

 
Абстракт

Androgen is the generic term for any natural or synthetic compound, usually a steroid hormone, that stimulates or controls the development and maintenance of masculine characteristics in vertebrates by binding to androgen receptors. This includes the activity of the accessory male sex organs and development of male secondary sex characteristics. Androgens, which were first discovered in 1936, are also called androgenic hormones or testoids. Androgens are also the original anabolic steroids. They are also the precursor of all estrogens, the female sex hormones. The primary and most well-known androgen is testosterone.

The mesoderm-derived epithelial cells of the sex cords in developing testes become the Sertoli cells which will function to support sperm cell formation. A minor population of non-epithelial cells appear between the tubules by week 8 of human fetal development. These are Leydig cells. Soon after they differentiate, Leydig cells begin to produce androgens.

Multiple numbers of researchers investigated the reference value of androgens in different ethnic groups.

The androgens function as paracrine hormones required by the Sertoli cells in order to support sperm production. They are also required for masculinization of the developing male fetus. Testosterone acts through intracellular testosterone receptor.

Before the production of the pituitary hormone LH by the embryo starting at about weeks 11-12, human chorionic gonadotrophin (hCG) promotes the differentiation of Leydig cells and their production of androgens. Androgen action in target tissues often involves conversion of testosterone to 5α-dihydrotestosterone (DHT).

Androgens has an age related decline, therefore their function and activity have been changed during aging process.

Pp.72-78, Table 1, Figures 2, References 41

Андрогенүүд (грекийн aner,» andros-эр хүн Genesis-үүсэл гэсэн үг) гэдэг нь бэлгийн тестостерон (Т) дааврын шинж чанарыг үзүүлдэг нэгдлүүд юм. Т(андрост-4-ен-17В-ол-3-он) нь андростаны уламжлал.

1935 онд Лакер гэгч хүн бухны 100 кг төмсөгнөөс анх 10 мг цэвэр бодис ялгаж аваад тестостерон гэж нэрлэжээ. Т-ны биологийн идэвхи тэр үед мэдэгдэж байсан андростероноос 10 дахин илүү байжээ [7].

Нарийвчилсан судалгаагаар Т нь андростероны 17-дигидро-уламжлал болох нь тогтоогджээ.

Одоо үед төмсөг ба бөөрний дээрх булчирхайнаас ялгардаг байгалийн олон андрогеныг гаргаж авсан бөгөөд мөн тэдгээрийн солилцооны шээсээр ялгардаг олон бүтээгдэхүүнийг бас илрүүлэн гаргасан байна [7, 8, 9].

Андрогены бионийлэгжилт ба солилцоо

Эр үрийн булчирхайн Лейдиг-эсүүдэд хуримтлагддаг холестерины эфир нь андроген үүсэх гол эх булаг мөн. Стероид шүүрүүлэгч булчирхайд бэлгийн ба бөөрний дээрх булчирхай багтах бөгөөд эдгээр нь үр хөврөлийн үеийн нэг гарал үүсэлтэй, урогенитель-залаанаас (цацагнаас) хэлбэржинэ.

Эд эрхтэн ялгаран хөгжих нарийн үйл явцын үр дүнд булчирхай болгон андроген, эстроген буюу кортикостероидын аль нэгийг зонхилон нийлэгжүүлдэг өвөрмөц чиглэлтэй болдог аж. Стероидгенезийн шинж төлөв нь тэдгээрийн доторх ферментүүдийн бүрдлээр тодорхойлогдоно. Төмсөгний стероидгенез үйл ажиллагаа нь түүний интерстициаль эсүүд буюу Лейдиг-эсүүдээр гүйцэтгэгдэнэ. Эдгээр нь төмсөгний жинхэнэ эдэд (строма) тахир сувганцаруудыг хүрээлэн оршино. Лейдиг-эсүүдэд «дотоод» холестерин нь тусгай ферментийн тогтолцоогоор (гидроксилазын, десмолазын ба дегидрогеназын) прогестинүүдэд ба улмаар андрогенүүдэд хувирна. Дегидрогеназын ферментийн тогтолцоо нь дегидроэпиандростерон, андростендион тестостерон зэргийг хэлбэржүүлэн үүсгэнэ (Зураг 1). Эдгээр ферментүүд нь тестикулын (төмсөгний) эсийн лизосомд оршино [7,17, 29].

Зураг-1 Хүний төмсөгт андроген нийлэгжих үндсэн замууд (29).

Тестостероны солилцооны хувирал нь 2 замаар өрнөнө.

  1. 17-р байрлалд исэлдэх
  2. А- цагирагны давхар холбоо ба 3-кето бүлэг ангижрах зэрэг урвалууд болой

Эхний замаар исэлдсэний дүнд олон эдүүдэд ялангуяа элгэнд 17-кетостероидууд үүснэ. Эдгээр нь идэвхигүй нэгдэл юм.

Хоөр дахь зам нь голдуу бай-эдэд явах ба идэвхитэй дигидротестостероныг (ДГТ) үүсгэнэ. Тестостероны солилцооны хамгийн чухал бодис нь ДГТ бөгөөд олон эдэд (үрийн цэврүү, түрүү булчирхай, гадна бэлэг эрхтэн, арьсны зарим хэсэг г.м) орших дааврын идэвхитэй хэлбэр. Насанд хүрсэн эр хүний цусны сийвэнд ДГТ нь тестостероноос 10 дахин бага, хоногт 50-100, мкг зарим номонд 400 мкг хүртэл хэмжээгээр ялгарна гэж үздэг [7,10,11,41].

Тестостероноос ДГТ үүсэх урвалын фермент нь НАДФ-н хамааралт 5а-редуктаза юм. Заримдаа тестостероныг прогормон гэж үзэх нь бий. Энэ нь өөрөөс нь нилээд идэвхитэй ДГТ болж хувирдаг, хувирал нь голдуу төмсөгнөөс гаднах эдүүдэд болдог зэрэгтэй холбоотой.

Бионийлэгжилт нь тодорхой дэс дараалалтай гидроксилжих урвалууд юм. Эхлээд гидроксилаза ферментийн оролцоотойгоор холестерины 20, 22-р нүүрстөрөгчийн атом гидроксилжих замаар хажуугийн нүүрстөрөгчийн гинж нь тасарч прегненолон ба изокапроны альдегид үүснэ. Цаашдаа стероид цагирагны 17, 21, 11, 18-р нүүрэстөрөгчийн атомуудад дараалсан гидоксилжих урвал явагдаж янз бүрийн бүтэцтэй стероидууд үүсдэг. Энэ бүх урвалын үндэс нь нийтлэг механизмтай. Эдгээр урвалууд НАДФН, молекул байдалтай хүчилтөрөгч цитохром-Р-450-тай хүчилтөрөгчийн донорын тогтолцоо зэргийг шаардана. Цитохром Р-450 нь гидроксилжих бүх урвалд нэгэн адил үүргийг гүйцэтгэнэ. Гэхдээ түүний ферментийн хэсэг нь субстрат бүртээ туйлын өвөрмөц бөгөөд тэдгээрийг Р-45017а Р-45011В Р-450с21 ба Р-450с18 гэх зэргээр тэмдэглэдэг.

Хүн, сармагчин ба бусад олон амьтанд прегненолон—>прогестерон 17—> гидроксипрогестерон — андростендион — тестостерон гэсэн замаар нийлэгжих нь зонхилон тохиолдоно [3,5,6].

Лейдиг-эсүүдэд андрогенүүд үүсэх нь лютеотропин дааврын (ЛТД) зохицуулах хяналтын дор, харин хөгжиж буй ургын үед хорионы гонадотропины хяналтанд оршдог (3.4). Андрогенүүдийн солилцоо үндсэндээ элгэнд явагдаад задралын бүтээгдэхүүн нь голдуу шээсээр хүхрийн ба глюпкуроны хүчилтэй нэгдсэн байдлаар ялгарна.Хүний төмсөгт Т хамгийн ихээр, дараа нь андростендион, дегидроэпиандростерон ба ДГТ гэсэн дарааллаар үүсч ялгарна. Эдгээрийн гол урьдал бодис нь 17а--гидроксипрогестерон. Т-70-90нмоль /хоног: андростендион 17-35: ДГТ-8-20нмоль/хоног хэмжээгээр үүснэ. Бөөрний дээрх булчирхайд Т 10 дахин бага, ДГТ ойролцоо, андростендион 10 дахин их үүснэ гэж бичиж байна [7, 9]. Дегидроэпиандростерон хоногт 12мкмоль хэмжээгээр үүсч ялгарах аж.

Цусанд орсон Т-ны үндсэн хэсэг нь (98%) тестостерон-эстрадиол-холбогч глобулин гэх өвөрмөц уурагтай (ТЭХГ) нэгдэж зөөгдөнө. Энэ уураг элгэнд нийлэгжинэ. Холбогдох үйл явцад эстрогенүүд нөлөөлнө. Т бас альбумин тай холбогдох боловч энэ нь батжил маш муутай, гэхдээ цус тархины хоригийг нэвтэрдэг, харин глобулинтай бүрдэл нь тархи руу нэвтрэн ордоггүй. Чөлөөт Т л биологийн үйлчлэлээ үзүүлнэ. Андроген-холбогч глобулин гэх өөр уураг байх агаад тэр нь үрийн сувганцрын шингэнд агуулагдана. Энэ нь төмсөгт Т-ны агууламжийг ихэсгэснээрээ сперматогенезийн зохистой явцыг хангана.

Андроген дааврын биологийн үүрэг

Андрогенүүд гэдгийг үндсэндээ андростерон, андростендион ба тестостерон төлөөлнө. Эхний 2 нь өчүүхэн бага хэмжээгээр ялгарах ба физиологийн-биохимийн үйлчлэлээрээ сул андроген, тестостероноос 6-10 дахин бага идэвхитэй. Иймд бие махбодод андрогены үйлчлэлийг тестостерон, түүний солилцооны бүтээгдэхүүн болох 5а-дигидротестостерон зонхилон үзүүлнэ. Энэ нь бай-эсэд тестостероноос шууд 5а-редуктаза ферментээр үүсдэг аж [17, 18, 21].

Андрогенүүд нь юуны өмнө нөхөн үржихүйн тогтолцооны эд эрхтний хөгжил, өсөлт үйл ажиллагааны зохицуулгыг хангана. Андрогенүүдийн бай эс, эддээ үзүүлэх биологийн үйлчлэл нь өвөрмөц рецептороор дамжин гүйцэтгэгдэх ба стероидын молекулын орон зайн байгууламжийн (конформаци) өөрчлөлтөөс ихээхэн хамаардаг байна [10, 26, 28]. Тестостероны үйлчлэл нь дараах дараалсан урвалуудын үр дүн гэж үзэж байна. Үүнд:

  • Чөлөөт тестостерон (ч-Т) эсэд нэвтрэн орох
  • Т-рецепторын бүрдэл үүсэх
  • Энэ бүрдэл нь бөөмийн акцептортой холбогдох чадвар бүхий хэлбэрт хувирах
  • Хувирсан бүрдэл хроматины акцептортой холбогдох
  • Өвөрмөц м-РНХ-ийн транскрипцийг сонгомлоор эхлүүлэх ба т-РНХ, р-РНХ нийлэгжилтийн тэнцвэрийг хангах
  • Анхдагч РНХ-транскриптийн процессинг
  • Тодорхой м-РНХ-ийг цитоплазмд зөөх
  • М-РНХ орох трансляци ба уургийн нийлэгжилтийг ахиу болгох
  • Уургийн  трансляцийн  дараах өөрчлөлтийг (модификаци) хангах зэрэг болой [7,10,11]. Одоо  үед   андрогены   рецепторын генийг колонийн аргаар гарган авч бүх шинж чанарыг тодруулжээ.

Андрогенүүдийн рецепторийн ген нь Х хромсом дээр (Хя11-12) оршино [2, 10].

Андрогены рецептор нь стероид дааврын бүлийнхэд хамаарах ба тэдгээр нь 3 хэсгээс тогтоно.

  • N-төгсгөлийн хэсэг, ДНХ-холбогч хэсэг ба даавар холбогч хэсэг зэрэг болно.
  • N-төгсгөлийн хэсэг нь CAG-гэсэн давталтыг кодлогч глутамины давталтуудаас (хүнд 17­19 давталт ) тогтоно. Энэ давталт нэмэгдэж уртсах тусам андроген ба рецепторын харилцан үйлчлэл суларч, богиносоход үйлчлэл хүчтэй болох ажээ.

>   Рецепторын N-төгсгөлийн хэсгийн мутаци болоход рецепторын идэвхи суларч эрчүүдийн үргүйдэл болдог байна. Ийм мутаци түрүү булчирхайн хорт хавдрын анхдагч голомт ба үсэрхийлсэн голомтод илэрчээ. CAG гэсэн нуклеотидын гурвалын тоо харьцангуй бага буюу дундаж хэмжээтэй(15-20) байх эрчүүдэд их хэмжээтэй (25-30)-гээс цусны ийлдэсний тестостероны насны бууралт хурдан байх аж. (10).

Андроген дааврын биологийн үйлчлэл нь наснаас хамаарч өөрчлөгдөж байдгийг дурьджээ. Үр хөврөлийн үед Т үрийн цэврүү, төмсөгний дайвар, үр дамжуулах гуурс хэлбэржин хөгжих боломжийг хангана. Түрүү булчирхай, шодой, хушга ба шээсний гадна сүв зэргийн өсөлт хөгжилтийг Т-ны солилцооны бүтээгдэхүүн болох ДГТ хянан зохицуулах аж(10,15,26)

Бэлгийн бойжилтын (пубертат) үед андрогенүүд бэлгийн хоөрдогч шинжийг тодруулна.(эршүүлнэ):

  • Эр хүний дуу хоолой (тембр)
  • Бэлгийн (эр) зан төрх
  • Булчингийн хөгжил (эр галбир)
  • Үсжилтийн ялгарал (эр хэв шинж)
  • Бэлгийн дур хүсэл төрүүлэх
  • Өсөлт хурдсах (инсулин төст өсөлтийн хүчин зүйл) зэрэг болно [32, 33].
  • Уургын  солилцооны   нийлэгжилтийн явцыг (анаболизм) сайжруулна:
  • Азотын эерэг баланс
  • Биеийн жин (масс) нэмэгдэх
  • Их биеийн булчингийн нийлбэр жин ихсэх
  • Булчингийн хүч нэмэгдэх зэргээр илэрнэ. Элгэнд цусны сийвэнгийн уургуудын нийлэгжилтийг тэтгэх, бөөрөнд эритропоэтин боловсролтыг идэвхижүүлнэ. Андрогенүүд цус бүтээх тогтолцооны суурь эсүүдэд шууд үйлчилнэ. Мөн ясжилтыг сайжруулж, түүний нягтралыг нэмэгдүүлж остеобласт ба хондроцит эсүүдийн «бойжилтыг» хангана. Бас уураг тархи ялгаран хөгжихөд ч оролцоно. Андроген даавруудын зарим хэсэг нь ароматжиж эстроген даавар болж хувирдаг

Зураг 2. Андрогенүүд ароматжих нь

Андростидионоос эстрон, тестостероноос эстрадиол, 16-гидрокси-уламжлалаас нь 16-окси-эстрон, мөн эстриол үүсдэг [33, 34, 24].

Ароматжих ферментийн тогтолцоо олон эд, эрхтэнд тархмал боловч уураг тархинд бусдаас ахиу байх аж. Тестостероны ялгаралтын зохицуулга нь эсийн түвшинд уг булчирхайнаасаа их хамаарна. Сертоли-эсийн шүүрлийн бүтээгдэхүүн болох ингибин-уураг ба инсулин төст өсөлтийн хүчин зүйлс нь тестостероны нийлэгжилтийг идэвхижүүлнэ (активатор), харин эпидермисын өсөлтийн хүчин зүйл, интерлейкин-1 зэрэг нь саатуулагч (ингибитор) юм. Хэсэг газрын зохицуулгад Лейдиг-эсийн лютеотропин дааврын (ЛТД) рецепторт үзүүлэх нөлөө ба Сертоли-эсийн ароматжилт зэргээр дамжин тестостерон өөрөө оролцож байдаг. Ер нь бэлгийн эсэд явах стероидгенез ЛТД-аар дамжсан «төвийн» зохицуулгатай [3, 28, 29].

Цусны ийлдэс дэх тестостероны 40% орчим нь альбуминтай холбогдож зөөгдөнө. Мөн бэлгийн даавар холбогч глобулинаар зөөгдөнө. Энэ нь элгэнд үүсэх ба нийлэгжилт нь зохих эстроген ба андрогены харьцаанаас хамаарна. Ийнхүү бэлгийн дааврууд нь шууд уургийн бионийлэгжилд, зөөгдөлд зохицуулах нөлөө үзүүлнэ. Бай-эс рүүгээ зөвхөн чөлөөт тестостерон л нэвтэрнэ. Энэ нь ийлдэсний нийт тестостероны 1-3%-ийг эзэлнэ. Бэлгийн дааврууд нь бусад стероид даавруудын адил, мөн тиреоид даавар, Д-витамин зэрэг нь бай-эсийн бөөм дэх хроматины бүтэцтэй харилцан үйлчлэлцэх замаар генийн экспрессийг зохицуулда [7, 10, 31]. Тестостероны солилцоо элгэнд дуусна. Солилцооны бүтээгдэхүүний (метаболит) ихэнх нь бие махбодоос шээсээр 17-кетостероид хэлбэрээр ялгарна. Төмсөгнөөс үүсэлтэй гол метаболитууд нь этиохоланолон, андростерон, ба эпиандростерон зэрэг болой. Бөөрний дээрх булчирхайн холтослогт үүссэн тестостерон нь дегидроэпиандростерон болж хувирна.

Ийлдэсний тестостеронылавламж хэмжээ, илэрхийлэх нэгж

Хоногт 6-7мг тестостерон үүсэх бөгөөд цусан дахь хэмжээ нь 14-21 н моль/л гэж Я. Мусил (1985) үзсэн бол В.М Лифшиц (1998) нар хэвийн нөхцөлд насанд хүрсэн эрүүл эрэгтэй хүмүүст нийт тестостероны (н-Т) түвшин 575±145 нг/мл буюу 19.8±5.5нМ/л, эмэгтэйчүүдэд 49±13 нг/100мл буюу 1.71±0.46 нМ/л гэж тодорхойлжээ. Харин ийлдэсний чөлөөт тестостероны (ч-Т) хэвийн түвшинг эрэгтэйчүүдэд 7.9±2.3 нг/100мл; эмэгтэйчүүдэд 0.31 ±0.07нг/100мл гэж тогтоосон нь н-Т-ны 1.0%-1.5% болж байгаа юм [13,14,16].

В.Долгов (1995) нарынхаар цусны ийлдэсний нийт тестостероны хэвийн түвшинг

  • бэлгийн бойжилт эхлээгүй хүүхдэд 0.2-0.7 н моль/л буюу 0.06-0.2мкг/л
  • эмэгтэйчүүдэд 0.4-3.9н моль/л буюу 0.1-1.1мкг/л
  • эрэгтэйчүүдэд 20-39 настайд нь 9-38 нмоль/л буюу 2.6-11мкг/л 40-55 настайд 7-21нмоль/л буюу 2.0-6.0мкг/л; 55-аас дээш насанд 6-18нмоль/л буюу 1.7-5.2мкг/л гэж тогтоожээ [12].

Ийнхүү ном хэвлэлд ийлдэсний тестостероны түвшинг янз бүрийн нэгжээр илэрхийлжээ. Иймд тестостероны нэгж шилжүүлэх коэффициентийг авч үзье:

нмоль/л 0.288 мкг/л

мкг/л 3.467=нмоль/л

эндээс: 1нг/100мл=28.8нмоль/л

1нмоль/хоног= 3.47мкг/хоног

1нмоль/кг=3.47мкг/кг-тай тус тус тэнцүү байх аж [27].

Цусны тестостероны түвшин; нас ба хүйсний хамаарал (А.Г. Таранов, 2004)

А.Ш.Бышевский нарынхаар (1994) тестостероны радиоиммуны аргаар тодорхойлсон дундаж хэмжээг эрэгтэйчүүдийн цусны сийвэнд 9.4-320 нмоль/л, шээсэнд 152-751 нмоль/24цаг, эмэгтэйчүүдийн сийвэнд 2-5 нмоль/л, шээсэнд нь 20-270 нмоль/24цаг .гэж тодорхойлжээ. Харин Ф.И. Комаров, Б.Ф. Коровкин нар (2006) ба Г.И.Козинц, Л.М.Гинодман нар (1992) насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цусны ийлдэсний нийт ба чөлөөт тестостероны түвшинг нг%-иар илэрхийлэн дараах байдлаар тогтоожээ. Үүнд: н-Т насанд хүрсэн эрэгтэйчүүдэд 300-1000нг%, эмэгтэйчүүдэд 20-80нг%, ч-Т эрэгтэйд 10-30нг%, эмэгтэйд 0.3-2.0нг% гэж үзсэн байна. Энд 1нг% гэдэг нь 0.035нмоль/ л-тэй тэнцүү(14). И.Г.Назаренко (2006) нарын номонд: бэлгийн бойжилтын өмнөх насны хүүхдэд тестостероны ийлдсэнд агуулагдах хэмжээг 0.06-0.2мкг/л, насанд хүрсэн эмэгтэйчүүдэд 0.1-1.1мкг/ л, харин насанд хүрсэн 20-39 насны эрэгтэйчүүдэд 2.6-11мкг/л, 40-55 насныханд 2.0-6.0 мкг/л, 55-с дээш насанд 1.7-5.2мкг/л гэж тэмдэглэсэн нь В.Долгов нарын номоос «авсан» бололтой (20). L.G.Whifby (1988) болон бусад судлаачид н-Т-ы биохимийн лавламж хэмжээг эрэгтэйчүүдэд 427-8mg/100ml (280-597 5) эмэгтэйд 455mg/ 100ml(27 6-68,7) гэсэн байх юм. Хоногт эрэгтэй хүний биед 5 мг (6-7мг) орчим тестостерон үүсдэг гэж олон судлаачид тэмдэглэжээ (1,40,41). Ийнхүү эрэгтэй эмэгтэй хүмүүсийн болон хүүхдийн цусны ийлдэсний нийт ба чөлөөт тестостероны түвшин ялгаатай байна. Ийлдэсний Т-г ихэвчлэн нмоль/ л, мкг/л-ээр илэрхийлж, харин шүлсний ч-Т-г пг/мл-ээр (рд/гп1)илэрхийлдэг байна. (35,36,22). Монгол хүмүүст андроген дааврын лавламж хэмжээг судлан тогтоох ажил хийгдээгүй байгаа юм. Иймд андрогены дутлын болон илүүдлийн эмгэгийг оношлож эмчлэх асуудалд бэрхшээл учрах нь дамжиггүй. Монгол улсад эр хүн судлалын (андрологийн) асуудлыг нийгмийн хүрээнд ч, биологи, анагаах ухааны хүрээнд ч эрчимжүүлэх шаардлагатай байна.

Андрогенүүдын дутагдал, онош зүйн холбогдол

Зарим өвөрмөц эмгэгүүдийг эс тооцвол андрогены дутагдал эмнэлзүйн практикт элбэг тохиолддог байна. Тестостероны шүүрэл нь хоногийн хэмнэлтэй (циркадный ритм) 6.00 цагт хамгийн их байх аж. Хоногийн турш тестостероны хэмжээ буурсаар 20.00 цагт хамгийн бага болно. Гэвч өдөр унтсаны дараа нэмэгдэнэ [ 9, 10, 29].

Андрогены статусын хамгийн зохистой маркер нь тестостероны чөлөөт биологийн идэвхит хэлбэр юм. Иймд клиникт хамгийн их ач холбогдолтой нь нийт тестостерон биш, харин холбоот бус, чөлөөт тестостероны түвшин л чухал юм.

Цусанд чөлөөт Т-г шууд тодорхойлоход технологийн бэрхшээлтэй тул Т зөвхөн чөлөөт хэлбэрээр орших биологийн нэгэн шингэн-шүлсэнд тодорхойлох аргыг сүүлийн үед ихээхэн сонирхох болов. Шүлсний цоргонд зөвхөн бага молекул масс бүхий, альбумин ба глобулинтай холбогдоогүй, чөлөөт тестостерон л нэвчин ордог нь тогтоогджээ. Түүгээр ч барахгүй шүлсний чөлөөт тестостерон цусны ийлдэснийхтэй хэмжээгээрээ ойр байдгийг ч илрүүлжээ [7,10, 29, 40].

Андрогенүүдийн ялгаралт дутагдлын үед янз бүрийн хэлбэрийн гипогонадизм, илүүдлээр ялгарахад гиперандрогенийн төрлүүд илэрнэ. Цусны сийвэнгийн Т-ны түвшин нас ахих тутам буурах ханлагатай, ялангуяа хавсарсан өвчны үед багасна. Харин ДГТ насаар буурах нь бага, харин түүний түрүү булчирхайн эдэд үүсэх нь нэмэгдэнэ. Энэ нь түрүү булчирхайн гиперплази (зузаарал) ба аденома үүсэх үндсэн шалтгаан болно гэж үзэж буй [9, 10]. Ахимаг насны эрчүүүдэд бай-эдийн андрогены рецепторын тестостеронд, ДГТ-д мэдрэг чанар буурна, хэмнэл нь арилна. Бөөрний дээрхи булчирхайн андроген-дегидроандростероны үүсэлт 30 наснаас хойш давшингуй буурна [6. 23].

Сэтгэл түгшил, тамхи хэт татах болон гадаад орчны зохисгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр Т-ны ялгаралт саатна. Бэлгийн дааврын ялгаралтын хэмжээ, үйлчлэл алдагдах төрөлхийн эмгэгүүдэд нь бэлгийн булчирхайн (гонадын) дутуу хөгжил [38, 39], мөн стероидген эсүүдийн энзимийн дуталтай (дефект) холбоотой.

Мөн бэлгийн дааврын (андроген) рецепторуудын «өөрийн даавраа таних»

чадвар алдарснаас ч болно. Андроген дааврын дутал, насжилтын гипогонадизм нь 50-с дээш насны эрчүүдэд элбэг тохиолддог нь сүүлийн жилүүдэд судлаачдын анхаарлыг ихээр татах болов. Андрогены дутал нь өвөрмөц шинж тэмдэггүй тул илрүүлэх бодит гол шалгуур нь цусанд эргэлдэх нийт тестостероны түвшин буурч 11-12 нмоль/ л-аас бага болох (н-Т), бас сперматозоидын үүсэлт багасах явдал юм. ОХУ-ын болон Германы судлаачдынхаар н-Т-ны түвшингийн багасалт 40-60 насны эрчүүдэд 7%, 60-80 насныханд 21% хүртэл тохиолдох аж. Наснаас хамаарч үүсэх тестостероны дутагдал нь гипоталамус-гипофизийн уялдааны гаралтай байж болох ба бас шууд Лейдиг-эсийн шүүрлийн үйл ажиллагаатай холбоотойгоор ч үүсч болох юм. Цусанд эргэлдэх тестостерон нь зөөврийн өвөрмөц глобулинтай бүрдэл үүсгэсэн байдлаар 49-65%, нь харин 35­50%, нь өвөрмөц бус альбуминтай холбоотой байх аж. Зөвхөн 1-2% нь чөлөөт тестостерон байдаг. Чөлөөт ба альбуминтай холбоот тестостерон нь дааврын биологийн идэвхит хэлбэр юм [6, 7]. Зарим номонд цусны тестостероны 97-98% нь өвөрмөц бета-глобулинтай холбогдож оршино гэжээ [27]. Глобулинтай холбоотой хэсэг нь элгэнд тестостерон задарч алдрахаас сэрийлдэг буфер тогтолцооны үүрэгтэй гэж ихэнх судлаачид үзэж байна [3, 31].

Эрэгтэйчүүдийн бэлгийн үйл ажилгааны алдагдал нь юуны өмнө бэлгийн бойжилт эрт явагдах  (9  наснаас  өмнө)  байдлаар илэрнэ.

Андроген дааврын илүүдэл ялгаралттай холбоотой. Голдуу сперматогенезгүй вирилизаци илрэх байдлаар тохиолдоно.Хөвгүүдэд бэлгийн бойжилт хугацаанаасаа өмнө явагдах гол шалтгаан нь;

А. Гонадотропин үл хамааралт (вирилизаци болох) хам шинжүүд юм. Энд :

  • Лейдиг эсийн хавдар буюу гиперплази
  • Бөөрний дээрх булчирхайн төрөлхийн гиперплази
  • Бөөрний дээрх булчирхайн хавдар
  • Андроген даавар хэрэглэх (уух, тарих) зэрэг шалтгаан зонхилно.

Б. Гонадотропин хамааралт хам шинжүүдээс бас шалтгаална. Үүнд:

  • Хорионы гонадотропин шүүрүүлэгч хавдрууд
  • ТМТ-ны алдагдал
  • Бусад хавдарууд
  • Халдвар
  • Гэмтэл зэргийг оруулна. Эрэгтэйчүүдийн  бэлгийн  үйл ажиллагааны

алдагдлын 2 дахь үндсэн шалтгаан нь гипогонадизм юм.Энэ нэрийн дор сперматогенезийн алдагдал, эсвэл тестостероны шүүрэл, ялгаралтын хомсдол, эсвэл хоөуланг хамтад нь ойлгоно [17, 18, 37].

Эрэгтэйчүүдийн гипогонадизмын шалтгаан

Анхдагч гипогонадизм нь үрийн булчирхайн (төмсөгний) өөрийнх нь өвчин, эмгэгээс л болно

[37, 38].

Эдгээрийг дотор нь 3 ангилж болох юм. Үүнд.

а)  Төрөлхийн (алдагдал) эмгэг

  • Хромосомын гажиг (Клайнфельтерийн хам шинж ).
  • Андрогены нийлэгжилтийн удамшилын дутмагшил
  • Андрогенд тэсвэрт байдал (үл мэдрэх)
  • Криторхизм зэрэг болой.

б)  Олдмол (алдагдал) эмгэг.

• Вирусын гаралтай төмсөгний үрэвсэл (гахай хавдрын үеийн орхит гэх мэт)

  • Гэмтэл бэртэл
  • Цацраг туяаны нөлөө
  • Эмийн бодисын хордлого, (эс хордуулагч эмүүд, архидалт, спиринолактоны эмүүд) зэргээс зонхилон шалтгаална.

в)     Үрийн булчирхайн үйл ажиллагааг
алдагдуулагч тогтолцооны (системийн ) өвчнүүд.

  • Элэгний, бөөрний өвчнүүд
  • Хадуур хэлбэрийн эст цус багадалт
  • Мэдрэлийн өвчнүүд (миотоник дистрофи, параплеги )зэрэг шалтгаан зонхилох ажээ [18,

31].

Хоөрдогч гипогонадизм нь гипоталамус-гипофизийн гаралтай шалтгаанаас хамаарч үүсдэг.

Үүнд: а)   Гипоталамус-гипофизийн өвчнүүд орно.

  • Пангипопитуитаризм
  • Гонадотропины дутмагшил
  • Гиперпролактинеми   зэрэг   шалтгаан энд зонхилно [35, 37].

    б)    Дотоод шүүрлийн бусад өвчнүүд орно 

Ялангуяа Иценко-Кушингийн хам шинж чухал үүрэгтэй

Эрэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааны алдагдал нь бэлгийн бойжилт зогсох байдлаар илэрч болох юм. 16-18 нас хүртэл бэлгийн хөгжил сунжирч удааширна. Энэ нь заавал эмгэг шалтгаантай байх албагүй ч гэж үздэг.

Харин эмгэг шалтгаанд нь Клайнфельтерийн хам шинж (ХХУ) орно. Бэлгийн бойжилт хагас явагдана. Кальманы хам шинж гэж бий. Энэ нь гонадолиберины дутуу ялгаралтаас болох ба үнэрлэхүй ямагт алдагддаг аж.

Мөн эмших хам шинжээр илэрч болох юм (феминизаци). Эрэгтэй хүн эмших (гинекомасти) нь янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг, хөх нь ургаж томрохоос эхлээд хуурамч манин (псевдогермафродитизм) хүртэлх шинжүүд гарна [29, 30, 31].

Т элгэнд дорхноо идэвхигүй болох тул орлуулах эмчилгээний зорилгоор янз бүрийн хэлбэрийн гипогонадизмын үед амаар хэрэглэх нь ховордуу. Иймд нилээд үргэлжсэн урт үйлчлэлтэй Т төст бодисуудыг нийлэгжүүлэн гаргажээ. Үүнд: Т-пропионат, Т-энантат зэрэг орно. Тарьж хэрэглэхэд 2-3 долоо хоног дааврын үйлчлэл үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд Т-тестостерон буциклат хэмээх шинэ эфирийг нийлэгжүүлэн гаргасан бөгөөд стероидын тосон уусмалыг 1 удаа тарихад цусанд 3 сар хэвийн түвшинг барина гэж үзэж буй. Мөн метилтестостерон зэргийг гаргаж бэлгийн бойжилт дутуу үед, эр хүний 'цэвэршилт'-н үе ба үүнтэй холбоотой зүрх-судас, мэдрэлийн элдэв хямралын үед хэрэглэж байна. Тестостероны уламжлалт нийлэг дааврууд элэг хордуулах үйлчлэл үзүүлдэг аж.

Монгол эр хүний андроген дааврын, ялангуяа тестостероны лавламж хэмжээг насны ангилалаар судлан тогтоох нь онол, практикийн чухал ач холбогдолтой юм. Ялангуяа насжилтын үеийн андроген дутлын хам шинж, эмгэгүүдыг эрт оношлох, эмчлэхэд зохих хувь нэмэр болох нь дамжиггүй.

Ном зүй

1. Анализ крови и мочи,какего интерпретировать, Подред. Козинца Г.И. Гинодмана Л.М Москва \'\'Мир\'\' 1992. С. 70-74
2. Бабичев В.Н Рецепторные механизмы действия половых гормонов. Может ли рецептор работать без лиганда? Проблемы эндокринологин, 2006 _N1, Т.52 С.32-38
3. Биохимия ( учебник для вузов ) Изд дом ГЭОТАР-мед. 2003-С.545-609
4. Биохимические основы патологических процессов. Подред. чл.кор. РАН Е.С. Северина Москва Медицина 2000 С.211-226
5. Бышевский А.Ш, Терсенов О.А Биохимия для врача Екатеринбург 1994 С.352-353
6. Гончаров Н.П Кация Г.В Дегидроэпиандростерон и адренархе Проблемы эндокринологии-2007-П2, Т-53 С.16-20
7. Гончаров Н.П, Кация Г.В, Добрачева А.Д и др . Диагностическая значимость определения общего тестосрона в сыворотке и свободного биологически активного тестостерона в слюне у мужщин. Проблемы эндокринологии.- 2007, -N3, T.53 C.30-35
8. Гончаров Н.П. Информация о конгрессе по андрологии. Проблемы эндокринологии 2006-N1, T.52 C.51-53
9. Гончаров Н.П. Андрогены (лекция) Проблемыэндокринологии.- 1996- N4, T-42, C.28-31
10. Дедов И.И, Калинченко С.Ю Возрастной андрогенный дефицит у мужщин М. Практичесная медицина, 2006 С. 17-57
11. Дедов И.И, Семичева Т.В и др. Половое развитие детей; норма и патология М. 2002 С.25-40
12. Долгов В. Морозова В и др. Клинико-диагностическое значение лабораторных показателей. Москва, 1995 С.180-182
13. Камышников В.С О чем говорят медицинские анализы Москва-2005 С.83-84
14. Комаров Ф.И Коровкин Б.Ф Биохимические показатели в клинике внутренних болезней Москва «МЕДпресс» 1999 С.191-192
15. Ленинджер А. Основы биохимии (перевод с английского) Москва «Мир» 1985 Т.3 С.780- 782
16. Лифшиц В.М, Сидельникова В.И Биохимические анализы в клинике (справочник) Москва 1998 С.147-178
17. Марри Р. , Греннер Д., Мейес П и др Биохимия человека (перевод с английского) Т.2 Изд »Мир» 1993 С.220-245
18. Маршалл В.Дж Клиническая биохимия Санкт-Петрбург 1999 (перевод с английского) С.175-187
19. Мужской климакс- миф или реальность? W.Schumayer, Ме<Сюа11:пЬипе,Австрия Проблемы эндокринологий 1998-N3 Т-44 С.26-28
20. Назаренко Г.И., Кишкун А.А Клиническая оценка результатов лабораторных исследований Москва «Медицина» 2006. Х.433-434
21. Патобиохимия. Подред Е.А. Строева, В.Г. Макаровой и др. Москва ГОУ ВУНМЦ 2002 С.184-191
22. Руководство по клинической лабараторной диагностике. ТОМ-3 (клиническая биохимия) Киев 1986, подред М.А. Базарновой и В.Т. Морозовой С. 188-189
23. Роживанов Р.В., Вакс В.В Дегидроэпиандростерон: физ-роль и возможности применения в качестве медикаментозного средства роблемы эндокринологий 2005-N2, T.51 C.48-52
24. Сидельникова В.М Эндокринология беременности в норме и при патологии МЕД пресс-информ, 2007-С.101-104
25. Справочник лабораторных и функциональных показателей здорового человека-Москва-1992 С.13-14
26. Страйер Л Биохимия (перевод с английского) Москва «Мир» 1985 Т.3 С.220-224
27. Таранов А.Г. Лабораторная диагностика в акушерстве и гинекологии Москва 2004 С. 35¬38
28. Уайт А, Хендлер Ф., Смит Э и др Основы биохимии Т.3 1981 (перевод с английского) Изд »Мир» С. 1575-1586
29. Устинкина Т.И Эндокринология мужской половой системы. Санкт-Петрбург ЭЛБИ-СП-б 2007-С.14-45, 93-104
30. Устинкина Т.И. Клиническая интерпретация нарушения функции яичек
31. Проблемы эндокринологии 2002-N3 Т.48 С.37-39
32. Цыганенко А.Я., Жуков В.И., Мясоедов В.В и др. Клиническая биохимия «Триада-Х» Москва 2002 С.267-275
33. Чичинадзе К.Механизмы регуляции полового поведения Проблемы эндокринологии 2004 -N1 Т.50 С.47-49
34. Энэбиш Д.Дааврын биохимийн үндэс УБ-2007 Х.148-158
35. Ясинская И.М., Сумбаев В.В Универсальная и комплексная энзимология ароматазы Проблемы эндокринологии 2006-N1 Т.52 С.39- 40
36. BLumberg J.et al (1991): Testicular tumors in congenital adrenal hyperplasia steriod measurements from adrenal and spermatic veins J. Clin. Endocrinol Metаb.73, 1129-1133
37. EASTHAM R.D Biochemical values in clinical medicine (The Results following Pathological or Physiological Change) Bristul join wright and sons ltd p.214-215 1978
38. Grinspoon.*S et al (2000) Effects of hypogonadism and testosterone administration on depression indicis in HIV- infected men J.Clin. Endocrinol.
Metab.85, 60-85
39. Leder BZ et al (2004) Effect of aromatase inhibition elderly men with low or borderline-low serum testosterone levels J.Clin. Endocrinol. Metab 89, 1174-1180
40. Mulhall J.P., et al (2004); Effect of testosterone supplementation on sexual function in hypogonadal men with erective dysfunction. Urology 63, 348¬352
41. Ruutiainen K. et al (1987): salivary testosterone in hirsutism: correlations with serum testosterone and the degree of hair growth, J.Clin. Endocrinol, 16, 213-216
42. Whitby L.G., Persy-Robb I.Wetal. lecture notes on clinical chemistry, Black well Scientibic Publications 1988 P.366-368.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Г.Баясгалан


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6499
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК