Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 3(5-3)
Өвчний механизм-Ревматоид артритын эмгэг жамын механизм
( Тойм өгүүлэл )

Э.Одхүү1 M.D., M.Sc. Ц.Сумьяа2, Н.Алтанзул3 M.D.

1. Эмгэг физиологийн тэнхим, БАС, ЭМШУИС

2. АУС, ЭМШУИС 

3. Сэтгэцийн Эмгэг Судлалын Үндэсний төв

 

Эмгэгжам

Ревматоид артрит нь шалтгаан тодорхойгүй, үений уутны сөнөрөлт гэмтлийг үүсгэдэг, сэдрэл намжил бүхий архаг явцтай холбогч эдийн өвчин юм. Уг өвчин нь удаан явцтай, тавилан муутай, дундаж наслалтыг 3-18 жилээр багасгадаг, нийт өвчтөнүүдийн 80% нь 20 жилийн дараа хөдөлмөрийн чадвар алдалтанд ордог аутоиммуны гаралтай эмгэг юм. Хүйсийн хувьд эмэгтэй хүмүүст илүүтэй үүсдэг бөгөөд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа 1:3 байдаг. Судлаачид үүнийг эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны онцлог ялангуяа эм бэлгийн даавартай холбож үзэх нь бий.

Ревматоид артритийг үүсгэх үндсэн шалтгааны хүчин зүйлс одоог хүртэл бүрэн гүйцэд тогтоогдоогүй хэдий ч нөлөөлөх олон хүчин зүйлс байдаг. Тухайлбал хүрээлэн буй орчин, ажил мэргэжил, үрэвсэлт өвчин (ялангуяа гүйлсэн булчирхайн үрэвсэл), архи, тамхи, удамшил (HLA-DRB1*0404 ба DRB1*0401 локусын антиген), стрептококкын халдвар, вирусын халдвар (Эбштейн Баррын вирус), үений гэмтэл, харшламтгай байдал зэрэг олон хүчин зүйлс нөлөөлнө.

Бие махбодийн янз бүрийн үенүүдэд үрэвслийн үйл явц өрнөж үений мөгөөрсөн эд болон үений уутны эд гиперплази болох, хавагнах, судасжилт ихсэх, үений хөндийд нейтрофил, макрофаг, лимфоцит, фибробласт зэрэг эсүүдийн агууламж бүхий үрэвслийн булингартсан шингэн хурах бүтцийн өөрчлөлтөнд орж, улмаар үений бүтцийн эргэшгүй өөрчлөлт бий болж, үений хөдөлгөөнийг хязгаарладаг. Үений эдүүдэд үрэвслийн үйл явц нь хэрхэн өрнөж эмгэгжамын ямар механизмаар явагдаж байгаа нь одоог хүртэл бүрэн гүйцэд тайлбарлагдаагүй хэдий ч үрэвслийн эмгэгжамд хемокин, үрэвслийн медиатор болон цитокинууд түлхүүр үүрэг гүйцэтгэдэг. Үрэвслийг эхлүүлэх гол шалтгаан нь антиген гэж үздэг бөгөөд вирусын уураг, биемахбодийн дотоод уураг нь антиген болдог. Туршилтын амьтанд хийсэн сүүлийн үеийн судалгаагаар хүний мөгөөрсний эдийн гликопротейн-39 болон хүнд гинж холбогч уураг зэрэг нь ревматоид артритийг эхлүүлэх антиген болж байна хэмээн хэвлэлийн тоймд дурдсан байна.

Хэдий тийм ч уг өвчний үеийн үрэвслийн үйл явцыг эхлүүлэх гол шалтгаан нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Ревматоид артритийн үед антигенийг антиген илчлэгч эс MHC-II ангийн молекулаар илчилдэг бөгөөд үүнийг CD4+T эс таниснаар үрэвслийн урвалыг өрнүүлдэг.  CD4+T эс нь INF-γ ялгаруулан макрофагийг идэвхжүүлнэ (зураг 1). 

Идэвхжсэн макрофаг нь IL-1, IL-6 болон TNF-α, ялгаруулан улмаар үений фибробласт эс, хондроцит эс, остеокласт эсүүдийг идэвхжүүлдэг. Макрофагаас ялгарах IL-1, IL-6 болон TNF-α нөлөөгөөр үений фибробласт эс, хондроцит эс, остеокласт эсүүдийн гадаргуу дээр CD69 болон CD11 молекулууд нийлэгжин CD4+T эстэй харилцан үйлчилж улмаар металлопротейназ, коллагеназ, эластаз, стромелизин, простагландин Е2 болон бусад үений эдийг гэмтээх нөлөө бүхий медиатор бодис ялгаруулна. Эдгээр бодисын нөлөөгөөр үений мөгөөрс, үений бүрхүүл, ясны эдүүд гэмтэн сөнөрөлт өөрчлөлт бий болдог.

Фибробласт, хондроцит, остеокласт эсүүдээс ялгарах медиатор бодисын нөлөөгөөр үений бүрхүүлийн эсийн гиперплази, гипертрофи болж үений бүрхүүлийн шар усан давхрагын судасжилт ихэсдэг (зураг 2).

Макрофагаас ялгарах IL-8-ийн нөлөөгөөр үений шар усан давхаргад үүссэн судасны эндотель эсийн гадаргууд үрэвслийн үеийн адгезив молекул (ICAM, ELAM-1) нийлэгжин гардаг. TNF-α-ийн үйлчлэлээр цагаан эсийн гадаргуу дээр LFA-1, Mac-1, L-Selectin зэрэг молекулууд ялгарч судасны хананд наалдах үндсэн нөхцлийг бүрдүүлж улмаар судасны ханыг нэвтрэн гарч үений бүрхүүл болон үений хөндийд цуглардаг. Үений хөндийд цугларсан цагаан эс ялангуяа нейтрофил үений хөндийд эластаз, уураг задлагч ферментүүд ялгаруулан үений мөгөөрсний гадаргуугийн протеогликаныг задалдаг. Протеогликаны энэхүү задрал нь фибробласт, хондроцит зэрэг эсүүдийг үений хөндийд орж ирэх нөхцлийг бүрдүүлнэ. Үрэсвэлд оролцогч эсүүдээс ялгарах медиаторын нөлөөгөөр судасны хана өргөсөн, нэвчимтгий чанар ихсэн үений хаван үүсэх бөгөөд хаван мэдрэлийн судсыг дарснаар үений чинэрсэн өвдөлт үүсдэг. 

CD4+T эс хам эрчимжүүлэх механизмаар B эсийг идэвхжүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна. Судлаачид В эс идэвхжихэд IL-4, IL-6, IL-10 зэрэг цитокинууд илүүтэй оролцдог хэмээн тэмдэглэсэн байдаг. Идэвхижсэн В эс цаашид сийвэнт эс нь болох бөгөөд улмаар ревматоид хүчин зүйлс болон үрэвслийн үеийн бусад эсрэгбиеийг ялгаруулдаг. Эмнэлзүйд ревматоид хүчин зүйлсийг ийлдсэнд тодорхойлон ревматоид артритийг оношлох оношлогооны шалгуур болгон ашигладаг хэдий ч зарим хэвлэлийн тоймд ревматоид хүчин зүйлс сөрөг гарах тохиолдол багагүй байдаг хэмээн тэмдэглэсэн байна.

Ревматоид артритийн эмчилгээ үр дүн муу, удаан хугацаанд хийгддэг, өртөг өндөртэй эмчилгээ. Уг эмгэгийн үеийн үндсэн эмчилгээнд үрэвслийн үйл явцыг саатуулах дааврын болон дааврын бус бэлдмэлийг өргөн хэрэглэдэг. Ревматоид артритийн үед үений холбогч эдүүд гэмтээх гол хүчин зүйлс нь фибробласт, хондроцит, остеокласт эсүүдээс ялгарах металлопротейназ, коллагеназ, эластаз, стромелизин зэргийн нөлөөгөөр үүсэдэг болох нь хэдийнээ илэрхий болсон бөгөөд эдгээрийн үүсэлт болон эрчимжих үйл явц нь дархлааны эсүүдээс ялгарах медиатор, цитокинуудын нөлөөгөөр явагддаг болох нь харагдаж байна. Иймд сүүлийн үед эрдэмтэд цитокины үйлчлэлийг саатуулах, цитокины рецепторыг хориглох, моноклон эсрэгбие саатуулах, Т эсийн идэвхижлийг саатуулах эмчилгээний аргыг туршин судалж байна. Энэ бүхнээс харахад ревматоид артритийн эмгэгжам нь бүрэн төгс тайлбарлагдаагүй байгаа нь цаашид судлаачдын өмнө уг өвчний эмчилгээний шинэ аргыг нээх үүд хаалга нээлттэй байгааг харуулж байна.

Ном зүй

1. Ernest H.S. Choy, M.D., and Gabriel S. Panayi, M.D., Sc.D. “Cytokine Pathways and Joint Inflammation in Rheumatoid Arthritis” NEJM, Volume 344:907-916
2. McIntosh E. The cost of rheumatoid arthritis. Br J Rheumatol 1996;35:781-790.
3. Lanchbury JS. The HLA association with rheumatoid arthritis. Clin Exp Rheumatol 1992;10:301-304.
4. Ц.Лхагвасүрэн, Т.Зэвгээ, Ц.Цэрэгмаа, С.Мөнхбаярлах, “Хүний эмгэг үйл судлал” 2004 он
5.Д.Амгаланбаатар, М.Онолбаатар, Б.Дагданбазар, Ч.Бурмаа, С.Энэбиш, С.Түндэврэнцэн, Д.Цэрэндулам, “Хүний биеийн бүтэц зүйн лекц” 2001 он
6. Elaine N. Marieb, Human Anatomy and Physiology, 2004 6th edition
7. Robbins Katron Kumar, Basic of Pathology. 2008 8th edition.
8. Stefan Silbernagl. Color Atlas of Pathophysiology. 2000.
9. Donna E., Hansel, Renee Z. Dintzis, “Pocket Pathology” 2004, 4th edition
10. Blд S, Engel JM, Burmester GR. The immunologic homunculus in rheumatoid arthritis. Arthritis Rheum 1999;42:2499-2506
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4411
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК