Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
«Идээ ундааны жинхэнэ товч» зохиолд тэмдэглэгдсэн жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн зан үйл, идээ ундаа
( Судалгааны өгүүлэл )

Д.Оюун-Эрдэнэ1, Ш.Болд2, Г.Лхагва1

1ШУТИС, 2ЭМЯ

 
Абстракт

On page 27 of the «Brief Practical Guide to Healthy Diet», it was said that pregnant mothers must use «mind-food» and should have peace of mind and be soft hearted without hysteria so mental balance will be normal.

  • Pregnant women should have an interest in gems and pearls.
  • Pregnant women should be interested in carp and peacocks.
  • Pregnant women should be interested in hawks and ambling sparrows.

These lines are saying that if a mother wishes to have a clever minded baby she should have delightful interest in carp and peacocks. Also whether she is seeing the great and beautiful while feeling the beauty in the womb, the child will be well minded and fascinated with the world. If one wishes to have a completely charming baby, jasper must be in the interest of the mother. While seeing pearls and jasper as an object of worship and taking them in their hands and to wonder at their form and shape, the baby will be born with a beautiful face and perfect color. Who wishes to have a strong and brave baby, should be interested in the rising flight of the hawk and the even racing of an ambling sparrow.
In the book, it was quoted that «ancient holy scientists had mentioned about how to bring up a child while he or she is in the fetus stage. In the early time of a pregnant woman,  she should not lie on one side, not sit on a bended foot or the heels, not stand for a long time, eat any piece of meat which is cut the wrong way or eat anything which has an unpleasant smell or has spoiled. She also shouldn’t see unattractive things or bad colors; shouldn’t sit down in uncomfortable seats and shouldn’t listen to dissimulated sounds.
If pregnant mother eats a hen’s egg and fish jerky, the child will have many wounds and inflammations. If the mother eats the meat of a sparrow and drinks alcoholic beverages, the child will have a dissolute mind and not know any shame. If she eats chicken and rice the child will be born with white ribbon worms. If the mother eats the meat of a sparrow and drinks casein the baby’s face will have dark spots on the skin. If she eats tortoise meat, the neck of the baby will became short, but if she eats the meat of a donkey, the baby’s birth period will be prolonged. If the mother eats ice like sugar-candy, the fetus will not form.
It is considered that these important measures of precaution for pregnant women should be emphasized about eating meat, how the meat products influence the fetus have been known since ancient times and been proven in practice, and became precautions for pregnant woman through verification.

Key words: carp and peacocks, hawks and ambling sparrows, «mind-food», gems and pearls, pregnant women
Pp.11-14, References 8.

Оршил. XIV зуунд монголын уламжлалт идээ, ундааны хэрэглээ, түүнийг зохистой, зохицуулан хэрэглэх мэдлэг, ухаан улам баяжигдан хөгжихийн зэрэгцээ Араб, Хятад зэрэг орны идээ, ундаагаар эмчлэх аргын нөлөөг ихээхэн олж төрөл, зүйл нь олширч иржээ. Улмаар уламжлалт идээ, ундааны хэрэглээ нь анагаах үйлдэлтэй ерөндөг болж практикын явцад биеэ даасан салбар хэмжээнд хүрч зохиол, бүтээл бичигдсэн байна. Тухайлбал Юань улсын үеийн Монгол хаадын идээ, ундаа, шим тэжээлийг хамаарагч дотоод эмч, түшмэл Хүсэхүй "Идээ ундааны жинхэнэ товч" зохиолоо 1314-1320 оны хооронд хятад хэлээр найруулан бичиж, 1330 онд дуусгажээ [1, 4, 7].

Хүсэхүй Хубилай сэцэн хаанаас хойшхи үе үеийн Монгол хаадын ордонд баттай хэрэглэж ирсэн эл зүйлийн гайхамшигт эрхэм нандин идээ, ундаа, эм тан, талх, ханд, зуурмаг, эмийн адис, алдарт эрдэмтэн эмч нарын туршлагат жор, нууц жоруудыг цуглуулж эмхэтгэн энэхүү "Идээ ундааны жинхэнэ товч" хэмээх номоо бүтээж Тиян ли гуравдугаар онд Юань улсын хаанд өргөн барихад хаан соёрхон үзэж түшмэл Иой жий1 хэмээгчид зарлиг буулган тус номын өмнөх оршлыг бичүүлжээ. Тиймээс уг номыг Хубилай цэцэн хааны үеэс эхлэн Заяат хааны үе хүртэлх Монгол хаадын өдөр тутмын зоогийг данслан тэмдэглэж урт хугацаагаар ажиглан шинжилж бичсэн бүтээл гэж үзнэ. Хожим нь Мин улсын үеийн эм, эмийн ургамлын судлаач Ли ши жэн2 (Li shi zhen, "Өвсөн эмийн товч" ^en цoу ганг му) зохиолдоо дээрх зохиолыг "Хубилайн идээний жинхэнэ товч" хэмээн өгүүлсэн байдаг. XIV зууны үеийн Монгол хаад хятад соёл, ёс, заншилд тодорхой хэмжээгээр автан байсан ч монгол идээ, ундааг гол болгон иддэг, монгол амьдралтай байсан нь түүхийн бичигт тэмдэглэгдэн үлджээ. Иймээс хэдэн үеийн Монгол хаадын зоог, идээ, ундааны дотор монгол идээ чухал байрыг эзэлж өдөр тутмын хэрэглээнийх нь ихэнх хувийг бүрдүүлдэг байжээ. "Идээ, ундааны жинхэнэ товч"-д Монгол үндэстний идээ, ундаа, шимжүүлэн засах аргын талаар баялаг туршлагууд орсон байна. Уг бүтээл оршил болон 3 бүлгээс бүтнэ.

Нэгдүгээр бүлгийг товчлон өгүүлэх нь:

Эрүүл аж төрөхөд цээрлэх зүйл, жирэмсэн эмэгтэйн идээ, ундааны цээрлэх зүйл, төрсөн эхийн цээрлэх зүйл, архи дарс уух үед цээрлэх зүйл ба эрхэм гайхамшигтай идээ ундааны зүйлүүдийг бичжээ.

Хоёрдугаар бүлгийг товчлон өгүүлэх нь:

Тан, талх, ханд, ширгээмэл, арш сахиусны идээ, ундаа3 дөрвөн улиралд идвэл зохих зүйл, амтны гүйдэл, идээ ундааны засал, эм уухад хэрэглэх зүйл, идээ ундааны ашигтай ба хортой тал зүйл, идээний хордлого, араатны хэвийн бус хувирал зэргийг бичжээ.

Гуравдугаар бүлгийг товчлон өгүүлэх нь:

Амуу будаа, таван тариа, араатан жигүүртэн, загас жараахай, ногоо жимсний амт чанар, чадлыг танилцуулж, нилээд олон зургуудийг дагалдуулан улмаар угсаа сайжруулах ухааны тухай жирэмсэн эмэгтэй юуг идэж, юуг үнэртэх, юуг үзэх, ямар аялгуу сонсох, хаана сууж сэтгэл тааламжтай байвал хүүхэд мэргэн цэцэн, хурц шаламгай, идэр чийрэг төрөхийг зураг тайлбараар илэрхийлсэн монгол үндэстний удам угсаа, яс чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой нандин материал болжээ. Ялангуяа эхний ботид жирэмсэн эмэгтэйн идээ ундааны цээрлэл, ахуй ёсны цээрлэлийг маш тодорхой бичсэн байна.

Жирэмслэгсдийн зохистой зан үйл

"Идээ ундааны жинхэнэ товч" зохиолын 27 дугаар хуудсанд жирэмсэн эхчүүдийн оюун санааны хооллолт "Үргэлжид наминчлан нам дуугай ахул гол тамир хорогдохгүй, барагтайхан бодолхийлвээс бадралт лав мэт хэнхдэг цээжнээ гэгээн сэргэлэн, хилэгнэн уурлахгүй болвоос хий тамир амирлангуй талбиун, эгдүүцэн бухимдахгүй болвоос элэг, зүрх тунгалаг сэргэг. Баяр баясгаланг туйлд нь бүү хүргэ, тачаангуй хүслийг дураар бүү тавь " гэсэн байдаг. Жирэмсэн эмэгтэй сэтгэл тайван, аядуу зөөлөн байвал голын хий хямрахгүй хэвийн байж, өөдрөг бодлыг үе үе бодож байвал зүрхэнд орших түгээмэл гүйгч хий аривдаж, хорогдохгүй тэгш оршин байхыг ийнхүү хэлжээ [2, 3, 4, 6].

  • Жирэмслэгсэд нь хас, таныг (тана, сувд) сонирхвоос зохимуй.
  • Жирэмслэгсэд нь мөрөг загас ба тогос шувууг сонирхвоос зохимуй.
  • Жирэмслэгсэд нь харцага ба жороо тайгыг сонирхвоос зохимуй.

Энэ мөрүүдэд хүүхдээ оюун ухаан тэгш болгохыг хүсвээс эх нь мөрөг загас буюу тогос шувуу зэргийг бахдан сонирхвоос сайн. Загас урт настай лусын амьтан. Замбуу тивийн 6 чимгийн нэг хутагт Нагаржунайн түвэд нэрийг Лүдэв гэх бөгөөд лү гэдэг нь лус, дүв гэдэг нь бүтээгч гэсэн үг. Хүний оюун ухааны оргил болсон Нагаржунайг лусыг бүтээгч гэж нэрлэсэн нь жирийн хэрэг бус харин лус хэмээх хүний гарт баригдаж, мэдрэгдэхгүй оюунлаг, субъектив зүйлийг бодитой орших загасаар зүйрлэн түүнийг сонирхон харж байвал хүүхэд ухаантай, сэргэлэн, оюун сайтай болж төрнө хэмээн бэлэгдсэн байна. Түүнчлэн орчлонгийн хамгийн үзэсгэлэнтэй шувуу тогосыг харж гоо сайхныг сэтгэлээрээ мэдэрч байвал хэвлий дэх  ураг сэтгэл сайтай, гэгээлэг болдог хэмээн үзсэн байна [3, 4].

Хүүхдээ гоо үзэсгэлэн болж төрөөсэй хэмээн хүсвээс өнгөт тана, гойд хас эрдэнийг сонирох. Тана, хас эрдэнэ (сувд)-ийг нүдээр харан өнгийг нь шүтэн, гараараа барьж хэлбэр дүрсийг нь бишрэн байваас хүүхэд царай зүс сайтай, өнгө төгөлдөр үзэсгэлэнтэй төрдөг ажээ.

Хүүхдээ идэр эрэмгий баатар болж төрөөсэй хэмээн хүсэгчид жигүүрээ дэлгэж халин нисэгч харцага болон жигд давхих жороо тайгыг сонирхтугай хэмээсэн байна. Ийнхүү идээ ундааны номонд жирэмсэн эхчүүд хоолноос гадна сэтгэл санаа тайван, амгалан сууж эрүүл чийрэг бие бялдартай, сэргэлэн цовоо, үзэсгэлэн төгөлдөр хүүхэдтэй болохыг хүсвэл хас, тана, тогос, загас, харцага, жороог өдөр бүр сонирхон байхыг онцгойлон өгүүлсэн нь ууж иддэг хоолноос ухааны хооллолт эн тэнцүү байдгийн сонгодог жишээ гэж үзэхээр байна [2, 3]. Үүнээс үүдээд жирэмсэн эхчүүдийн оюун санааны хооллолтыг орхигдуулахгүй байх нь чухал юм. Түүнчлэн доктор Г.Лхагвагийн өөрийн бүтээлдээ "Монголчууд оюун санаагаар хооллох ухааныг хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хэмжээгээр амьдралдаа ягштал хэрэгжүүлсэн явдал юм. Хүний ухамсрыг амтанд (хоолонд) уусгаж алга хийхээс зайлсхийх их ухааныг олж хэрэгжүүлсэн магадгүй цорын ганц ард түмэн байсан "-ыг түүхэн талаас нь баталгаажуулж өгчээ гэж үзэхээр байна [5]. Нөгөө талаар жирэмсэн эхчүүдийн оюун санааны зөв хооллолт гэдэг нь цээрлэл хийж чадсанаар зохистой болж өгч байна гэж үзэх нь зүйтэй.

Түүнчлэн уг номонд "Эрт урдын богд эрдэмтэд жирэмслэгсдийн хэвлий дэхь хүмүүжлийн тухай дурьдсан бөлгөө. Эрт үед эхнэр хүмүүн жирэмслэвээс хавиргалан хэвтэхүй, хагас явган, мөчид тачид суухгүй, удтал хүчлэн зогсохгүй, гашилж муудсан, үнэр танар орсон эсхүл зөв хэрчиж огтлоогүй махны зүйлийг идэхгүй, ор суудал нь төв бус болвоос суухгүй, гажуу өнгө үзэмжийг харахгүй, садар самуун дуу чимээг сонсохгүй, харин шөнө, үдэш сохор мэргэдээр дуу, шүлэг сэлтийг аялгуулан уншуулдаг авай. Явдал мөр нь зүй зохисыг олсноос хөнгөрсөний хойно хүүхэд нь өнгө зүсээр төв хээнцэр, авъяас билиг нь олноос хэтийдмүй. Тиймийн тулд эртний Тай Рэн овогтны Вэн Ван төрсөнөөсөө эхлээд цэцэн сэргэлэн нэгийг сонсвоос зууг төсөөлөх нь цөм эхийн хэвлийн хүмүүжлээс болсон ажгуу. Эртний богд эрдэмтдийн олонхи нь хэвлийг эрхэмлэх тул эхнэр хэн боловч жирэмслэвээс хүмүүн үхэх, гашуудал бэлэвсрэлийн байдал хийгээд элэнхий биет эрэмдэг зэрэмдэг амьтдыг аанайхан үзэж харахыг дэмий л цээрлэж харин баяр бясгалантай сайн сайхан явдлыг ажиж харахыг эрхэмлэдэг юмсан. Энэ мэтчилэн сайн муугийн  нөлөөгөөр хэвлийн хүмүүжилд хамаа бүхий атал нэг ч идээ ундааны талаар анхаарал цээрлэлийг хичээхгүй байж яахин болмуй " хэмээн тэмдэглэжээ [4, 6, 8].

Жирэмслэгсдийн идээний цээр

  • Туулайн махыг идвээс хүүхэд нь дуун үгүй, уруул сэтэрхий болмуй.
  • Ямааны махыг идвээс хүүхдийн өвчлөх нь үлэмж.
  • Ямааны мах, модны үр ба нугасны өндгийг идвээс хүүхэд нь тон горуу төрмүй
  • Тахианы өндөг ба хатаасан загас идвээс хүүхэд нь яр шарх үлэмж гарна.
  • Бялзуухайн мах идэж, архи ууваас хүүхдийн сэтгэл санаа садар самуун болж ичгүүр сонжуурыг мэдэхгүйд хүрнэ.
  • Тахианы мах ба тутаргын будаа идвээс хүүхэд хавтгай цагаан хорхойтой болмуй.
  • Бялзуухайн мах болон буурцгийн ээдэмцэрийг идэж ууваас хүүхдийн нүүр царай сэвхтсэн бараан өнгөтэй болмуй.
  • Яст мэлхийн мах идвээс хүүхдийн хүзүү агшиж богино болмуй.
  • Илжигний мах идвээс хөнгөрөх (амаржих) сарыг уртасгана.
  • Мөсөн чихэр идвээс ураг тогтохгүй.
  • Луусны мах идвээс хөнгөрөхүйеэ бэрх болмуй.

Идээний энэхүү цээрлэл нь 14 дүгээр зуунд өргөн хэрэглэдэг байсан зарим махан хоолны үйлдэл урагт хэрхэн нөлөөлдөгийг практикт ажиглалтаар танин мэдэж жирэмсэлсэн эхчүүд хэрэглэж үл болохыг цээр болгон өгүүлсэнээрээ зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар чухал арга хэмжээ болж байжээ гэж үзэхээр байна. Мэдээж орчин цагт хүүхэд нь сэтэрхий уруултай төрнө гээд туулайн мах хэрэглэхгүй нь лавтай гэхдээ туулайн махыг хэрэглэвэл хүүхэд сэтэрхий уруултай болж магадгүй гэдгийн туулайн уруулын сэтэрхий байдгаар нь жирэмсэн эхчүүдэд анхааруулан цээрлүүлснээрээ жирэмсэн эхчүүдийн хоол, ундны хэрэглээ чухал болохыг харуулж байна.

Жирэмсэн эхчүүдийн зан үйл түүний дотор багтах хоолны зохистой хэрэглээг зөвхөн уураг, амин дэм, төмөр зэрэг эрдэс бодис ихээр агуулсан хоол ундыг илүү хэрэглэснээр сайн байх юм гэж ойлгож болохгүй юм. Монголчуудын жирэмсэн эхчүүдийн зан үйл, идээ, ундааны талаарх ойлголт нь нилээд гүнзгий өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байжээ. Харамсалтай нь энэ талаар тусгайлан судалж чадаагүй байсаар байна. Үүнд нэг талаас 1990-ээд он хүртэл уламжлалт ёс заншилыг судлах явдал хаалттай байсан, нөгөө талаас жирэмсэн эхчүүдийн хоол, ундны хэрэглээтэй холбоотой судар, ном, сурвалж бичгүүд судалгааны эргэлтэд орж чадаагүйтэй холбоотой юм.

Хөхүүл эхийн идээ, ундааны цээр. Хүүхэд төрүүлсэн хөхүүл эх нь өвчин хуучгүй идэр насны бөгөөд зан чанар нь энэрэнгүй уужуу талбиу, дөлгөөн дулаан, үг яриа цөөн бол дээр юм. Хүүхэд нь эхийг түшиглэж, түүний идээ, ундааны шимийг хөхний сүүгээр шингээн авч байдаг. Иймээс хүүхдийн сайн, муу өсөж торних нь эхийн сүүний тэжээлтэй нягт холбоотой гэхдээ сүүний шим болбоос эхийн хоол, ундны хэрэглээтэй шууд холбоотой. Тиймээс хүүхдийн өвчлөх эсэх нь мөн хөхүүл эхийн идээ, ундааг цээрлэх ёсонтой хэр зэрэг холбоотойг өгүүлэх юун. Хэрвээ идээ, ундаанд зохисыг үзэж болгоомжлон цээрлэхгүйгээр аль амттай шимттэйг ая таваараа идэж уухад хүрвэл, хүүхдийг өвчлүүлэх нь магад болой. Энэ даруй эх бологч нь хүүхдээ өвчлүүлсэн хэрэг болно [4, 6].

  • Зуны шарам халуунаар битгий хөхүүл. Хөхүүлбээс хүүхэд нь аргын халуун арвидаж бөөлжиж огшмой.
  • Өвлийн хүйтэн жихүүнээр битгий хөхүүл. Хөхүүлбээс хүүхэд нь билгийн хүйтэн аривдаж ханиаж суулгамой.
  • Эх нь уур хилэн төрүүлэхгүйг хичээх хэрэгтэй. Хилэгнэвээс хий агсаж хүүхдийг солиоруулна.
  • Эх нь архинд согтож үл болно. Согтвоос хүүхдэд аргын халуу бадарч, бие халууран хэвлий нь цанхайна.
  • Эх нь бөөлжвөөс савны тамир хоосрох тул хөхүүлбээс хүүхдийн хүч тамирыг сул дорой, эцэнхий болгоно.
  • Хүүхэд хуучирсан халуунтай болж таталдах тахал ба яр шарх гарах өвчинд нэрвэгдвээс, эх нь бадган халуунаар хийг хөдөлгөх идээ ундааг цээрлэх хэрэгтэй.
  • Хүүхэд илд, хамуу, яр шархтай болбол эх нь яр шархыг үүсгэмээр загас, сам хорхой, тахиа, морь зэрэг амьтны махыг цээрлэх хэрэгтэй.
  • Хүүхэд нь дотор бэтгэрэн дүүрч эс шингэсэн архагтай бөгөөд туранхай байваас эх нь түүхий хаш, өргөст хэмх зэргийг цээрлэх хэрэгтэй.
  • Аливаа саяхан төрсөн хүүхэд шар үндсийн ширгээсэн танд мэргэн хэмээх хээрийн гахайн цөсийг өчүүхэн төдий холиод угааваас, хожим хэдийгээр эсэргэнүүд ба муу яр шарх гаравч эгнэгт бага шиг гарна.
  • Аливаа нялх хүүхэд бижрүү эсэргэнэ гараагүй үед, хэрвээ хар даахитай илжигийн сүүг уулгаваас өсвөр насандаа яр шарх эсэргэнэ гарах зэрэг хорт нэрвэгдэхгүй. Хэдийгээр нэрвэгдлээ гэсэн ч хөнгөнөөр өнгөрүүлж болох бөгөөд түүнчлэн бас хүүхдийн зүрхэнд халуун эзэлж, салхиар татвалзах өвчнийг засна.

Хүсэхүйн 1330 онд бичсэн "Идээ, ундааны жинхэнэ товч" зохиол нь монголчуудын хоолны зохистой хэрэглээний талаарх анхны бүрэн хэмжээний бүтээл болохын зэрэгцээ жирэмсэн эхчүүдийн  идээ,  ундааны  цээрээр дамжуулан тэдний зохистой хэрэглээг нарийн тодорхой өгүүлжээ. Түүнчлэн "Идээ, ундааны жинхэнэ товч" зохиолын доторхи жирэмсэн эхчүүдийн идээ, ундааны цээр нь зөвхөн хоол унд төдийгүй сэтгэл санааны амар түвшин байдлыг онцгойлон авч үздэг байжээ. Үүнээс үндэслээд жирэмсэн эхчүүд зөвхөн хоолны хэрэглээг зохистой эдлэхээс гадна сэтгэл санааны амар түвшин байдал, гоо үзэмж, эрэмгий зориг, сэргэлэн цовоо байдлыг өөрийн амьдран буй ахуйн эд юмс, амьтдын чанар, үйл хөдлөлөөс танин мэдэж бахдан байх нь урагт онцгой нөлөөтэйг ихэд анхааран эрхэмлэж байвал зохилтой юм.

Хоол судлалын чиглэлээр сургалт явуулдаг сургуулиудад орчин цагийн хоол судлал, шим тэжээлийн ухааныг заахаас гадна монголчуудын бие махбодын болон цаг агаарын эрс тэс уур амьсгалын онцлогт тохирсон, олон зуун жилээр шигшигдэн, шалгарсаар ирсэн уламжлалт идээ, ундаа судлалыг хослуулан судлах, үнэ цэнтэй, онол, практикийн ач холбогдолтой гарын авлагын шинжлэх ухааны мөн чанарыг судлан тогтоох улмаар сургалт, практикт ашиглах боломжийг бий болгох нь зүйтэй юм.

Ном зүй

1. Болд Ш., бусад. Монгол туургатны анагаах ухааны алдарт эмч, мааранба, мэргэдийн намтар, бүтээлийн тойм (МЭӨ VII зууны өмнөөс XIX зууны сүүлч хүртэл), УБ, \"Одсар Систем \" ХГ\', 1999, х. 22-23.
2. Болд Ш. Өрхийн эмийн сан Таны эмч эрүүл мэндийн дотны зөвлөх. УБ, \"Мөнхийн үсэг \" ХГ, 2006, х.61-64.
3. Болд Ш. Монголчуудын эрүүл амьдрах ухаан. УБ, \"Admon \" ХГ, 2007, х.64-66
4. Идээ ундааны жинхэнэ товч. (крилл үсгэнд буулгасан Г.Пагма) Эрдэнэт хот, хэвлүүлсэн он байхгүй, х. 6, 17-20
5. Лхагваа Г. Мөнхрөхүй ухаан. УБ, 1999, х. 7
6. Хүсэхүй \"Идээ ундааны жинхэнэ товч \" (Хөхлуу монголчлов) ӨМ, АХХ, 1982, х.31-34
7. Bold Sh, Ambaga М. History and Fundamentals of Mongolian Traditional Medicine. UB, \"Sod Press \", 2002, /in English/ p. 23
8. Bold Sh. Insight into the Secrets of a Mongolian Healthy Lifestyle. Ulaanbaatar, \"Munkhiin useg \" Printing House, 2007, p.32-34
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3475
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК