Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 1(102)
Хүний биеийн бүтэц зүйн лекц
( Шүүмж, эргэцүүлэл )

Сэ. Сүхбаатар

Анагаах ухааны их сургууль

 

Д. Амгаланбаатар, М. Онолбаатар, Б.Дагданбазар нарын хянан тохиолдуулсан "Хүний биеийн бүтэц зүйн лекц" нь монгол оронд морфологийн сургалтыг явуулахад оюуны томоохон хүчин зүйл болжээ. Учир нь ийм хэмжээний лекц манай түүхэнд анх удаагаа төрөлх хэл дээрээ шилжилтийн үеийн ихээхэн бэршээлийн дунд гарч ирсэн явдал юм. Нэг талаас сургалтын хөтөлбөр өөрчлөгдөж биеийн эгэл (макро) ба бичил (микро) түвшний судалгааны уялдаа холбоог хангах шаардлага, нөгөө талаас гадны хэл дээр олон янзын материал ашигладаг манай оюутнуудын тухайн салбараар үндсэн ойлголтод хүрэхэд нь зайлшгүй чухал бүтээл болжээ.

Уул лекцийн ололттой тал нь гэвэл -Найруулга эвтэйхэн болсон, нилээд нэршил оновчтой болсон, насны онцлог, голлох гаж хөгжлийг гаргаж тавьсан, эрхтний хөгжлийг хүснэгтээр хайрцаглаж өгсөн, биеийн бүтцийн эгэл ба бичил түвшнийг бага орон зайд чадварлаг багтааж өгсөн тэрчлэн гистофизиологийн чиглэлээр морфологийг зэргэлдээх шинжлэх ухаантайгаа холбоотойгоор ухаарах сэтгэлгээг хөгжүүлж өгсөн зэрэгт оршино. Тэрчлэн оюутнууд ирэх лекцийн сэдвийг монгол хэл дээрээ богино хугацаанд уншчихаад багшийн лекцийн үед үг бүрийг бичихгүйгээр ухаарч, шүүмжлэлтэй хандаж хэрэгтэй мөчийг сонгон тэмдэглэл хөтлөх боломж нээгдэж буй ач холбогдолтой юм.

Оюуны өртөнцөд боловсролын ямар түвшинтэй хүмүүст зориулсанаас хамаарч лекц хэд хэдэн хувилбараар бичигддэг. Жишээлбэл, мэргэжлийн бус өргөн нийтэд, тухайн мэргэжлийн оюутнуудад, мэргэжилтэнгүүдэд,мөн тухайн салбараар дэлхийн түвшинд шинжлэх ухааны түүх, ололт, амжилт, арга зүй, зөгнөлт таамнал хамарсан том лекцүүд бичигдэж иржээ. Бидний ярьж буй энэ лекц нь манай орны хүний морфологи судлагч оюутнуудад зориулагдсан юм.

Технологийн өндөр хөгжилтэй орнуудын оюутны лекцүүд байнга шинэчлэгдэн сайжирч хурдан шуурхай хэвлэгдэж эзэндээ хүрдэг аж.

Тус лекц нь удиртгал өгүүлэмжээр эхлэж түүндээ энэхүү лекцийг гаргах болсон шалтгаан хийгээд ирээдүйд хэрхэх талаар товч тодорхой өгүүлжээ.

Удаах өгүүлэмжүүд нь морфологи шинжлэх ухаан болох, түүний судалгааны аргыг хамарна, Морфологи гэдэг нэр томъёог Германы их соён гэгээрүүлэгч Гёте түүхэнд анхны нэвтрүүлсэн билээ. XX зуунд энэ салбарын баримт эгэл бичил болон хэт бичил түвшинд асар их хуримтлагдаж байгалийн шинжлэлд суурьлаг шинжтэй болжээ. Үүнтэй холбоотой морфологи судалгааны арга нарийсан боловсронгуй болов. Дээрх өгүүлэмжүүдийг судалсан уншигчид бидэнтэй ойролцоо дүгнэлтэд хүрнэ гэдэгт гүнээ итгэмой. Харин 6-р хуудасны дороос 8-р мөрт хаалтан дотор суурь шинж гэж хэлбэл ямар вэ? Мөн 7-р хуудасны 10-р мөрд хэрчих, огтлох гэхийн оронд зүсэх, нээх гэсэн үгээр соливол оновчтой болох билээ.

12-35 хуудаст морфологийн түүхийг дэлхийд, Орос оронд болон Монгол оронд хөгжсөн гэсэн чиглэлээр өгүүлсэн нь зүй зохистой хэмээн үзнэ. Харин морфологийн түүхэнд гарч ирсэн үзэл-онол гол урсгалуудыг эмх цэгцтэй гаргаж өгвөл энэ бүлгийн үнэ цэнэ харагдах болно. Улмаар хүний биеийн бүтцийн талаархи ерөнхий ойлголт гэсэн бүлэгт хүний байгальд эзлэх байр суурь, хүний үүсэл ба ирээдуйн хүн, хувьсах хөгжлийн очол мөн хүйсний тухай оруулж өгсөн бол арга зүйн хувьд улам төгөлдөр болох байлаа.

Эукариот эсийн бүтэц түүний гистофизиологи гэсэн бүлэгт эсийн холбооны хөгжил, клиник ач холбогдол, эсийн ялгаран хөгжих (эсийн ялгарах хөгжил гэлтэй); эсийн төлжил, сэргэн шинэчлэл ба наслалтын хяналтын механизм зэрэг онол-практикийн чухал ач холбогдолтой асуудлуудыг оруулж оюутны түвшинд ойлгомжтой тайлбарласан явдал тус бүлгийн ололттой тал нь юм.

Нэгэн биеийн хөгжил гэсэн бүлэгт үйл явцын үндсэн үе шатыг зөв тогтоож өгөх хэрэгтэй. Тухайлбал прогенез хөгжил буюу бэлгийн эсийн хөгжлийг хэвлийдэх хөгжлийн үед хамруулаад бичсэн явдал оюутанд буруу ойлголт өгөхөөр болжээ. Хэвлийдэх хөгжлийн хугацааг ягтогтоох, үр хөврөлийн хөгжлийн Д, С үеүүдийг нэгтгэмээр зэрэг санаа байна. Харин онтогенез хөгжлийн эмзэг үеүүд үр хөврөлийн хөгжил ба генийн инженерчлэл гэсэн сэдвийг товч боловч оруулсан нь эрин цагтайгаа холбогдож лекцийг сонирхолтой болгов. Хучуур эд, холбогч хөдөлгөөний аппарат ба дотоод шүүрлийн булчирхай гэсэн лекцүүд аятайхан сэтгэмжтэй болсон боловч зарим аар саар санамж байна Жишээлбэл: 77-р хуудас дахь "Бүтэц" гэдэг гарчигийн бүтцийн үндсэн шинж гэх; холбогч эдийн ангилалд нөсөөт эдийг орхисон; 93-р хуудаст ялтаст эс гээд эхлэхдээ ойлгомжгүй

болсон, 147-р хуудасны төгсгөлд булчингийн ажлын хөшүүргийн механизмыг тайлбарлахдаа найруулга тааруухан болсон ба 202-р хуудасны дороос 8-р мөрний төгсгөлд APUD гэдэг товчилсон үгийг "АРИД" гэж бичсэн зэргийг дурдьсу.

Цус ба тунгалаг, дархлалын тогтолцоотой холбоотой бүлгүүд оюутанд үндсэн ойлголт өгөхөөр цомхон аятайхан бичигджээ. Зүрх судасны тогтолцоонд хамаарагдах бүлгүүд харьцангуй чадварлаг бичигдсэн бөгөөд бичил эргэлтийн тогтолцоог анх арай дэлгэрэнгүй өгсөн нь тус тэнхимийн мэргэжилтнүүд судас судлалын зохих туршлагатай болохыг харуулж байна.

Мэдрэлийн тогтолцоог бичсэн бүлгуүдэд зарим нэр томъёо солигдсон, 7 хоног, өдөр андуурагдсан, зарим бичил бүтцийн тайлбар дээр анхаармаар газар байгаа боловч ийм том асуудлыг эвтэйхэн цомтгосон ажээ. Мэдрэхүйн эрхтэн тогтолцооны хувьд хараа, сонсголын эрхтнээс гадна бусад мэдрэхүйн эрхтний талаар бас арьсыг бүхэлд нь авч үзэх ч хэрэгтэй юм шиг санагдлаа.

Амьсгалах, хоол боловсруулах ба шээс-бэлгийн тогтолцоог жигддээ хангалттай бичигдсэн гэж үзэв.

Ийнхүү дээр өгүүлэгдсэн зарим нэг техник алдаа санамж нь энэ лекцийн үнэ цэнийг бууруулахгүйгээр үл барим оюутан сурагчдын эрэлт хэрэгцээтэй ном байна гэдэгт итгэмой.

Цаашид энэ лекцээ улам боловсруулан ахмад-залуу үеийн холбооны бэлэг тэмдэг болгон сүндэрлүүлж байхыг зохиогчдоос хүсэж багааг минь хүлээн авч болгоон соёрхоно уу?

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2952
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК