Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2009, 2(6-2)
Физиологи, Анагаах Ухааны салбар дахь Нобелийн шагналтнууд
( Түүх )
 

“in recognition of his work on the physiology of digestion, through which knowledge on vital aspects of the subject has been transformed and enlarged”

Ivan Petrovich Pavlov

  • Russia
  • Military Medical Academy
  • St. Petersburg, Russia
  • b. 1849
  • d. 1936

Иван Петрович Павлов 1849 оны 9 сарын 14-нд Рязаньд мэндэлжээ. Эцэг Петр Дмитриевич Павлов нь тосгоны лам байсан бөгөөд тэрээр эхлээд Рязань дахь сүмийн сургуульд суралцаж байгаад улмаар шашны номлолын семинарт суралцан боловсрол олжээ.

Тухайн үед 1860-аад оны Оросын утга зохиолын хамгийн алдартай шүүмжлэгч Д.И.Писарев болон Оросын физиологийн шинжлэх ухааны эцэг И.М.Сеченов нарын дэвшилтэт үзэл санаа ихэд түгэн дэлгэрч, тэрхүү үзэл санаагаар цэнэглэгдэн урамшсан Павлов шашны замыг орхин шинжлэх ухаанд өөрийн амьдралаа зориулахаар шийджээ. Ингээд тэрээр 1870 онд байгалийн шинжлэх ухааны курст суухаар физик, математикийн факультетэд элсэн орсон байна.

Павлов хожим өөрийнх нь амьдралын тулгуур, салшгүй хэсэг болсон физиологийн шинжлэх ухаанд маш хүчтэйгээр татагдах болсон. Энэ нь эхний курстээ Афанасьев хэмээх оюутантай хамтран бүтээсэн түүний анхны судалгааны бүтээл болох нойр булчирхайн мэдрэлийн физиологийн талаар хийсэн ажлын үеэс улбаатай юм. Энэхүү бүтээл өргөн хүрээтэй үнэлэгдсэн бөгөөд тэрээр үүнийхээ төлөө алтан медалиар шагнуулж байжээ.

1875 онд Павлов курсээ гайхалтай өндөр үнэлгээтэй дүүргэж Байгалийн Шинжлэх Ухааны Дэд Эрдэмтэн зэрэг хүлээн авсан байна. Хэдий тэрээр физиологийн шинжлэх ухаан дахь хэтийдсэн сонирхлоороо өдөөгдөж байсан ч сургалтаа үргэлжлүүлэхээр шийдэж Анагаахын Мэс Заслын Академид дэвшин гурав дахь курстээ суусан байна. Тэрээр үүнийгээ 1879 онд дахин алтан медальтайгаар дүүргэжээ. Олон хүнд хэцүү шалгалтын дараагаар Павлов Академид тэтгэлэг хүртэх эрхээр шагнагдаж Оросын алдарт эмч С.П.Боткин түүнийг өөрийн эмнэлэгтээ Физиологийн лабораторийн эрхлэгчээр томилон судалгаагаа үргэлжлүүлэх боломжийг олгосон байна. 1883 онд тэр “Зүрхний төвөөс зугтах мэдрэл хэмээх сэдвийн дор докторын диссертациа танилцуулсан. Энэхүү бүтээлдээ тэрээр өөрийн нээсэн зүрхний эрчимжүүлсэн мэдрэлээр жишээ аван “мэдрэлжилт”-ийн санааг хөгжүүлсэн бөгөөд улмаар мэдрэлийн тогтолцооны трофик үйл ажиллагааны суурь ухагдахууныг гаргаж ирсэн. Боткины клиник дээрх лабораторид хийгдсэн судалгаанаас гарсан дээрх болон энэ мэт олон бүтээлдээ Павлов цусны эргэлтийн эрхтэнүүдийн үйл ажиллагааны рефлексийн зохицуулгад үндсэн суурь төлөв байна гэдгийг харуулсан.

1890 онд Павлов Туршилтын Анагаах Ухааны Институт дээрх Физиологийн факультетыг үүсгэн байгуулж, удирдахаар уригджээ. Тэрээр амьдралынхаа төгсгөл хүртэл буюу 45 жил удирдах хугацаандаа энэхүү Институтийг физиологийн судалгааны дэлхийн хамгийн чухал төвүүдийн нэг болгож чадсан.

Павлов 1890 онд мөн Цэргийн Анагаах Ухааны Академид Эм судлалын Профессороор томилогдсон бөгөөд таван жилийн дараа Физиологийн орон тооны Профессор болж 1925 он хүртэл энэхүү албыг хашсан байна.

1891-1900 оны хооронд Туршилтын Анагаах Ухааны Институт дээрээ Павлов хоол боловсролтын физиологи дээрх судалгааны бүтээлийнхээ ихэнхийг хийсэн юм. Энд тэрээр олон эрхтэний үйл ажиллагааг харьцангуй хэвийн нөхцлийн дор ажиглах боломж олгодог нүхлэлтийн өргөтгөсөн хэрэглээ бүхий “архаг” туршилтын мэс заслын аргаа боловсруулсан байна. Энэ нээлт физиологийн шинжлэх ухааны хөгжилд шинэ үеийг нээсэн бөгөөд энэ хүртэл “цочмог” амьдаар нь зүсэх нь үндсэн арга байсан бөгөөд эрхэн тогтолцооны үйл ажиллагааг тухайн агшинд л үнэлэх бололцоо олгодог байжээ. Энэ нь аливаа эрхтэний үйл ажиллагааг судлахад тухайн эрхтэн ба түүний орчны хэвийн харилцан холбоог тасалдуулах шаардлагатай тулгардаг гэсэн үг юм. Иймэрхүү арга нь эрхтэний үйл ажиллагаа хэрхэн зохицуулагддаг буюу хэвийн нөхцлийн үед бие махбодийг засаглагч хуулиудыг танин мэдэх зэрэг анагаахын шинжлэх ухааны хөгжлийг хойш нь татсан асуудлуудыг шийдвэрлэхэд хангалтгүй байсан. Түүний боловсруулсан судалгааны арга онолын болон практикийн анагаахын ухаанд нэгэн шинэ замыг нээсэн байна. Тэрээр маш тодорхой байдлаар мэдрэлийн тогтолцоо нь хоол боловсруулах явцад голлох үүрэгтэй оролцдогийг харуулсан бөгөөд энэхүү нээлт нь чухамдаа орчин үеийн хоол боловсруулалтын физиологийн суурь болсон юм. Павлов 1895 онд тавьсан лекц болон 1897 онд “Лекции о работе главных пищеварительных желез” (Хоол боловсруулах үндсэн булчирхайнуудын үйл ажиллагааны талаарх лекцүүд) нэрийн дор хэвлүүлэн судалгааны ажлаа олон нийтэд танилцуулсанаараа практикийн анагаах ухаанд өндөр хувь нэмэр оруулжээ.

Павловын хоол боловсруулалтын физиологийн талаар хийсэн судалгаа нь түүнийг өөрийн эрхгүй нөхцөлт рефлексийн шинжлэх ухааныг үүсгэхэд хөтөлсөн билээ. Хоол боловсруулах булчирхайнуудын үйлдлийн рефлексийн зохицуулгын талаарх судалгааг хийж байх үедээ Павлов амьтанд зайнаас хоолны өдөөгчөөр үүсдэг “сэтгэцийн шүүрэл” хэмээх үзэгдэлд онцгой анхаарал хандуулжээ. 1895 онд түүний хамтран зүтгэгч Д.Д.Глинскийн хөгжүүлсэн шүлсний булчирхайн цоргонд фистул үүсгэдэг аргыг ашигласнаар Павлов эдгээр булчирхайнуудын байгалийн орчинд туршилт явуулах боломжтой болсон. Эдгээр олон цуврал туршилтууд Павловыг “сэтгэцийн” шүлсний шүүрлийн субьектив тайлбарыг үл зөвшөөрөхөд хүргэж сэтгэцийн үйлдэл нь рефлексийн суурьтай хэмээх Сеченовын таамаглалыг үндэслэн энд (шүлсний булчирхайд) хүртэл байнгын биш боловч түр зуурын эсвэл нөхцөлт рефлекс оролцож байна хэмээн дүгнэхэд хүргэжээ.

Нөхцөлт рефлексийн үйл ажиллагааны энэхүү нээлт нь бүх сэтгэцийн үйлдлийг бодитойгоор судалж, өмнө нь зайлшгүй шаардлагатай байсан субьектив аргуудад хандахын оронд бодит туршлагын аргаар бие махбод, түүний гадаад орчны хоорондахь хамгийн цогц уялдааг ч шинжлэх боломжтой болгосон юм.

1903 онд Мадрид дахь Олон Улсын 14-р Анагаах Ухааны Конгресс дээр Павлов “Амьтдын Туршлагын Психологи болон Психопатологи” сэдвээр илтгэл тавьсан билээ. Энэхүү илтгэлд нөхцөлт болон бусад рефлексүүдийн тодорхойлолт өгөгдсөн байсан бөгөөд үүнд нөхцөлт рефлексийг анхан шатны психологийн болон физиологийн үзэгдэл хэмээжээ. Нөхцөлт рефлекс нь хүн болон амьтны хүрээлэн буй орчиндоо үзүүлж буй хариу урвалын хамгийн өндөр хөгжсөн хэлбэрийн механизмд түлхүүр болж тэдгээрийн сэтгэцийн үйлдлийн обьектив судалгааг боломжтой болгосон.

Хожим нь Павлов судалгааныхаа систематик програмд Сеченовын сэтгэцийн үйлдлийн рефлексийн механизмыг нээх гэсэн онолын оролдлогыг нь туршилтаар батлагдсан нөхцөлт рефлексийн онол болгон хувиргасан юм.    

Амьд бие махбодийн үйлдлийг засагладаг хуулиудын талаарх материалист номлолын чиглүүлэгч үзэл баримтлал болгон Павлов рефлексийн онолыг 3 үзэл баримтлалаар нэгтгэн дүгнэсэн: детерминизмийн үзэл баримтлал, анализ ба синтезийн үзэл баримтлал, бүтцийн үзэл баримтлал.

Павлов болон түүний сургуулийн хөгжүүлсэн энэхүү үзэл баримтлалууд анагаах ухааны шинжлэх ухааны онолын биежилт болон бие махбодийн үйл ажиллагааг бүхлээр нь зохицуулдаг хуулиудыг нээх чиглэлд үлэмж их хувь нэмэр оруулсан билээ.

Мөн Павлов, түүний шавь нарын хийсэн туршилтууд нөхцөлт рефлекс нь “бие махбодийн бүх үйлдлийн үндсэн түгээгч, зохион байгуулагч” байдлаар ажилладаг, амьд амьтан хүрээлэн буй орчинтойгоо маш нарийн тэнцвэрт байдалд байхыг хариуцдаг их тархины бор гадаргад үүсдэг болохыг харуулсан. 1905 онд бүх л гадаад хүчин зүйл цаг хугацааны хувьд ердийн рефлекстэй давхцахад шинэ нөхцөлт рефлексийг үүсгэх нөхцөлт дохио болж болох нь батлагджээ. Энэхүү ерөнхий аксиомтой холбогдуулан Павлов “зохиомол нөхцөлт рефлекс”-ийг судлахаар урагшилсан. Олон жилийн турш Павловын лабораториудад хийгдсэн эдгээр судалгаанууд тархины их тал бөмбөрцгийн бор гадаргын үйл ажиллагааг засаглагч суурь хуулиудыг анх удаа илрүүлсэн билээ. Олон физиологичид Павловын тархины үйл ажиллагааг засаглагч суурь хуулиудыг хөгжүүлэх асуудалд татагдан орсон бөгөөд энэ олон судалгааны үр дүнд дээд мэдрэлийн үйл ажиллагааны талаарх Павловын нэгдсэн онол ойлгомжтойгоор тодрон гарчээ.

Судалгааны дөнгөж эхэн үедээ хүртэл Павлов дэлхий нийтийн анхаарал, сайшаалыг хүлээн авсан юм. 1901 онд тэрээр Оросын Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүнээр сонгогдон, 1904 онд Нобелийн шагнал хүртсэн ба улмаар 1907 онд Оросын Шинжлэх Ухааны Академийн гишүүн-Академич, 1912 онд Кэмбриджийн Их Сургуулийн хүндэт докторын зэргийг хүлээн авч, дараа дараагийн жилүүдэд гадаадын янз бүрийн шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн хүндэт гишүүнчлэл хүртсэн билээ. Эцэст нь Парисын Анагаах Ухааны Академийн санал болгосноор тэр Хүндэт Легионы Одонгоор шагнагджээ (1915).

Октябрийн хувьсгалын дараагаар 1921 оны 1 сарын 24-нд Лениний гарын үсэг зурсан засгийн газрын онцгой тунхагт “Дэлхий нийтийн ажилчин ангид асар их ач холбогдол бүхий Академич И.П.Павловын шинжлэх ухааны гайхамшигтай гавъяа” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

Коммунист нам болон Зөвлөлт засаг Павлов, түүний хамтран зүтгэгчдэд шинжлэх ухааны судалгаа хийх хязгааргүй бололцоо олгосон билээ. 1935 оны 8 сарын 9-17-нд Ленинград болон Москвад Олон Улсын 15-р Физиологийн конгресс хуралдсан нь ЗХУ тухайн үед физиологийн судалгааны чухал төв болсон байсныг бэлээхэн харуулж байна.

Павлов өөрийн бүх шавхрашгүй их хүч чадлаа шинжлэх ухааны өөрчлөлт, шинэчлэлд чиглүүлсэн юм. Тэрээр түүний удирдаж байсан физиологийн институтиудээ шинжлэх ухааны мэдлэгийн дэлхийн төвүүд болгохоор маш их хүчин чармайлт зориулсан бөгөөд энэ нь ч талаар өнгөрөөгүйг дэлхий нийт мэднэ. Павлов олон нэр алдартай физиологичдыг хүмүүжүүлж бэлтгэсэн. Тэр шинжлэх ухааны хамгийн баялаг өвийг үлдээсэн нь багшийнхаа санааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, дэлхий даяарх дагалдагчдынх нь үндэс болсон шавь нар юм.

1881 онд Павлов Хар Тэнгисийн флотын эмчийн охин, багш Серафима (Сара) Василевна Карчевскаятай гэр бүл болжээ. Тэрээр маш хурдан алхдаг нөхрийнхөө араас гүйж явах шаардлагатай байдгийн улмаас анхны хүүхэд нь зулбасан гэж яригддаг. Дараа нь тэд Вирчик хэмээх хүүтэй болсон боловч хүүхэд ахуйдаа гэнэт нас барсан, улмаар Владимир, Виктор болон Всеволод гэсэн 3 хүү, Вера хэмээх 1 охинтой болсон. 3 хүүгийнх нь нэг нь хожим олонд танигдсан физикч болсон ба 1925 онд Ленинградад физикийн профессороор ажиллаж байсан байна.

Оросын алдарт физиологич, дээд мэдрэлийн үйл ажиллагааны тухай материалист номлолыг үндэслэгч их эрдэмтэн И.П.Павлов 1936 оны 2 сарын 27-нд Ленинград хотод 87 насандаа таалал төгсжээ.

“Хамаг юмыг мэдлээ гэж хэзээ ч битгий бод. Таныг хэчнээн дээдлэн үнэлэвч, би юу ч мэдэхгүй гэж ямагт санаж явагтун”

                                                                                      И.П.Павлов  

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3462
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК