Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2009, 1(6-1)
Шизофрени
( Тойм өгүүлэл )

Э.ОдхүүM.D.M.Sc, Н.Алтанзул2 M.D, З.Хишигсүрэн3 M.D

1-Эмгэг физиологийн тэнхим, БАС, ЭМШУИС, 2-Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, 3-Сэтгэцийн эмгэг судлалын тэнхим, АУС, ЭМШУИС

 
Эмгэгжам

Бид энэ удаагийн дугаарт шизофрени өвчний эмгэгжамын талаар бичиж байна. Шизофрени өвчин нь негатив, позитив хэмээх онцлох шинжүүд хослон илэрдэг эмнэлзүйтэй, архаг явцтай дотоод шалтгаантай сэтгэцийн хүнд буюу солиорох эмгэг юм. Өөрөөр хэлбэл хүрээлэн байгаа бодит үзэгдэл юмсыг зөв тусгаж танин мэдэх чадвараа алдаж, тэдгээрийг гаж буруугаар, хий хоосноор, хувирч өөрчлөгдсөнөөр тусгаж, тэдгээрийн хоорондын харилцаа холбоог саланги, тасархай байдлаар хүлээн авч, улмаар өөрийн үйлдлийн зөв бурууг цэгнэх буюу нийгмийн шаардлагад тохируулан биеэ авч явах чадвараа алдахыг шизофрени гэнэ.

Шизофренийн эмгэгжамыг тайлбарласан олон онол байдаг хэдий ч түүний эмгэгжам нь дэлхий дахинд одоог хүртэл бүрэн гүйцэд тайлбарлаж чадаагүй бүрхэг ойлголт хэвээрээ байна. Судлаачид мэдрэлийн эсүүдийн үндсэн медиатор болох нейротрансмиттерүүд нь уг өвчний эмгэгжамд голлох үүрэгтэй хэмээн хэвлэлийн тоймд дурьдсан байдаг. 
Нейротрансмиттер гэдэг нь neuro-мэдрэл, transmitterе-дамжуулах гэсэн грек үгнээс гаралтай мэдрэлийн импульсийг дамжуулдаг биологийн идэвхт бодис юм. Нейротрансмиттерүүд нь сэрлийн импульсийг мэдрэлийн нэг нейроноос нөгөөд, мэдрэлийн эсээс ажлын эрхтэнд (булчин, судас, булчирхайлэг эрхтэн г.м) дамжуулдаг зууч медиатор болдог. Нейротрансмиттерүүдийг биохимийн хувьд пептид гаралтай болон пептид бус гаралтай хэмээн 2 үндсэн бүлэгт ангилан авч үздэг. Дараах нейротрансмиттерүүд нь шизофренийн эмгэгжамд голлон оролцдог хэмээн судлаачид тэмдэглэсэн байдаг. Үүнд допамин, серотонин, GABA (γ-aminobutyric acid-гамма амин тосны хүчил), глутамат, ацетилхолин, холецистокинин, соматостатин ордог.   
Ихэнх эрдэмтэн, судлаачид Philip Seeman-ы боловсруулсан “Допамины онол”-ыг хүлээн зөвшөөрдөг. Уг онолоор шизофренийн солиорлын шинжүүд нь допамины хэмжээ нэмэгдэх, идэвх нь сайжрах, түүний рецепторын мэдрэг чанар ихэссэнтэй холбоотой гэж тайлбарладаг. 
Допамин нь допаминэрг мэдрэлийн нейронд амин хүчил Л-Тирозин-оос гидроксилжих урвалаар үүссэн Л-ДОПА-аас ДОПА декарбоксилаза ферментийн нөлөөгөөр карбоксил бүлгээ алдсанаар үүсдэг ба синапсын мембранаар нэвчин катехол-О-метилтрансфераза (COMT), моноаминоксидаза (MAO) ферментүүдийн үйлчлэлээр задардаг нейротрансмиттер юм. Допамины үйлдэлд мэдрэг нейронуудыг допамины үйлдлийн нейрон гэдэг. Допамины үйлдлийн хэд хэдэн замууд байдгаас сэтгэцийн үйл ажиллагаанд илүүтэй оролцдог үндсэн 3 зам байна. Үүнд:
“Хар бодис, судалт биеийн зам (the nigrostrial pathway)”, 
“Мезокортиколимбийн зам (the mesocorticolimbic pathway)”, 
“Нуман хэлбэрийн бөөмсийн зам ( the arcuate nucleus pathway)” 
Эдгээр замуудаар дамжин допамин нь допамины үйлдлийн нейронуудын хооронд сэрлийн импульсийг дамжуулан нейрон хоорондын үйл ажиллагааг хангаж байдаг. Ингэснээр зан төрх, танин мэдэхүй, үйлдэл хөдөлгөөн, сэдэл, нойр, сэтгэл хөдлөл, анхаарал төвлөрөлт, суралцах зэрэг сэтгэцийн үйл ажиллагааг бүрдүүлж байдаг.  
Допамин нь шизофренийн эмгэгжамд ихээхэн үүрэгтэй болохыг харуулсан олон судалгаанууд байдаг. Эдгээр судалгаанууд нь шизофренийн эмийн эмчилгээний үр дүнд тулгуурлан уг өвчний эмгэгжамыг тайлбарлаж байна. Допамины синтезийг ихэсгэдэг эмийн бодисууд нь шизофрени төст солиорлын шинжүүдийг үүсгэдэг бол солиорлын эсрэг эмүүд нь допамины ялгаралтыг бууруулснаар шизофренийн солиорлын шинжүүдийг арилгадаг. Допамины D1 болон D2 рецепторийг сонгомлоор хориглодог эмүүд нь мөн адил шизофренийн солиорлын шинжүүдийг арилгадаг. Шизофренийн хурц солиоролтой өвчтөнүүдэд допамины рецепторын тоог допамины рецептортой холбогддог радио идэвхит бодисыг ашиглан дан-фотон-ялгаруулагч компьютер томографийн багажаар тодорхойлоход ихэнх өвчтөнүүдэд уг рецепторын тоо ихэссэн байсан. 
Допамины онолоор допамин нь шизофренийн эмгэгжамд голлох үүргийг гүйцэтгэдэг гэж үздэг хэдий ч зарим зөрөөтэй ажиглалтууд байгааг судлаачид илрүүлсэн. Жишээлбэл: допаминэрг эсүүдийг хориг хийхэд зарим шизофренийн шинжүүд бүрэн арилдаггүй. Солиорлын эсрэг эм хэрэглэн допамины замыг саатуулахад шизофренийн солиорлын шинжүүд арилж байгаа хэдий ч өвчтөнүүдэд эмчилгээний өмнө ба дараа допамины задралын бүтээгдэхүүн болон рецепторын тоо хэмжээ хэвийн үеийнхээс ихэссэн байсан. Энэ бүх ойлголтууд нь уг өвчний эмгэгжамд дан ганц допамин оролцдоггүй гэдгийг харуулж байгаа юм.  
Зарим судлаачид допамины хэмжээний ихсэлтээс гадна глутаматын бууралт, идэвхгүйжилт нь (Глутаматын онол) шизофренийн солиорлын эмгэгжамд чухал үүрэгтэй гэж тэмдэглэсэн байхад зарим судлаачид серотонинтой холбон (Серотонины онол) тайлбарлаж байна. Мэдрэлийн нейрон хооронд мэдээлэл дамжих, хариу урвал үзүүлэх, сэтгэц мэдрэлийн нарийн нийлмэл үйл явц нь допамин, серотонин, глутамат зэрэг нейротрансмиттерүүдийн харилцан уялдаат үйл ажиллагаагаар нөхцөлдөн бий болдог.
Тухайлбал: глутаматын замаар таламусын бөөмүүд нь мэдрэхүйн сэрлийг глутаматаар дамжуулан лимбийн тогтолцоо, их тархины гадрын пирамидын нейрон болон неокортикс-д хүргэдэг (Зураг 1). 
Вентрал бөөмөөс ялгарах допамин нь пирамидын нейронд байрлах D1 ба D2 рецепторыг идэвхжүүлснээр пирамидын нейроныг глутаматад мэдрэг чанарыг ихэсгэдэг. Уртавтар тархины арын бөөмөөс ялгарах серотонин (5 гидрокситриптамин, 5 ГТ) нь серотонины рецеторыг идэвхжүүлснээр синапсын төгсгөлөөс глутаматын ялгаралтыг ихэсгэдэг. Глутамат нь их тархины бор гадрын интернейронуудын синапсын өмнө GABA-ийн (гамма-амин тосны хүчлийн) рецепторыг саатуулснаар пирамидын эсийн цочролд нөлөөлдөг. Солиорлын эсрэг эмүүд нь допамин, серотонины үйлдлийг саатуулан их тархины гадрын нейронууд, пирамидын нейроны цочролыг багасгах, ацетилхолины ялгарлыг ихэсгэснээр интернейроныг идэвхжүүлэн шизофренийн солиорлын шинжүүдийг арилгадаг. Энэ бүхнээс харахад шизофренийн эмгэг нь дээрх нейротрансмиттерүүдийн харилцан уялдаат үйл ажиллагааны тэнцвэрт байдлын алдагдлын үр дүнд үүсдэг эмгэг хэмээн үзэж болох талтай. 
Судлаачдын үзэж байгаагаар удамшил, нийгэм, сэтгэл санааны хүчин зүйлс зэрэг нь мэдрэлийн эсийн ялгаран хөгжил, үйл ажиллагааны алдагдлыг бий болгосноор шизофренийн эмгэг үүсэхэд илүүтэй нөлөөлдөг хэмээн үзэж байна. 
Шизофренитэй өвчтөнүүдэд хийгдсэн магнет резонанст томографийн шинжилгээгээр ховдлын хэмжээ томорч, хиппокамп болон чамархайн дээд хэсгийн эзлэхүүн багассан байсан. Харин соронзон резонанст спектрофотометрийн судалгаагаар их тархины бор бодис, хиппокамп болон тархины духны хэсгийн нейроны тоо хэмжээ багасдаг болохыг илрүүлсэн (Зураг 2). Эдгээр судалгааны үр дүнгээс харахад шизофрени нь тархины бүтцийн дан ганц хэсгийн алдагдал бус олон хэсгүүдийн харилцан уялдаат үйл ажиллагааны алдагдалтай холбоотойг харуулж байна. 
Шизофренийн эмгэгжамын хүчин зүйлсийн нэг нь удамшлын урьтал байдал юм. Нэг өндгөн эсийн ихрүүд нь хоёр өндгөн эсийн ихрүүдийг бодвол хоёулаа шизофренигээр өвдөх магадлал өндөр байдаг. Ээж нь шизофренитэй бол хүүхэд нь шизофренигээр өвчлөх эрсдэл 70 хувь байдаг хэмээн судлаачид үзэж байгаа бөгөөд одоогоор шизофрени нь генийн нэг-нуклеотидын полиморфизмтой холбоотой хэмээн үзэж байна. Мэдрэлийн нейроны үүсэл болон ялгаран хөгжилд оролцдог хэд хэдэн ген байгааг судлаачид илрүүлсэн. Жишээлбэл: 1-р хромосом дээр G уургийн зохицуулгын ген, 6-р хромосом дээр синапсын бүтцийн уургийг кодолдог ген, 8-р хромосом дээр синапсын өсөлтийн хүчин зүйлсийн ген, 13-р хромосом дээр глутаматын зохицуулгын ген, 15-р хромосом дээр ацетилхолины рецепторын ген, 22-р рецептор дээр допамины солилцооны ферментийн ген зэрэг олон олон генүүдийн байрлалыг илрүүлсэн. Шизофренитэй өвчтөнүүдэд эдгээр генүүд нэг-нуклеотидын полиморфизм үүсгэсэн байдаг. 
Дээрхээс харахад шизофренийн эмгэгжамыг тайлбарласан олон таамаглал, онолууд байгаа бөгөөд одоог хүртэл бүрэн гүйцэд нэгдсэн ойлголтонд хүрээгүй хэдий ч орчин үеийн шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийн үр дүнд судалгаа шинжилгээ, оношлогооны нарийн техник технологи бий болж шизофренийн эмгэгжамын ойлголтыг улам бүр баяжуулсаар байна. Судлаачид эмийн эмчилгээний үр дүнд тулгуурлан уг өвчний эмгэгжамд нейротрансмиттерүүд оролцдог хэмээн тайлбарладаг хэдий ч нийгэм, сэтгэл зүйн, молекул биологи, генетикийн олон хүчин зүйлсүүд нь харилцан уялдаатай байж мэдрэлийн нейроны ялгаран хөгжил, сэрэл дамжилт зэрэг мэдрэл сэтгэцийн үйл ажиллагааны алдагдлыг нөхцөлдүүлэн уг эмгэгийг үүсгэдэг хэмээн үзэж байна. 
Ном зүй

1. С.Бямбасүрэн “Сэтгэцийн эмгэг судлал” УБ 2007 он
2. Robert Freedman “Schizophrenia” The New England Journal of Medicine 2003;349:1738-1749
3. Lieberman, J.A., Perkins, D., Belger, A., Chakos, M., Jarskog, F., Boteva, K., and Gilmore, J. The early stages of schizophrenia: Speculations on pathogenesis, pathophysiology, and therapeutic approaches. Biol. Psychiatry 50, 884–897 (2001).
4. McGue, M., Gottesman, I.I., and Rao, D.C. The transmission of schizophrenia under a multifactorial threshold model.
5. Am. J. Hum. Genet. 35, 1161–1178 (1983).
6. Kendler, K.S. Overview: A current perspective on twin studies of schizophrenia. Am. J. Psychiatry 140, 1413–1425 (1983).
7. Moldin, S.O. The maddening hunt for madness genes. Nat. Genet. 17, 127–129 (1997).
8. Harrison PJ, Weinberger DR: Schizophrenia genes, gene expression, and neuropathology: on the matter of their convergence. Mol Psychiatry 2005;10:40-68.
9. Undine E. Lang, Imke Puls, Daniel J. Müller, Nathalie Strutz-Seebohm1 and Jürgen Gallinat. Molecular Mechanisms of Schizophrenia. Cell Physiol Biochem 2007;20:687-702
10. Carlsson A. Antipsychotic drugs, neurotransmitters, and schizophrenia. Am J Psychiatry 1978;135:165-73.
11. Castner SA, Williams GV, Goldman-Rakic PS. Reversal of antipsychotic-induced working memory deficits by short-term dopamine D1 receptor stimulation. Science 2000;287:2020-2.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3832
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК