Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Монголын анагаах ухааны парадигмийн шилжилт (XVIII-XIX зуун хүртэл)
( Судалгааны өгүүлэл )

Ш.Болд

Эрүүл мэндийн яам

 
Абстракт

We classified the most reformative and innovative paradigm (theories and concepts) developed by Mongolian doctors and scholars into three general groups:

  • Works that brought out completely new theoretical and historical concepts, structure which encouraged creation of new system of theory, methodology and training (authors including Sumbe Khamba and Lunrig Dandar). 
  •  Works of practical importance that created new treatment techniques, medications and improved the quality of medical care (authors including Sumbe Khamba, Mindol Jambal, Luvsanchoinbal, Jigmeddanzanjamts, Choijamts).
  • Reformative and innovative for Mongolian and Tibetan medical theory and clinical practice (authors including Sumbe Khamba, Lunrig Dandar, Jigmeddanzanjamts).

Key words: Innovative paradigm, Mongolian and Tibetan medical theory, historical concepts, theoretical and historical concepts
Pp.6-10, References 16.

Удиртгал. XVI зууны сүүлчээс Монголд гурав дахь удаагаа дэлгэрсэн бурханы шашинг дагалдан орж ирсэн Энэтхэгийн Аюурведийн анагаах ухаанд тулгуурласан Түвэдийн анагаах ухааны сургуулиуд Монгол оронд дэлгэрч тухайн үеийн Монголын эрүүл мэндийн тогтолцоонд цоо шинэ хуудсыг нээжээ. Газар бүрт сүм, хийд байгуулагдан, томоохон хийдүүдийн дэргэд Манба дацан нэртэй эмчийн сургуулиуд үүсэн бий болж олон арван эмч нарыг бэлтгэж байв.

XVII зууны сүүлч гэхэд Энэтхэгийн Аюурвэд болон Түвдийн анагаах ухааны жүд (үндэс)-ийг Монгол эмч, мааранба, эрдэмтдийн оюун билгээр орчуулан тайлбар, тайлал хийж дэлгэрүүлэн баяжуулж, улмаар зарим иш онол, эмчилгээний аргуудыг туршлагын явцад хуримтлуулсан анагаах ухааны онол, арга зүйн ололттой хослуулан цоо шинэ урсгалууд /сургууль/-ыг бий болгох эхлэл үе байлаа. Ар, Өвөр Монголд байгуулагдсан эмчийн сургуулиудад үндсэн /шүн/ ном "Анагаах ухааны дөрвөн үндэс "-ийг сургалтын сууриа болгож, энэхүү номын агуулганд нийцсэн сургалтын дэг, ёсыг бий болгожээ.

XVIII зууны үед Монголын мэдлэг, ухааны салбар бүрт сэтгэлгээний томоохон дэвшилтүүд гарч их, бага таван ухааны орчуулгын ба тайлбар зохиолууд олноороо хэвлэгдэн бараг бүх аймаг, хошууд, сүм, хийдэд тараагдан, судлагдаж байжээ. XVIII зуун бол "Анагаах ухааны дөрвөн үндэс"-ийн урсгалаар онол, арга зүйн гол удирдлагаа болгосон Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн алтан үеийн эхлэл бүрэн тавигдсан гэж хэлж болно. Энэ үеэс Сүмбэ ханбо Ишбалжир (1707-1788), Цахар гэвш Лувсанчүлтэм (1740-1810), Миндол номуун хаан Жамбалчойжиданзанпринлэй (1789-1838), Тойн Жамбалдорж (1792-1855), Жигмэдданзанжамц (XVIII сүүлч) нар төрөн гарч ном бүтээл, шинэлэг санаа, онолыг ойлголтыг бий болгож эхэлсэн байна.

Эдгээр бүтээлүүдийн шинэлэг талтай, сэтгэлгээний дэвшилтэнд гарцаагүй хүрч чадсан онол, ойлголтуудыг ерөнхийд нь багцлаад 3 үндсэн хэсэгт хуваан үзэж болохоор байна.

  1. Онол, түүхийн талаар урьд өмнө гараагүй агуулга, хэлбэр бүхий уламжлалт анагаах ухааны онол, арга зүй, сургалтын шинэлэг тогтолцоог бүрдүүлэхэд түлхэц болсон бүтээлүүд: Алтайн "Язгуурын үндэс"-ийн тайлбар, Ламын гэгээний "Анагаах ухааны язгуурын үндсийн тайлбар тодотгогч зул", Сүмбэ хамбын "Рашааны дусал", "Рашааны хурим", Лүнриг Дандарын "Дөрвөн үндсийн тажод", "Ар үрийн эрхэс", "Анагаах ухааны дөрвөн үндсийн түүх ".
  2. Практикийн эмч нарын гарын авлага, эмчилгээний шинэ арга, эм, заслыг бий болгож, эмнэлгийн тусламжийн чанарыг дээшлүүлэхэд суурь болж өгсөн бүтээлүүд:

Ламын гэгээний "Рашааны цацрал", "Хорин тавтын найрлага ", Сүмбэ хамбын "Рашааны цагаан шүүдэр ", Цахар гэвшийн "Эм таних ухаан", Миндол Жамбалын "Увидасын далай", Жамбалдоржийн "Үзэсгэлэнт нүдэн чимэг ", Лувсанчойнболын "Нандин эрдэнийн шимийн хураангуй ", Жигмэдданзанжамцын "Үзэгсдийн баясгалан ", Ишданзанваанжилын "Шүрэн таяг", Чойжамцын "Маш гайхамшигт хуримын сан ".

  1. Монгол, Түвэдийн анагаах ухааны онолын болон эмнэл зүйн сэтгэлгээний хувьд эргэлт болохуйц, цоо шинэ дэвшил гаргасан, давтагдашгүй санаа агуулсан бүтээлүүд: Сүмбэ хамбын "Рашааны дусал", "Рашааны хурим ", Лүнриг Дандарын "Дөрвөн үндсийн тажод", Жигмэдданзанжамцын "Үзэгсдийн баясгалан " зэрэг болно.

Дээрх бүтээлүүдээс 3 дахь хэсэг болох анагаах ухааны онолын болон эмнэл зүйн сэтгэлгээний хувьд эргэлт болохуйц, цоо шинэ дэвшил гаргасан, давтагдашгүй санаа агуулсан шинэ парадигмийг Сүмбэ хамбын "Рашааны дусал", "Рашааны хурим", Жигмэдданзанжамцийн "Үзэгсдийн баясгалан", Миндол Жамбалын "Увидасын далай" зохиолуудад тэмдэглэгджээ.

Эдгээр эрдэмтдийн зохиолд "Анагаах ухааны дөрвөн үндэс"-т төдийлөн дурьдагдаагүй хүйтэн өвчин, үндсэн өвчнийг ялган эмчлэх аргын гол суурь болсон халуун, хүйтэн өвчний тухай, халдварт өвчний ангиллын онол, практикийн цоо шинэ ойлголт тусгалаа олсон байдаг. Тэдний парадигмийг тодруулахын тулд бага зэрэг түүх сөхөж үзье.

"Жаргалын эзэн их Ютог Ёндонгомбын үлэмжийн аврал, нууц тэмдэгт зарлиг сүр жавхлант их эрдэнийн хөмрөг "-т Түвэдийн 38-р хаан Тисрондэзан "Надаас өмнө миний өвөг дээдэс анагаах ухааны тогтолцоог үүсгэн бий болгосон. Одоо надад түвэд хэл рүү орчуулаагүй анагаах ухааны олон номууд байна. Түвэдийн анагаах ухааныг хөгжүүлэхийн тулд эдгээрийг орчуулах хэрэгтэй " гэж бодоод тусгай элч нарт алт өгөн зүг бүр рүү илгээж МЭ 757- 758 онд Энэтхэг, Хятад, Балба, Ли, Монгол, Хачэ (Кашмир), Түгү, Долбу, Түвэд зэрэг 9 орны эрдэмтдийг Самъяа сүмд урьж анагаах ухааны их хурлыг зохион байгуулжээ. Монголоос Налашандирба эмч Түвэдэд залагдан уг анагаах ухааны олон улсын их хуралд оролцсон байна. Энэ хурлын үр дүнд Энэтхэгийн Аюурведийн анагаах ухаанд шинэчлэл хийж Түвэдийн анагаах ухааныг бий болгох боломжийг бүрдүүлжээ. Үүнээс хойш XII зуунд бага Ютог Ёндонгомбо одоогийн "Дөрвөн үндэс"-ийн эхийг тавьж улмаар Түвэдийн анагаах ухаан бурханы шашны янз бүрийн урсгал чиглэл, тэдгээрийн үзэл суртал, номлолд автан агуулга, онол, арга зүйн нь өөрчлөгдсөөр XV зуунаас Хойд болон Өмнөд гэсэн хоёр том сургуульд хуваагджээ. Анагаах ухааны Хойд сургуулийн гол төлөөлөгч нь Бямбанамжил (1394-1475 он) байсан бөгөөд тухайн үедээ Түвэдийн Боловсролын Сайдаар өргөмжлөгдөн анагаах ухааны чиглэлээр олон арван бүтээл туурвисан эрдэмтэн ажээ.

Өмнөд сургуулийн гол төлөөлөгч нь Сурхарва Нямниддорж (1439-1475 он) байв. Тэрбээр 36-хан насалсан ч анагаах ухааны тэр дундаа "Анагаах ухааны дөрвөн үндэс"-ийн тайлбар зохиолуудыг бичиж Түвэдийн анагаах ухааны хөгжилд хувь нэмрээ оруулсан эрдэмтдийн нэг юм. Түүний дараагийн үе Сурхарва Лодойжалбо (1509-1572 он) "Дөрвөн үндэс "-ийг хөгжүүлэх талаар ихээхэн зүтгэл гарган ажиллаж "Дээдсийн таалал" хэмээх алдарт тайлбар зохиолоо туурьвисан нь өнөөдөр ч сургалтад хэрэглэгдсээр байгаа билээ. Энэхүү хоёр урсгалын хоорондын өрсөлдөөн, мэтгэлцээний үр дүнд анагаах ухааны хөгжил улам урагшлан улмаар тэдний зохиол бүтээлд үндэслэн Дэсрид Санжаажамц (1653-1705) "Анагаах ухааны дөрвөн үндэс"-ийн тайлбар "Бидэр онбо", "Эмчилгээний үндэс"-ийн тайлбар "Лхантав" хэмээх алдарт зохиолуудаа туурвижээ. Эдгээр номууд Түвэдийн анагаах ухааны ноён оргилуудыг бүрдүүлдэг. Түвэдийн анагаах ухааны өнгөрсөн түүхээс харахад Аюурведийн анагаах ухааныг шууд хуулбарлалгүй "Анагаах ухааны дөрвөн үндэс"-ийг тойруулан олон зууны турш маргалдан мэтгэлцэж, жижиг, том урсгал, сургуулиуд өөр өөрийн үзэл санаагаар уг зохиолыг тайлбарлан, тайлал хийж байсны хүчинд Түвэдийн гэсэн онцлогтой цоо шинэ анагаах ухааныг бий болгож чаджээ. Үүнийг бумбын шашин шүтдэг, бүдүүлэг ахуйтай, онолын тогтолцоогүй, ажиглалтанд сууриласан эмчлэх аргыг хэрэглэж байсан түвэдүүдийн хувьд тэдний анагаах ухааны хөгжилтөд гарсан шинэ парадигм буюу шинжлэх ухааны хувьсгал гэж үзэхээр байна.

Үндсэн 6 өвчин, хүйтэн өвчний талаарх шинэ ойлголт

Тэгвэл Монголд байдал ямар байв?. XIII зуун хүртэл домын арга хүчтэй дэлгэрсэн, XIV зуунаас шашны нөлөөгүй Араб, Хятад эмнэлгийн ухаанаар сэлбэгдсэн эмнэлгийн тусламж бүхий анагаах ухааныг хөгжүүлж байсан монголчууд XVII зуунаас бурханы шашин дэлгэрэхийг дагалдан орж ирсэн Түвэдийн анагаах ухааныг эхний үед хуулбар хэлбэрээр авч хэрэглэсэн. Үүнд нэг талаас шашны нөлөө, үзэл суртал, нөгөө талаас жижиг хаадын эв түнжингүй тэмцэлдээний үр дүн Манжийн ноёрхол шууд нөлөөлжээ. Нэмээд хэлбэл Манжийн хаад Монголчуудыг дарангуйлах гол зэвсгээр шашныг ашигласан. Монголд нэг хийд байгуулах нь 10000 монгол цэрэгтэй тэнцэнэ гэж Манжийн хааны хэлсэн үг байдаг. Ийм нөхцөлд Монголчууд Түвэдийн анагаах ухааны дэг сургуулийг авч хэрэглэсэн байна.

Гэвч яваандаа Түвэдийн анагаах ухааны онолыг шинэчлэх, зарим эмийн ургамлыг Монголд ургадаг ургамлаар орлуулах, эмчилгээний зарим аргуудыг дом заслын аргуудаар баяжуулан хөгжүүлэх талаар чармайлт гаргаж эхэлжээ. Энэхүү чармайлт нь монголчуудын сэтгэлгээний цар хүрээ, оюуны чадавхиар улам гүнзгийрсээр Түвэд анагаах ухааныг Монгол төрхтэй анагаах ухааны тогтолцоогоор солих шинэ парадигмийг бүрэлдүүлэх сууриа тавьжээ. Түүнчлэн шинэ парадигмийг бий болгох өөр нэгэн хүчин зүйл нь монголчуудын бие махбодын онцлог, хоол ундны хэрэглээ, цаг агаарын эрс тэс байдал, ахуй амьдрал, зан чанараас үүдэлтэй өвчин эмгэгийг эмчлэх онол арга зүйг шинээр бүтээх бодит шаардлага байсан байна. Ганцхан жишээ дурьдахад өдөр тутмын амьдралд тохиолддог бэртэл, гэмтэл, доргилтыг засдаг илэн бариа, даран бариа, эвлүүлэн барианы талаар Түвэд эмнэлэгт тодорхой ойлголт байхгүй байлаа.

Бидэнд байгаа материалаас үзэхэд Сүмбэ ханбо Ишбалбир "Рашааны дусал " хэмээх "Анагаах ухааны дөрвөн үндэс" тэдгээрийн тайлбаруудад байдаггүй буюу дурьдах төдий байдаг онол, практикийн маш шинэлэг, ойлголтуудыг нарийвчлан задалж өгчээ. Үндсэн өвчнийг ерөнхийд нь хий, шар, бадган гурваар ойлгож байсныг дэлгэрүүлэн хий, шар, бадган, цус, шар ус, хорхой гэж үндсэн 6 өвчинд хуваан, тэдгээрийн тус бүрийн эмчилгээг бичсэнээр барахгүй чухал болох 10 өвчин гэсэн ойлголтыг бий болгон ёгт нэрээр зүйрлэн, уншиж, суралцахад хялбар болгон, тус бүрийнх нь засах аргыг дурьджээ.

Ялангуяа Ишбалжир "Анагаах ухааны дөрвөн үндэс "-д хий, шар, бадганы онолыг гол болгон бүх өвчний шалтгаан гэж үздэг алдаатай ойлголтыг засварлан эдгээрээс гадна цус, шар ус, хорхой гэсэн өвчний шалтгаан байдгийг тодруулан томоохон гавъяа байгуулжээ. Үнэндээ элэгний 18 өвчинд элэгний нян өвчин гэсэн ойлголт байхгүй. Гэтэл амьдрал дээр энэ өвчин элбэг тохиолддог. Элэгний нян өвчинд хий, шар, бадганы эмээс гол болгон өгөөд засаж үл дийлнэ. Харин нянгийн эмийг бодит байдалд уялдуулан хий, шар, бадганы аль илэрсэн шинж тэмдгийг дардаг эмтэй хавсруулан хэрэглэж үр дүнд хүрнэ.

Ишбалжирын өөр нэгэн шинэчлэл нь хүйтэн өвчний талаарх ойлголтыг тодруулан гаргасан явдал юм.

"Анагаах ухааны дөрвөн үндэс"-ийн урсгалаар суурилсан эмчийн сургуулиудад бадган болон эс шингэсэн, бэтэг, хаван, барагдуулагч их архагийг эс тооцвол хүйтэн өвчний ойлголтыг дэлгэрэнгүй үздэггүй байжээ. Харин зөвхөн халуун өвчнийг ерийн халуун, эс боловсорсон, дэлгэрсэн, хоосорсон, нуугдсан, хуучирсан, булингартсан тархсан, хямарсан, хижиг гэх мэт 12 халуун өвчнийг эмчлэх тухай бичсэн байдаг. Мөн "Анагаах ухааны дөрвөн үндэс "-т "...халуун өвчнийг утга, агуулгыг нь уншиж ойлгосон шигээ хүйтэн өвчнийг түүнчлэн ойлгоорой... " хэмээсэн байдаг. Энэ "дутагдал "-ыг Ишбалжир гярхай мэдэрч өөрийн бүтээлдээ хүйтэн өвчний талаар онол, эмчилгээний ойлголтыг нарийвчлан тусган өгч "Дөрвөн үндэс"-ийг баяжуулсан байна.

Ишбалжир "Рашааны цагаан шүүдэр"-т хүйтэн өвчнийг "Хүйтэн өвчний тухай " 5 дугаар бүлэгтээ өгүүлээд дотор нь "Хүйтэн өвчний ерийн засал ", "Хүйтэн өвчтэй халуун харшилдах нь" гэж 2 хуваажээ. Түүний дараагийн бүтээл" Рашааны дусал"-д шороо мэт хүнд хүйтэн өвчин гэж өгүүлээд сүүлд "Рашааны хурим "-даа хүйтэн өвчинг дахин дурьдсан байдаг. Тухайлбал "бадган хямарч биеийн галын илчийг дарна, энэ нь шороо, усны мөн чанартай, хүнд бөгөөд сэрүүн, дээд биед оршин байвч доод биенд унадаг, хүйтэн өвчин бүгд үүнээс эс төрөхгүй нь үгүй. Хий нь халуун хүйтэн хоёуланд түгэх бөгөөд... саран дор сэрүүний нөхөр болно... "гэх буюу"... бадган, хий-хүйтэн, цус, шар-халуун тул олон дор (өвчнийг) ялгасан ч халуун, хүйтэн хоёрт хурна ", "хүйтэн ёроолд буух" нь амийг таслах есөн өвчинд оруулсан байх мэт" гэх мэтээр тодорхой дурьдсан байна. Чухамдаа хүйтэн өвчний талаархи төлөв байдлаас авахуулаад шалтгаан үр үүсэх нөхцөл ерөнхий ба тус бүрийн шинж тэмдэг судас шээсний оношлогоо ба хүйтэн өвчний олон төрөл зүйлийн ангилал махбод хямралдах явц хорлох ба туслах идээ ундаа явдал мөр эм, засал зэргийг цогц байдлаар тодорхойлсон юм.

Мөн уг зохиолд "Хүйтэн өвчний урьдчилан сэргийлэлтэнд хүйтний улиралд нэг сарын хугацаатайгаар галын илч тэтгэх найрлагыг өглөөд цайнд дусааж уухыг зөвлөсөн нь хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай орны нөхцөл байдалд тохиромжтой юм. Үүнээс гадна" хүйтэн ёроолд буусан мэт зарим нэгэнд хүйтэн өвчин бүлээнээр эс дийлдвээс сэрүүнээр засна хэмээсний дагуу бүлээн эмээр эс дийлдвээс хүйтэн усанд оруулж чичиртэл суулгаж гаргаад махны шөл мэтийг өгч хөлөргөвөөс туслах нь бий" гэсэн байгаа нь маш өвөрмөц засал бөгөөд хүйтэн өвчнийг тодорхой шатанд нь хүйтэн ерөндгөөр эмчилж болох, эсвээс хүйтэн мөн чанар урваж халуун болсон ба хүйтэн шинж нь эс урвасан үеийн өвчний эмчилгээг өгүүлсэн байна. Сүмбэ хамбын үндсэн 6 өвчин, хүйтэн өвчний тухай шинэлэг санаа нь тухайн үедээ ч өнөөдөр ч практикаар батлагдсаар байна. Томас Кун "Шинжлэх ухааны хувьсгалын бүтэц" номондоо "Шинжлэх ухааны хувьсгал нь нэг парадигмаас нөгөөд амжилттай шилжих замаар боловсронгуй болсон шинжлэх ухааны хөгжлийн жишээг (загвар) үзүүлдэг" гэжээ.

Ишбалжир уламжлалт анагаах ухааны онолыг улам хөгжүүлэн хүний бие махбод хий, шар, бадганаас гадна цус, шар ус, хорхойноос шалтгаалан өвчилдөг гэдгийг нээн гаргаснаараа шинэчлэл хийжээ. Өөрөөр хэлбэл хүний өвчнийг үүсгэдэг үндсэн шалтгаан нь хий, шар, бадган, цус, шар ус, хорхой дан дангаараа, хосолсон, хурсан байдлаар өвчнийг үүсгэнэ. Жишээлбэл "Дөрвөн үндэс"-т ходоодны халуун 7, хүйтэн 9 нийт 16 өвчин байна. Товчилбол хий, шар, бадган, цус, хор харшилдсан гэх мэт 8 зүйлээр ялгажээ. Ходоодны хорхой өвчин гэж алга байна. Харин Ишбалжирын үндсэн 6 өвчний онолоор ходоодны хорхой өвчин нэмэгдэнэ. Ходоодны хорхой өвчин байдгийг Монголчууд XVIII зуунд мэдсэн байна. Бид энэ талаар дэлхийд нээлт хийж зарлагдсны дараа өөрсдийн өвөг дээдсийн бүтээлээс олж харсан нь харамсалтай. Тэгэхлээр Түвэдийн анагаах ухааны онолд шинэчлэл хийсэн өөрсдийн өвөг дээдсийн бий болгосон Монголын анагаах ухааны тулгуур зохиолуудыг судлахгүйгээр аль 1200 жилийн тэртээгээс үндсээ тавьж эхэлсэн "Анагаах ухааны дөрвөн үндэс"-ийн утга агуулгыг нягтлахгүйгээр шүүрэн авч ийм, тийм хэмээх нь алдаанд хүргэх болзошгүй юм.

Ишбалжирын санааг XX зууны эхэнд Австралийн эрдэмтэн Барри Ж. Маршал, Ж.Робин Варрен нар "Хеликобактер пилори түүний ходоод, гэдэсний шархлаа өвчин үүсэхэд гүйцэтгэх үүрэг "-ийг нээсэн судалгааны ажлаараа 2005 онд Нобелийн шагнал хүртжээ. Шинжлэх ухааны хувьсгал хийх оролдлого ихэнхдээ амжилтгүй болдог. Маш цөөхөн хэсэг нь шинэ парадигмийг бий болгоно. Шинэ парадигм амжилттай болсон тохиолдолд дэлхийн шинжлэх ухаанд өргөн хүрээтэй өөрчлөлт хийгддэг. Барри Ж. Маршал, Ж. Робин Варрен нарын нээлт ходоодны өвчний шалтгаан, эмчлэх аргыг үндсээр нь өөрчилсөн. Бахархмаар зүйл нь Ишбалжир үүнийг XVIII зуунд мэдсэн. Харамсмаар зүйл нь түүний хойч үе нь олж харж, судалж чадсангүй. Гэхдээ ходоодны хорхой буюу бактерыг эмчлэх уламжлалт аргыг практик дээр хэрэглэж байсан гэдгийг дурьдах нь зүйтэй.

Халуун, хүйтний онолд хийсэн шинэчлэл

Түвэдийн анагаах ухааны эмчилгээний онолд нөлөө үзүүлэхүйц бас нэгэн өөрчлөлтийг Жигмэдданзанжамц "Үзэгсдийн баясгалан" бүтээлээрээ хийсэн байна. Тэрбээр өвчнийг халуун, хүйтэн гэж хуваан үзэх цоо шинэ онол, арга зүйн ойлголтыг нээн өгчээ. Түвэдийн анагаах ухаанд өвчний төрөл, зүйл олон, хувиралт, өөрчлөлт ихтэй байдаг ч тогтсон анагаах жам ёс гэж байдаг. Энэхүү жам ёсыг уламжлалт анагаах ухааны практикт жинхэнэ бодитойгоор хэрэглэж болох арга зүй нь үндсэн өвчнийг ялган оношлох, эмчлэх арга мөн болно. Уг аргыг Жигмэдданзанжамцаас гадна Ишданзанванжил, Чойжамц нар өөрсдийн бүтээлдээ хэрэглэн бичсэн байдаг. "Анагаах ухааны дөрвөн үндэс"-т дурьдагдаад байгаа гэмээр ялгасан 101, эрхмээр ялгасан 101, орноор ялгасан 101, язгуураар ялгасан 101 нийт 404 зүйл өвчнөөс эмчилгээний практикт байдаггүй эсвэл эмчлэх зарчим, аргын хувьд нэг бүлэг болгон эмчилдэг өвчнүүд байна. Үүнийг дээрх мэргэд танин мэджээ. Хэрэв бид энэ арга зүйг зөв ухааран, сургалт, судалгаандаа нэвтрүүлж чадвал уламжлалт анагаах ухааны цаашдын хувь заяанд эргэлт болохуйц ач холбогдолтой  юм. Практикт хийний 64, шарын 47, бадганы 41 төрлийн өвчнийг судлаад тус бүрийн шалтгаан, нөхцөл, шинж тэмдэг, хувиралт, эмчлэх зарчим аргыг тогтооно гэдэг нь практикаас дэндүү холдсон хоосон онол болно. Харин үндсэн 6 өвчний гол бүрэлдхүүн хий, шар, бадган, цус, шар ус, нян хорхойн мөн чанар, бүхэл тогтолцооны ойлголтыг мэдсэнээр тэдгээрийн үндсийг нь шүтэн барьж, нэгтгэн дүгнэж чадсанаараа анагаах ухааны зорилгондоо түвэггүй хүрч чадна. Жишээлбэл: Чойжамц мааранба "Маш гайхамшигт хуримын сан" зохиолдоо хийний 64 өвчнөөс Монголд тохиолддог 30 өвчнийг, шарын 47 өвчнийг ердөө л халуун, хүйтэн 2-т хуваагаад, бадганыг өөрийн үндэст, бусдын үндэст гэж 2 хуваагаад өөрийн үндэст 41 өвчнөөс язгуур болсон 6, бусдын үндэст өвчнийг бор, цайвар үүнээс бор нь халуун, цайвар нь хүйтэн өвчин хэмээн мэдэхийг заажээ. Улмаар хийний 30 өвчнөө 3 төрлийн эмээр эмнэсэн байдаг.

Жигмэдданзанжамц өөрийн бүтээлдээ өвчнийг ерөнхийд нь 2 гол тогтолцоонд хуваан үздэг.

  1. Шалтгааныг барьсан үндсэн өвчин.
  2. 0рших орныг барьсан үндсэн өвчин. Шалтгааныг барьсан үндсэн өвчинд хий, шар, бадган, цус, шар ус, хорхой гэсэн үндсэн 6 өвчин орно. Энэ ойлголт нь Сүмбэ хамбын "Рашааны цагаан шүүдэр", "Рашааны дусал", "Рашааны хурим" гэсэн бүтээлүүдэд үндэслэсэн байна. Харин орших орныг үндсэн өвчнийг өөрийн туршлагаасаа бий болгосон сэтгэлгээний том дэвшилтэт ойлголт болно. Өвчний шалтгаан байгаад орон үгүй бол өвчилж чадахгүй, үүнтэй адил орон байгаад шалтгаан үгүй бол мөн л өвчин үгүй юм. Өвчний оронд 5 цул, 6 сав, хар, цагаан судал багтана. Жигмэдданзанжамцын зохиолоос өмнө "Анагаах ухааны дөрвөн үндэс", "Лхантав", "Бидэр онбо" зэрэг зохиолуудад цул, сав, судлын өвчнүүдийг нарийн судалж олон төрлийн өвчний ангилалд хуваадаг байжээ. Харамсалтай нь уг бүтээлүүдэд практикт олонтоо тохиолддог, эмч нар бодитойгоор эмчилдэг, үргэлж хэрэглэгддэг цул, савын халуун ба хүйтэн өвчин гэдэг ерөнхийлсэн ойлголтыг тодорхой тусгаж өгсөнгүй. Энэ нь дараа дараагийн эмч судлаач нарт туйлын бэрхшээлтэй бөгөөд онол, арга зүйн эндүү ташааралд хүргэдэг байна. Энэ байдлыг тэрээр ухааран өвчнийг хураангуйлан нэгтгэн дүгнэх аргыг хэрэглэж цул, сав тус бүрийг халуун ба хүйтэн өвчин гэсэн 2 үндсэн хэсэгт хуваан ангилдаг байна. Ингэж хувааснаараа практик дээр өвчний зүй тогтлыг ойлгож, эмчлэхэд хялбар, үйлдэл нь сайн байхаар зогсохгүй үндсэн өвчнийг ялган эмчлэх арга төгс төгөлдөр хэлбэрт оржээ. Эмчилгээний явц дунд ямар нэгэн гаж нөлөө гараагүй байна. Өвчнийг халуун, хүйтэн хоёрт хураангуйлснаар ерөнхий чанартай болох боловч орноор нь хөөвөл ялгамжтай талын агуулга байдаг. Хэрэв цул, савын халуун, хүйтэн өвчнийг зөв оновчтойгоор оношлож зохистойгоор эмчилж чадвал, бусад төрлийн өвчнийг үүсгэхгүйгээр үндсийг нь арилгах зорилгондоо хүрч чаддаг.

Халдварт өвчний талаарх ойлголтыг баяжуулсан нь. "Анагаах ухааны дөрвөн үндэс"-д нян, хорхой өвчнийг хий, шар, бадган, цусны гэсэн 4 зүйл байна гэжээ. "Лхантав" хэмээх зохиолд уг өвчинг нэг зүйлийн хумх хорхойноос үүсдэг гэж үзэн "Хумхын хорхой нь гүрвэл мэт толгойтой гэгээн завсрын орноос шар үсэнд, үсний нүх ба хамрын үүдээр орно. Биеийн дотор тал нь улаан өнгөтэй, хөлгүй бөөрөнхий бөгөөд жижиг нарийн, хүний нүдэнд үзэгдэхгүй, нэгэн агшинд судлын дотуур бүх биед гүйж чаддаг, цусан хорхойтой хамт оршиж, хамаг нян өвчний шалтгаан болдог" гэжээ. Өөрөөр хэлбэл гаднаас хорхой орж, биед оршиж байгаа дотоод хорхойтой хамтаар нян өвчнийг үүсгэдэг ажээ. Түвэдийн эрдэмтдийн энэхүү ойлголтыг монгол эрдэмтэн Жамбалчойжида нзанпринлэйн товчоор Миндол Жамбал (1789-1838) "Увидасын далай" зохиолдоо улам нягтлан энэхүү өвчнийг "нян, халуун, хий, хорхой, шар ус хавсарч нийлсэн өвчин мөн бөгөөд салхи, жавар, үнэр зэргээр бусадтай дамжин халдварладаг" гэж тэмдэглэжээ. Ингэснээрээ нян, хорхой өвчний халдварлан тархах жам ёсыг тодруулан гаргаснаар барахгүй өвчин үүсэх шалтгааныг дан ганц нян биш харин хий, халуун, хорхой, шар ус хавсарч нийлээд үүсдэг гэж үзжээ. Түүнчлэн уг өвчнийг ангилахдаа "Халдварт хижиг"-т "хий хижиг, шар хижиг, бадган хижиг, хурмал хижиг, нян хижиг" гээд "Сахуу, боом өвчин"-ий бүлэгт "толгойд бууваас тархины хатгалгаа, хоолойд бууваас сахуу, цээжинд бууваас охор хатгалгаа, ходоодонд бууваас нян, гэдсэнд бууваас гэдэсний хатгалгаа, арьсанд бууваас гал намс, үест бууваас булчирхай, булчинд бууваас булчин урвах, мах, яс, судалд бууваас минчүүрч ялзрах тул чихига гэж 11 нян өвчнийг тэмдэглэжээ. XVIII зууны үеийн "Эрдэнийн эрхэс зуун анхаарлын бичиг оршвой"-д нянгийн 4 шинэ өвчнийг нэмээд 15 зүйл болгон дэлгэрүүлжээ. "Лхантав"-д "шар судалд гүйсэн хижиг, дотор боом, нян шил татах өвчин, битүү нян өвчин зэрэг шинээр 5 өвчнийг нэмж 20 зүйл болгон хөгжүүлсэн байна. Сүүлд нь Миндол Жамбал 10 хижиг өвчинг шинээр илэрүүлэн "Увдисын далай"-д нийт 30 зүйлийн нян, хижиг өвчин болгожээ. Мөн тэрбээр халдварт өвчний шинж тэмдэг, явц, эмчилгээний талаар "Увдисын далай" зохиолдоо "Өвчин тусч нэрвэгдсэн даруйд өнгө зүс буурч, хүч тамир барагдаж тамирдах, өвчний тусалт цочмог, биеийг шаналган зовоож, анагаахад тун хүчир" гэж онцгойлон дурьдсан байдаг.

Үүнээс хойш ч Монголын уламжлалт анагаах ухааны эмч нар өөрсдийн бүтээлд нян хижиг, хорхой өвчний эмчилгээний талаар шинэ, шинэ санааг нэмэн дэлгэрүүлэн хөгжүүлж ирэв.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал туйлын чухал байдаг. "Увдисын далай"-д "Нян гэдэсний хатгалгаа" гэсэн бүлэгт "Тус өвчин ганц үйл явдлаар мэдэгдэхгүй нууцаар халдварлах буюу эсвэл бүгдэд халдварлан тархаж гамшиг болох учраас сэргийлэх нь чухал" гэсэн бөгөөд "Бод хижиг "-ийн бүлэгт "Ерөнхий нян халуун болон бод хижиг өвчин нь хөнөөл ихтэй өвчин учир сэргийлэн засахад хичээж шамдах хэрэгтэй" гээд 7 зүйлийн урьдчилан сэргийлэх аргыг дурьдаж өгсөн нь нэн сонирхолтой, анзаарахгүй өнгөрч боломгүй асуудал юм. Миндол Жамбал "Увидасын далай" бүтээлээрээ халдварт өвчнөөс гадна олон шинэ санаа, эм, эмчилгээний шинэлэг аргуудыг нээн гаргаж Түвэд анагаах ухаанд шинэчлэл хийж тухайн үедээ Монголын анагаах ухаанд парадигмийн шилжилтийн үндсийг тавьж, аажмаар  шинэчлэл  хийх  загвар  болсон байна.

Шинжлэх ухааны дэвшил болгон хувьсгал хийдэггүй. Гэхдээ сэтгэлгээний чадамж нь дундуурхан шиг гэлдэрч яваа үеийг оюуны тэсэрсэн хүчтэй шинэ санаагаар хувьсгал хийн цэг тавьдагийг дурьдууштай байна. Өөрөөр хэлбэл XVII зуунд Монголчууд Түвэдийн анагаах ухааныг "Анагаах ухааны дөрвөн үндэс" гэсэн хайрцагны доторхи ухаарал, шинжлэх ухааны ердийн, нийтлэг сэтгэлгээгээр хүлээн авсан хэдий ч XVIII зуунаас энэхүү ердийн сэтгэлгээг эвдэн "Анагаах ухааны дөрвөн үндэс " гэсэн хайрцагны цаад гадна талын танин мэдэхүйн өргөн хүрээнд хүрч сэтгэн шинэ парадигм бий болох боломжийг бүрдүүлэн өргөн утгаар нь Монголын анагаах ухааны, явцуу утгаар нь Монголын уламжлалт анагаах ухааны тогтолцоог бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулжээ.

Ном зүй

1. Анагаах ухааны дөрвөн үндэс. модон барын судар.
2. Анагаах ухааны язгуурын үндэсийн бүрэн тайлбар. Хөх хот ӨМ, АХХ, 1989.
3. Анагаах ухааны дөрвөн үндэс (Язгуурын үндэс ба Номлолын үндэс). (Түвэд, Монгол, Англи, 0рос хэлээр) УБ, 2001.
4. Болд Ш., бусад. Монгол туургатны анагаах ухааны алдарт эмч, мааранба, мэргэдийн намтар, бүтээлийн тойм (МЭӨ VII зууны өмнөөс XIX зууны сүүлч хүртэл), УБ, \"Одсар Систем \" ХГ\', 1999.
5. Болд Ш. Халх Монголын алдарт анагаах ухаантан Лүнриг Дандарын намтар, бүтээлийн тойм. (Монгол бичгээр). ӨМӨЗО, Монгол эм, эмнэлэг сэтгүүл, 2001, №48 х 4-6
6. Ш.Болд, Ё.Уянга, Б.Дагданбазар. Монголын уламжлалт анагаах ухааны алдарт эмч, эрдэмтэн сүмбэ хамбо Ишбалжирийн анагаах ухааны зохиол бүтээлийн тойм. Эрүүл энх, 999, № 3
7. Болд Ш. Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийг эх сурвалжийн судалгаагаар тодруулах нь. Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол. УБ, 2005
8. Болд Ш. Монголын уламжлалт анагаах ухааны түүх. -УБ, ADMON ХҮ, 2006.
9. Дундад улсын анагаах ухааны нэвтэрхий толь, Монгол анагаах ухаан, дээд (Ер найр Бан Чин Ю), ӨМ, ШУТМХэвлэлийн хороо, 1991.
10. Мэргэд гарахын орон. ӨМ, ҮХ, 1988.
11. Рашааны цагаан шүүдэр (орчуулсан Ш.Болд, Дагва). УБ, 1999.
12. Рашааны ундрал. Модон барын судар
13. Рашааны дусал. гар бичмэл
14. Рашааны хурим. модон барын судар
15. Эрдэнийн сан. ӨМ, АХХ, 1978.
16. http://en.wikipedia.org/wiki/The_Structure_of_ Scientific_Revolutions
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профгссор М.Амбага


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1598
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК