Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2012, 1(6-3)
Номын булан
( Товч мэдээлэл )

Ч.Баяржавхлан АУ-ны магистр

 

 

Хүний бие

Хүний бие ном болвол Стив Паркер, Роберт Винстон нарын зохиосон бүтээл ба уншигч олны дунд хүний биеийн бүтэц үйл ажиллагаа ба эмгэгүүдийн тухай зурагт гарын авлага товч тайлбар хэмээн өргөмжлөгдөн уншигдаж байна.

Энэ ном нийтийн номын худалдаанд гараад тасралтгүй 4 сар болох хугацаанд асар эрэлттэй байсан бөгөөд худалдан авагчдад хэрэгцээтэй 10 шилдэг номын эхний 5 байранд орсоор ирсэн. Энэ номыг урд өмнө иймэрхүү сэдвээр хэвлэгдсэн ном хэвлэлтэй харьцуулахад дараах үндсэн ялгаа ажиглагдсан.

1. Хүний биеийн эрхтнийг тогтоцоор нь хүний эмч хүнийг судалдаг нэр нэршлийн 60-70% оруулж үлэмж ойлгомжтой үзүүлэн таних материалтай зохиосон.

2. Энэ номонд алив эрхтний бүтэц үйл ажиллагааг 3 хэмжээст дүрс оношлогооны багажаар шинжилж харсан дэлхийн эмч нарт танигдсан дүрс гэрэл зургаар баяжуулж нотолгоожуулсан.

3. Хүний биеийн бүтэц үйл ажиллагааг нүдэнд харагдах байдлаас нь авхуулаад цахим дуран бай орон зайн өнгөт цахим дуран байн түвшинд хийгдсэн зураг өнгөт гэрэл зургаар  баталгаажуулж нотолж молекулын түвшинд хүртэл тайлбарлаж баталгаажуулж ойлгуулахаар хялбаршуулж чадсан юм. Энэ нь XXI зууны боловсролын янз бүрийн түвшинд байгаа хүмүүсийн хэнд ч ойлгогдохоор зүй зохистой уран шигтгээтэй ном болгож чадсан.

4. Хүний биеийн 10 гаруй эрхтэн тогтолцоонд тохиолдож болох түгээмэл өвчнүүдийг өвчтөнд өөрт нь илрэх шинж тэмдгээс эхлээд асар нарийвчилсан багажийн шинжилгээ хүртэл баялаг баталгаа, нотолгоотой хүний ой тоонд буутал оруулж олон түгээмэл өвчний талаар мэдээлэл өгсөн явдал юм. Энэ чанараараа эмч эмнэлэгийн ажилтны онолын мэдлэгийг ахиулж өвчний талаар өвчтөнд гүн бат ойлгуулж сэнхрүүлэх боломжийг олгосон баялаг материалтай ном болсон явдал юм. Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа төрөл бүрийн шатлалын эмнэлэгийн ханын сонингийн булангуудыг тогтвортой ажиллагаатай байлгаж эмнэлэг гэгээрлийн сурталчилгааны баримт материал болсноор эмч эмнэлгийн ажилтны сонирхол талархалыг хүлээж байна.

5. Энэ номыг Англи хэлнээс Монгол хэлнээ хөрвүүлэхэд анагаах ухаан эрүүл мэнд сургалтын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан өндөр мэргэжлийн доктор, профессор  багш нар оролцсон учраас хүний биеийн бүтэц түүнд тохиолдож болох өвчин эмгэгийн талаар орчин үеийн нарийн ойлголтыг орчин цагийн Монгол хэлээр чихэнд нь наалдацтай орчуулж ой тоонд нь буухаар чадмаг хөрвүүлсэн явдал юм. Уул номыг эхнээс нь авхуулаад уншихад уран яруу хэллэгтэй, уран зохиолын ном уншиж байгаа юм шиг ойлгогдож байгаа явдал юм.

Номын худалдагдаж байгаа болон худалдаалагдаж байгаа цар хүрээ

1. Анагаах ухааны коллежуудын үзэх Анатоми, Физиологийн хичээлийн гарын авлага болж байна.

2. Анагаах ухааны их, дээд сургуулийн  эмчийн бус мэргэжлээр (Эрүүл мэндийн мэдээлэл зүй, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан, Эм зүй) суралцаж байгаа оюутнуудын Анатоми, Физиологийн хичээлийн гарын авлага болж байна.

3. Хууль хүмүүнлэгийн дээд сургуулиудын оюутны сонирхож унших ажил мэргэжилдээ дур сонирхолтой болоход туслахуйц ширээний ном болж хувирсан.

4. Монгол улсын янз бүрийн шатлалын эмнэлгүүдийн тасаг нэгжийн эмнэлэг гэгээрлийн суртачилгааны лавлагаа ном болсон байна.

5. Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудын “Хүний эрүүл аж төрөх үндэс” хичээлийн лавлагаа ном болж байна.

6. Айл гэр өрхийн номын сангийн эрүүл мэндийн тайлбар толийн хэмжээнд үнэлэгдэж ах, дүүс, аав, ээж амраг садан төрөл төрөгсөддөө төрсөн өдөр, насны найр зэрэгт ойр дотно хүмүүстээ бэлэглэдэг хачин чамин сонин бэлэгнүүдийн тоонд орж түгэн дэлгэрч байна.

Энэхүү номыг худалдан авч болох цэгүүд

- Улаанбаатар хот “Интер” номын дэлгүүр

- ЭМШУИС-ийн БАС-ийн Эрүүл Анатомийн тэнхим

- Энэ номыг худалдаж аваагүй тохиолдолд өөрийнхөө эрхтний бүтэц, үйл ажиллагаа түүнд тохиолдож болох түгээмэл эмгэгийн талаар уншиж танилцья гэвэл:

- Монгол улсын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн сургуулиудын бүх номын сангийн уншлагын зааланд тавигдсан байгаа.

- Улсын төв номын сан, Д.Нацагдорж болон М.Горькийн номын сангийн уншлагын зааланд тавигдсан байгаа.

- Монгол улсын бүх шатлалын эмнэлгүүдийн тасаг нэгжүүдийн албан хэрэгцээний номын фондонд байгаа.

АШУ-ы доктор, профессор

Д.Амгаланбаатар

Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичиг

Миний өмнө 2008 онд Эрүүл мэндийн яамнаас гаргасан “Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичиг” хэмээх нийт 54 хуудас бүхий авсаархан ном байна.  Гадуур хэр их тараагдсаныг мэдэхгүй, миний хувьд эрүүл мэндийн яамаар явж байгаад олж авлаа.

Тухайн номыг уншихад эрүүл мэндийн салбарт ажиллахад  юунаас гараагаа эхлэх, хэрхэн мэргэжил, боловсролоо ахиулах боломжтой, нийт хичнээн жил шаардлагатай гэсэн олон хүний өмнө байнга тавигддаг асуултанд хариулт өгч чадах чухал ном болж гэж бодлоо. 

Ядаж амьдралын гараагаа эхлэх гэж буй залуучууд маань эмч, сувилагч болохын тулд би ингэх юм байна гэдэг ойлголтыг авч, бусад мэргэжилтэй харьцуулалт хийснээр эхнээсээ зөв, тодорхой шийдвэр гаргаж нэгэнт хүссэн мэргэжилдээ чармайн суралцах, тодорхой бус байдлаас шалтгаалан хожим нь харамсан, цаг хугацаа алдах зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд тодорхой хэмжээгээр тус болох ном болжээ.

Энэхүү баримт бичигт эмнэлгийн дээд, тусгай мэргэжилтний хөгжлийн зураглалыг тус тусад нь гаргахыг хичээсэн ба дараахь хэсгүүдээс бүрдсэн байна.

Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн загвар. Энэ хэсэгт  мэргэжилтнийг хэрхэн сургаж бэлтгэх, төгсөлтийн дараахь сургалт ямар шатлалаар явагдах, мэргэжлийн түвшин ажлын туршлагыг харгалзан эмнэлгийн мэргэжилтнийг ямар албан тушаалд ажиллуулж болох талаар баримтлах зарчмын тайлбарыг оруулжээ.

Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зураглал: Энэ хэсэгт эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, боловсролын болон мэргэжлийн хөгжлийн ерөнхий зураглалыг гаргасан байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, иргэд анагаах ухааны чиглэлээр суралцвал би хэн болж болох вэ гэдгээ хөгжлийн зураглалаас бүрэн харах боломжтой бөгөөд дээр хэлсэнчлэн амьдралын замаа шилж сонгоход нь туслах зорилго давхар агуулжээ гэж бодлоо. Хөгжлийн зураглалаас төгсөлтийн өмнөх сургалтанд хэдэн жил сурах уу, цаашид төгсөлтийн дараахь тасралтгүй сургалтаар мэргэшүүлэх, боловсрол ахиулах, ямар боломжууд байгааг хувь хүн харахад дөхөм болохоор болжээ.

Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зураглалын товчоон: Энэ хэсэгт  эмнэлгийн байгууллагууд, эмнэлгийн мэргэжилтнүүдэд аль алинд нь түлхүүр мэдээллүүдийг оруулж, лавлах байдлаар хураангуйлсан байна.

Эмнэлгийн дээд мэргэжилтний хөгжлийн зураглалд:

Сумын их эмч

Өрхийн их эмч

Хүний их эмч

Уламжлалт анагаахын их эмч

Нүүр амны их эмч

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн

Био-анагаахын мэргэжилтэн

Эм зүйч гэсэн 8 мэргэжлийг багтаасанаас гадна сувилагч, эмнэлгийн дунд мэргэжилтний хөгжлийн зураглалыг боловсруулснаар сувилагчийг бэлтгэх, хөгжүүлэх талаарх шинэчлэлийн асуудлыг хөндсөн байна.

Ерөнхийд харвал энэхүү номонд эрүүл мэндийн салбарын мэргэжилтний сургалт, боловсрол, албан тушаалын хөгжил, дэвшлийн ерөнхий зураглалыг гаргаж, цаашид эмнэлгийн мэргэжилтнийг сургах, мэргэшүүлэх, албан тушаал дэвшүүлэх зэрэг хүний нөөцийн асуудлуудад юуг үндэслэх, баримтлах зарчмын тайлбарыг оруулсан нь үнэхээр ач холбогдолтой ном болжээ.  Тухайн бүтээлийг гаргахын өмнө хэд хэдэн удаагийн хэлэцүүлгийг өргөн хүрээгээр хийсэн нь бүтээлийг улам чанаржуулсан нь тодорхой байгаа боловч энэ чиглэлэээр гарсан анхны бүтээл учираас өнөөдрийн нөхцөлд юу билээ, зарим хууль эрх зүйн үндэстэй хэрхэн нийцэж байгаа бол гэх мэтийн асуудал дэвшүүлэн хэлэлцэхээр зүйл бага сага байгааг та бүхэн өөрийн мэргэн оюун ухаанаар дүгнэх буйзаа. 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1657
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК