Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2009, 2(6-2)
Эрүүлийн төлөө-хамт олон
( Захидал )
 

“Innovation” сэтгүүл та бүхэнд шинэ булангаа танилцуулж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж бүтээж яваа хүн бүр ямар нэгэн хамт олны тодорхой хэсэг байж чадаж гэмээнэ үйл ажил нь амжилттай байдаг нь хэнд ч ойлгомжтой билээ. Сургуулийн танхимаас ард түмнийхээ эрүүл энхийн төлөө зүтгэхээр ирж буй шинэхэн төгсөгч нарыг олон жил  ажилласан эмнэлгийн ажилтнууд, “ууртай” эсвэл “зөөлөн” дарга, туршлагатай эмч нар, “архаг” сувилагч нар, мөн бүхний хайртай асрагч эгч гээд л олон хүмүүс угтаж авдаг билээ. Нэг мэдэхэд цаг хугацаа ч өнгөрч, тэднийхээ хамт аливаа хүндрэл, бэрхшээлийн дунд үл ажран хүний амийг аврах нэгэн хамт олон болж, шинэ бүхнийг санаачлан ажиллах сэтгэлийн болоод мэдлэгийн цог хийморийг олдог тийм сайхан хүмүүсийг бид сэтгүүлээрээ дамжуулан та бүхэнтэй уулзуулья, туршлагыг нь хүргэе хэмээн энэхүү “Эрүүлийн төлөө - Хамт Олон” булангаа нээж байна.

Ангиографийн оношлогоо эмчилгээний тасаг

Манай булангийн анхны зочноор  Монгол улсад ангиографийн салбарын анхдагч болсон Ангиографийн оношлогоо эмчилгээний тасгийн хамт олныг танилцуулах гэж байна.

Энэхүү хамт олон одоо 11-үүлээ. Зөвлөх эмч-1, эмч-3, сувилагч-4, инженер техникч 2, туслах ажилтан-1- тэйгээр Монгол улсын хэмжээнд ангиографийн оношлогоо эмчилгээг үзүүлж, 7 орны эмч нартай хамтран 5 төсөлт ажлыг өөрийн тасагтаа хэрэгжүүлж буй ажилсаг хамт олон байна.

П.Н.Шастины клиникийн төв эмнэлгийн захирлын 2004 оны 5 сарын 20-ны өдрийн 145 тоот тушаалаар ангиографийн кабинетыг 10 ортой ангиографийн оношлогоо-эмчилгээний (АОЭ) тасаг болгон өргөтгөж анхны тасгийн эрхлэгчээр АУ-ы доктор З.Лхагвасүрэнг томилон ажиллуулсан ба ингэснээр ангиографийн шинжилгээний нэр төрөл олширч одоогоор 27 нэр төрлийн оношлогоо, 18 нэр төрлийн судсан дотуурх мэс засал эмчилгээг хийж байна.

Тасаг байгуулах дээрх тушаалыг харахад дөнгөж саяхан байгуулагдсан хамт олон мэт санагдаж магадгүй. Гэвч энэхүү хамт олны түүх 1964 онд П.Н.Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн РУМ-5 рентген аппарат дээр С.Загдаа, Р.Пүрэв нар ОХУ-ын эрдэмтэн Б.П.Бураковскийтай хамтран судас сэтгүүрдэх анхны шинжилгээг хийсэн үеэс эхэлсэн юм.

Хэдийгээр энэхүү ажилбар дэлхий дахинд ангиографийн шинжилгээ хийгдэж эхэлсэнээс хойш 40 жилийн дараагаар хийгдсэн боловч манай оронд эмчилгээ оношлогооны шинэ аргачлалыг нэвтрүүлсэн чухал үйл явдал болсон.

Монгол улсад 1969 онд зүрх судасны мэс заслын тасаг байгуулагдан 4 сард Швед улсын “Elema- Shanonder” маркийн ангиографийн аппарат тавигдсанаар манай улсад хүний бие эрхтэнийг шинжлэх ангиографийн шинжилгээний үндсэн суурь тавигдсан бөгөөд анхны эмчээр С.Загдаа, Ц.Бундан, инженерээр Д.Палам, сувилагчаар Л.Бямбажав нар ажиллаж байсан.

1987 онд Япон улсын “HITACHI“ фирмийн DH-1520 маркын телевизийн системт  ангиографийн иж бүрэн аппарат тавигдсанаар зүрх судас сэтгүүрдэх 12 төрлийн шинжилгээ хийгдэж байсан ба энэ үед эмчээр Ж.Цог, Л.Паадай, З.Лхагвасүрэн, Т.Бадарч нар ажиллаж зүрхний мэс заслын тасгийн ихэнх эмч нар өөрсдөө зүрх сэтгүүрдэх оношлогоо хийдэг, ангиолог эмч нар зүрхний мэс засалд туслах эмчээр оролцдог байсан байна.

Улмаар 1980-аад оны сүүлч 90-ээд оны эхээр Ц.Бундан тэргүүтэй зүрх судасны мэс заслын тасгийн хамт олон зүрх судас сэтгүүрдэх 12 төрлийн шинжилгээ, 5 төрлийн судсан дотуурх мэс заслын эмчилгээг хийх болсон байна.

Энэхүү эмчилгээний аргуудын анхдагч цаг товчооныг харуулбал:

Ц.Бундан /1973/, Ж.Цог /1987/ нар зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхой гажигт сэтгүүрээр гогцоо үүсгэж хэмжих аргыг хэрэглэв.

Ц.Бундан /1978/, Ж.Цог /1992/, З.Лхагвасүрэн /1992/ нар артерийн битүүрээгүй цоргыг бөглөх оролдлого, бөөрний болон бугалганы артерийн нарийслыг А.Грюцегийн баллонт сэтгүүрээр тэлэх аргыг анх удаа хэрэглэв.

Н.А.Зорин, П.Дондов нар 1986 онд гүрээний тараагуур судсаар булчингийн жижиг хэсэг явуулж каротид-каверноз цоорхойг бөглөх оролдлого хийснээр мэдрэлийн мэс заслын практикт судсан дотуурх мэс заслын эмчилгээ эхэлсэн байна.

Дээрх эмгэгийг гар хийцийн баллон бөмбөлгөөр бөглөх эмчилгээг 1990 онд Б.Батчулуун, П.Дондов нар анхлан хийв.

Б.Батчулуун, Ж.Хайрулла нар тархины тараагуур судасны цүлхэнгийн үед баллоноор бөглөх эмчилгээг 1991 онд эхлэн хийв.

Тархины тараагуур, хураагуур судасны эмгэг сүлжээрлийн үед эмболизаци хийх эмчилгээг 1993 оноос Б.Батчулуун нар  хийж эхэлжээ.

Энэхүү үйл ажиллагаа өргөсөж байгааг үндэслэн АУҮХ-н захирлын 1995 оны 6 сарын 15-ны 123 тоот тушаалаар ангиографиййн хэсгийг зүрх судасны мэс заслын тасгийн харъяаллаас гаргаж рентген тасгийн харъяанд бие даасан кабинет болгон ажиллуулсан байна.

1993 онд манай орны анагаах ухааны түүхэнд З.Лхагвасүрэн, академич Н.Баасанжав нар анх целиакоангиографийн шинжилгээг хийв.

1994 онд З.Лхагвасүрэн, М.Шагдарсүрэн, сувилагч И.Пүрэвдулам нар элэгний хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээг П.Н.Шастины  клиникийн төв эмнэлгийн  ангиографийн кабинетэд, Хавдар судлалын төв эмнэлгээс сонгон авчирсан Сүхбаатар аймгийн өвчтөн “Б”-д хийсэн нь энэ эмчилгээний эхлэлийг тавьжээ.

1997 онд Н.Баасанжав, З.Лхагвасүрэн нар зүрхний хөндийд нэг туйлт электро кардиостимулятор тавьж, З.Лхагвасүрэн (1995), Л.Жаргалсайхан (1997) нар элэгний хатуурлын улмаас үүссэн дэлүүний томролт, хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээ, нойр булчирхайн хурц үрэвслийн үед сэтгүүрээр эм хийх, бөөрний судасны нарийслыг тэлэх эмчилгээг хийсэн.

2000 онд З.Лхагвасүрэн, Р.Болдбат, Ш.Болд нар нурууны нугалмайн их биеийн хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээг амжилттай хийжээ. 2000 оноос тус эмнэлгийн ангиографийн эмч нар, мэс заслын эмч нартай хамтран элэгний хавдрын тэжээгч судсыг бөглөсний дараа тодорхой хугацаанд  хавдрыг  тайрч авах эмчилгээг амжилттай хийсэн.

2003 оны 5-р сард Австралийн Ротари клубийн тусламжаар PHILIPS фирмийн “Polidiagnost C-2 “ digital subtraction системтэй видео болон дискэн бичлэгтэй орчин үеийн аппаратаар тоноглогдсон нь зүрх судас сэтгүүрдэх шинжилгээ, судсан дотуурх мэс заслын эмчилгээг (СДМЗЭ) хөгжүүлэхэд чухал алхам болсон.

Улмаар:

1995-1996 оны дунд үеэс гадаад харилцаа эрчимтэй хөгжин ШКТЭ-ийн ангиографийн тасгийн эмч нар Японы Токиогийн их сургуулийн профессор S.Furui, T.Sakomato нартай элэгний хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээний аргыг,

1998 онд Австралийн эмч доктор David-тэй хамтран сонгомол коронарографийн шинжилгээ хийж,

2000 оны 10 сараас Францын эмч доктор B.Gerardin, P.Remy нартай хамтран титэм судасны нарийслыг баллонт сэтгүүрээр тэлж, стент тавих эмчилгээг,

Японы эмч Ханада, Хагаки нартай хамтран артерийн битүүрээгүй цоргыг бөглөх эмчилгээний аргыг,

2005 оноос АНУ-ын доктор N.Mery, P.Alison нартай хамтран зүрхний төрөлхийн гажиг тосгуур хоорондын таславчийн цоорхойг  Амплатзераар (Amplatzer Septal Occluder) бөглөх эмчилгээг амжилттай хийж одоогоор 25 төрлийн ангиографийн оношлогооны аргыг практикт бүрэн нэвтрүүлж, 17 нэр төрлийн судсан дотуурх мэс заслын эмчилгээг амжилттай хийгээд байна.

Ангиографийн тасгийн хамт олон, эмч нар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж илтгэл өгүүлэл-145, Ашигтай загвар-18, Шинэ бүтээл-1-ийг практикт нэвтрүүлж оюуны өмчийн газраар баталгаажуулан гэрчилгээ, патент авахын зэрэгцээ 2006 онд “Зүрхний төрөлхийн гажиг, судасны эмгэгийг судсан дотуур оношлон эмчлэх”, ”Эрдэм шинжилгээний илтгэл өгүүллийн эмхэтгэл”, 2007 онд “Элэгний циррозын зарим хүндрэлийн судас бөглөх эмчилгээ” зэрэг бүтээлүүдийг бичиж нийтийн хүртээл болгосон ба Монгол улсын шинжлэх ухааны шилдэг бүтээлийн 2-р байрын шагналыг хүртсэн байна. 2008 онд “Ангиографийн оношлогооны үндэс“ ном бичиж тэр бүтээл нь INNOvation сэтгүүлийн “2008 оны шилдэг бүтээл”-ийн өргөмжлөл хүртсэн билээ.

Хүний төлөө, эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө байнга шинийг эрэлхийлж ажиллаж буй энэ бүтээлч хамт олон цаашдынхаа үйл ажиллагааны талаар Innovation сэтгүүлд хэлэхдээ “Бид цаашид шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг өөрсдийн практик үйл ажиллагаандаа нэвтрүүлэн зүрхний төрөлхийн гажгийг бөглөх эмчилгээ, 2 ба 3 хавтаст хавхлагын нарийслыг тэлэх эмчилгээг судсан дотуурх мэс заслын аргаар хийх, зүрхний хөндийгөөс биопси авах, тархины болон бусад эрхтэний эмгэгийн үед судсан дотуурх мэс заслын эмчилгээний аргыг хэрэглэж, анагаах ухааны энэ салбарыг бие даасан шинэ салбар төв болгон хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилт тавин ажиллаж байна” гэсэн юм.

 

Та бүхний хүсэл биелж олон олон хүнд ач буянаа өгөх болтугай.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1642
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК