Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2011, 1(09)
Чихрийн шижингийн ретинопатийн эмнэлзүйн ач холбогдолтой шар толбоны хаванд Авастинийг шилэнцэрт тарьсан эмчилгээний үр дүн ба аюулгүй байдал
( Судалгааны өгүүлэл )

Т.Анар1, Д.Уранчимэг2, Ж.Баасанхүү2, Х.Алтайсайхан2

1 Шастины Төв Эмнэлэг, 2 Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

 

Чихрийн шижингийн ретинопати нь 1, 2-р хэлбэрийн чихрийн шижингийн улмаас бичил судсанд илрэх өвөрмөц хүндрэл юм. Хараагүйдэлд хүргэх гол шалтгаан нь шар толбоны хаван, шилэнцрийн эргэж шимэгдэхгүй цус харвалт, торлогийн хууралт байдаг [1].

ЧШР-ийн тархвар зүйн Висконсины хүн амд суурилсан анхны дэлгэрэнгүй судалгаагаар ЧШтэй хүн амын 11.1%-д макулын хаван байгааг илрүүлсэн [2,3].

ЧШР-ийн Эрт Эмчилгээний судалгаа (ЧШРЭЭС)-аас шар толбоны хавангийн хараанд аюултай эрсдэлтэй хэм хэмжээг тогтоохын тулд “эмнэлзүйн ач холбогдолтой шар толбоны хаван” (ЭАХШТХ) гэдэг ойлголтыг бий болгосон бөгөөд уг судалгаагаар ЭАХШТХ-тай өвчтнүүдэд 3 жилийн хугацаанд дунд зэргийн харааны алдагдал бий болох эрсдэл 33% байсан байна [4].

ЭАХШТХ-гийн эмчилгээний үндсэн арга бол лазер фотокоагуляц юм. Лазер фотокоагуляцийн эмчилгээний үр дүнд дунд зэргийн харааны алдагдлыг 50%-иар бууруулж, нийт тохиолдлын 3%-д харааны чадварыг сайжруулах боломжтой хэдий ч эмчилгээний үр дүн гараагүй тохиолдлууд нилээд хувийг эзэлж байна [5]. Хэсэг газрын, торт лазер фотокоагуляц нь шилэнцэрт триамницолон ацетонид тарих аргаас илүү үр дүнтэй, гаж нөлөө багатай байна [6]. ЭАХШТХ-гийн эмчилгээнд парс плана витрэктомийг судалж байгаа бөгөөд шилэнцэрт триамницолон ацетонид тарих арга болон парс плана витроэктоми нь хязгаарлагдмал үр дүнтэй, ихээхэн гаж нөлөөтэй болох нь ажиглагдсан [7].

ЧШР-ийн эмгэг жамд судасны эндотелийн ургалтын фактор (СЭУФ) ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд торлогийн гипоксийн үед идэвхжиж, пролиферацтай ЧШР болон шар толбоны хаванг нөхцөлдүүлдэг [8].

ЧШР-ийн эмнэлзүйн сүлжээ (DRCR. net) судалгаагаар ЭАХШТХ-ийн эмчилгээнд Бевасизумаб (Avastin, Genentech), Ранибизумаб (Lucentis, Genentech) зэрэг ангиогеник фактор буюу СЭУФ-ыг дарангуйлдаг эмүүдийн үр дүнг судалсан [8,9,10]. Одоогийн эмнэлзүйн нотолгоогоор СЭУФ-ыг дарангуйлагч болон бусад ангиогеник бэлдмэлүүд неоваскуляр өвчний эмчилгээнд өндөр үр дүн үзүүлэхээр байна. Бевасизумаб болон Ранибизумаб нь СЭУФ-ын бүх изоформуудтай холбогддог, эсрэг биет бөгөөд Ранибизумаб нь Эм Хүнсний Нийгэмлэгээс шар толбоны насжилтын дегенерацийн эмчилгээнд, Бевасизумаб нь зарим нэг хавдрын цогц эмчилгээнд хүлээн зөвшөөрөгдсөн болно.

Чихрийн шижингийн ретинопатийн эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргуудыг клиникийн практикт нэвтрүүлж, хараа алдах эрсдэл бүхий өвчтөнүүдэд шинэлэг эмчилгээний аргуудыг зохистой хэрэглэн, эмнэлзүйн үр дүнг тооцох нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо.

Судалгааны ажлын зорилго

ЧШР-ийн эмнэлзүйн ач холбогдолтой шар толбоны хавангийн үед судасны эндотелийн ургалтын факторыг дарангуйлах бэлдмэлийг, шилэнцэрт тарих эмчилгээний эмнэлзүйн үр дүн, аюулгүй байдлыг судлах

Загвар

Даган судалсан, дараалсан, харьцуулалтгүй, эмнэлзүйн тохиолдлын судалгаа

Материал ба аргачлал

Судалгааг хийхийн өмнө ЭМШУИС-ийн Ёс зүйн салбар хорооноос зөвшөөрөл авч, Хельсинкийн тунхаглалын, хүнийг хамруулсан биоанагаахын судалгааны ёс зүйн зарчмуудыг баримтлан явуулсан.

Судалгаанд хамруулсан шалгуур: 18-аас дээш насны, 1 ба 2-р хэлбэрийн ЧШ-тэй, дунд болон хүнд зэргийн пролиферацгүй эсвэл эрт үеийн пролиферацтай ЧШР-тай, ЭАХШТХ үүссэн, ЧШР-ийн Эрт Эмчилгээний Судалгаанд хэрэглэсэн хараа тодорхойлох аргачлалаар хамгийн сайн засарсан харааны чадал (ХСЗХЧ) нь 0.5-0.12 хүртэл байх;

Судалгаанд үл хамруулах шалгуур: Өндөр эрсдэлт пролиферацтай ЧШР-тай, ЧШР-аас бусад шалтгаанаар үүссэн шар толбоны хаван, шар толбоны насжилтын дегенерац (НШТД), шар толбоны хатангиршил, сүүлийн 6 сарын дотор нүдэнд ямар нэгэн мэс засал, лазер болон СЭУФ-ын эсрэг эмчилгээ хийгдсэн, катаракт, шинэ судасжилттай глауком, үндсэн эмчилгээний үр дүнд нөлөөлж болохуйц хэмжээгээр шилэнцэрт болон нүдний орчимд стероид тариулсан;

Судалгаанд хамруулах шалгуурт нийцсэн, судалгаанд орохыг зөвшөөрсөн, дараалан илэрсэн 24 өвчтөний 24 нүдийг даган, эмчилгээний үр дүн ба аюулгүй байдлыг судалсан.

Нийт өвчтөний суурь үзүүлэлт, 1, 2, 3, 4, 5, 6 дахь сар тутам харааны чадал, НДД, завсарт биомикроскопийн шинжилгээ, фундусскопи хийсэн. ЧШР-ийн Эрт Эмчилгээний Судалгааны хараа шалгах стандарт аргачлалаар хамгийн сайн засарсан харааны чадлыг ЧШРЭЭС-ны үсгийн үнэлгээ болон ялгарлын хамгийн бага өнцгийн логарифм (LogMAR)-д шилжүүлэн харьцуулсан.

Нүдний угийн өнгөт зургийг Японы Kowa фирмийн дижитал фундус камераар бүх өвчтөнд анхны удаа болон, 1 сар, 3 сар, 6 сарын дараа давтан авч, баримтжуулан торлогт гарах аливаа өөрчлөлтийг үнэлэхэд ашигласан.

Флюресцейнт ангиографийг заалтаар хийхдээ хураагуур судсанд 10 мл флюресцейн будагч бодис тарьж, дан ангиограммуудыг эрт, дунд, хожуу үед нь авсан.

Эмчилгээ хийхээс өмнө 3 хоног хэсэг газрын нянгийн эсрэг эмийг дусаасан. СЭУФын эсрэг эмчилгээг Английн Нүдний эмч нарын Эзэн хааны Коллежоос гаргасан стандарт аргачлалын дагуу, мэс заслын өрөөнд, 5%-ын повидон-иодын уусмал, зовхины наалт, хэсэг газрын мэдээ алдуулалт хийж, зовхинд тэлэгч тавьж, phakic нүдэнд лимбээс 4 мм, pseudophakic нүдэнд 3.5 мм зайд, гадна дээд квадрантад 1.25 мг бевасизумаб-ыг pars plana-р шилэнцэрт тарьсан. Мэс заслын дараа өвчтөнүүдэд хэсэг газрын антибиотик эмчилгээнд Sol. Moxifloxacin Hydrochloride 0.5% нүдний дусаалга өдөрт 3 удаа, тариа хийлгэснээс хойш 2 долоо хоногийн турш хэрэглэсэн.

Шар толбоны хаван хэвээр байх буюу нэмэгдэх, сүүлийн үзлэгээс хойш харааны чадал буурсан өвчтөнүүдэд эмчилгээг давтан хийсэн. Давтан эмчилгээний дараах өдөр үзлэг хийж, дараагийн үзлэгүүдийг тогтсон хуваарийн дагуу үргэлжлүүлсэн.

Статистик боловсруулалтыг SPSS 16.0 программыг ашиглан боловсруулав.

Үр дүн

Судалгаанд дараалсан 24 өвчтөн (24 нүд)-ийг хамруулсан бөгөөд хүн ам зүйн болон эмчилгээний өмнөх суурь үзүүлэлтүүдийг хүснэгт 1-д нэгтгэн үзүүлэв. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 17 нь пролиферацгүй, 7 нь пролиферацтай чихрийн шижингийн ретинопатитай, бүх өвчтөнд эмнэлзүйн тод илрэлтэй шар толбоны хаван үүссэн байсан.

ЧШ: чихрийн шижин; ЭАХШТХ: шар толбоны эмнэлзүйн ач холбогдолтой хаван; ХСЗХЧ: хамгийн сайн засарсан харааны чадал; ЧШРЭЭС: чихрийн шижингийн ретинопатийн эрт эмчилгээний судалгаа; LogMAR: ялгарлын хамгийн бага өнцгийн логарифм; ФА: флюресцейнт ангиографи 6 сарын хугацаанд Бевасизумаб (Авастин)-ын эмчилгээнд хамрагдсан өвчтөнүүдийн ХСЗХЧыг суурь үзүүлэлттэй харьцуулахад дунджаар 7.8 үсгээр сайжирсан бөгөөд эмчилгээний төгсгөлд буюу 6 дахь сард ХСЗХЧ дунджаар 10.3 үсгээр нэмэгдсэн үр дүн гарсан нь статистикийн үнэн магадтай байв (p<0.0001). Бевасизумаб (Авастин)-ыг шилэнцэрт тарих эмчилгээ нь ХСЗХЧ-ыг шуурхай, тасралтгүйгээр, тогтвортой нэмэгдүүлсэн бөгөөд эхний үр дүн нь 1 сарын дараа ажиглагдсан. Эмчилгээнд хамрагдсан бүх өвчтөнд харааны талаас эерэг өөрчлөлт гарсан бөгөөд нийт өвчтөний 60.8%-д нь ХСЗХЧ 10 ба түүнээс дээш тооны үсгээр (2 ба түүнээс дээш эгнээ), 32.4%-д нь 15 ба түүнээс дээш үсгээр (3 ба түүнээс дээш эгнээ) нэмэгдсэн байв (p<0.0001) (Хүснэгт 2; Зураг 1).

Эмчилгээний явцад нүдний талаас ноцтой хүндрэл гараагүй. Хамгийн элбэг тохиолдсон хүндрэл нь нүд орчмоор өвдөх, салстын цус харвалт болон түр зуурын нүдний дотоод даралт ихсэлт байсан. Нэг өвчтөнд эмчилгээний дараах 2 дахь сард тархины геморрагийн инсульт өгсөн тохиолдол гарсан (Хүснэгт 3).

Эмчилгээний өмнөх цусан дахь HbA1C, цусны даралтын хоёрын суурь болон эмчилгээний төгсгөлдөх үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаа гарсангүй (Хүснэгт 4).

Хэлцэмж

Дэлхий дахинд сүүлийн үед хийгдсэн судалгаануудын үр дүнд ЧШ-ийн шалтгаант шар толбоны хаван (ЧШШШТХ)-гийн эмчилгээний менежмент огцом өөрчлөгдөж байна.

ЧШР бол хүнд эмгэг. Хэд хэдэн эсийн механизмууд нийлж эмнэлзүйн хүндрэлүүдийг бий болгодог. Эдгээрийн алинд нь нөлөөлөхөд үр дүнтэй эмчилгээ хийж болох талаар тодорхойгүй байгаа бөгөөд зарим тохиолдолд хавсарсан эмчилгээ хийх шаардлагатай юм.

Зарим үр дүнтэй эмчилгээний шинэ аргуудыг клиникийн практикт туршихаас өмнө хийгдэх ёстой эмнэлзүйн өмнөх шатны судалгаанууд дутагдалтай байна.

Эмнэлзүйн туршилтууд нь урт хугацаатай, өргөн хүрээтэй байх шаардлагатай. Энэ нь уг эмүүдийг зах зээлд нэвтрүүлэхэд томоохон санхүүгийн бэрхшээл учруулж, цаг хугацааг хойш нь татах мөн үнийн өсөлтөнд нөлөөлөх эрсдэлтэй. Ингэснээр өвчтний эмчилгээ, сувилгааны асуудалд саад болж байна.

Энэхүү судалгаагаар ЧШШШТХ-ийн үед шилэнцэрт Бевасибизумаб (Авастин) тарих арга тохиромжтой болохыг харуулсан. Судалгаа хийгдсэн 6 сарын хугацаанд ХСЗХЧ тогтвортой сайжирсан бөгөөд аюулгүй байдлын хувьд ч эерэг үр дүн гарсан. Бевасибизумаб (Авастин) нь ЧШШШТХ-ын улмаас бий болсон харааны алдагдлыг эмчлэхэд үр дүнтэй болох нь харагдаж байна.

Судалгааны дутагдалтай талууд нь тохиолдлын тоо цөөн, хяналтын бүлэг байхгүй, зайлшгүй шаардлагатай оношлогооны зарим багаж (OCT) байхгүйгээс ЧШШШТХ-ын эмчилгээний эмнэлзүйн үр дүнг бодитой үнэлэх боломжгүй байсан явдал юм.

Харааны чадлыг тодорхойлох арга нь харааны үйл ажиллагааг хэмжих нарийвчлал муутай, субъектив арга. ЧШ-ийн шалтгаант шар толбоны хаван даамжирсан тохиолдолд л тодорхой хэмжээний хамаарал илэрдэг. Шар толбоны хавангийн эрт шат буюу төвийг хамраагүй үед энэ хамаарал илрэхгүй. Харин орчин үеийн технологийн тусламжтайгаар эрт үеийн, төвийг хамраагүй шар толбоны хаванг илрүүлэх боломжтой болсон. Зураг эсвэл ОСТийн шинжилгээгээр хэмжигдэх торлогийн зузаан болон харааны чадвар хоорондын хамаарал хүчтэй биш хэдий ч энэ нь өвчнийг илрүүлэх, даамжралыг нь тогтоох хамгийн чухал үзүүлэлт болсон хэвээр байна. Манай орны хувьд нүдний аль ч клиникт OCT байхгүй байгаа нь ЧШ-ийн шалтгаант шар толбоны хавангийн оношлогоо болон эмчилгээний хяналтанд ноцтой бэрхшээл учруулж байна.

ЧШ-ийн шалтгаант макулын хаван болон ЧШ-ийн бусад хүндрэлүүдийн эрүүл мэндэд учруулах дарамт маш их байгаатай холбоотой дэлхий нийтээр эмнэлзүйн туршилт судалгаанууд эрчимтэй явагдсаар байна. Үүний улмаас үр нөлөө болон эрсдэл нь тодорхойгүй олон эмчилгээнүүд бий болж, эмч нар эдгээр эмчилгээг хэрхэн хийх талаар тодорхой ойлголтгүй байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаардлагатай бөгөөд энэ хооронд шинэ эмчилгээнүүд практикт нэвтэрсээр байгаа нь эмч болон өвчтөний шийдвэр гаргах явцад хүндрэл учруулж болно. Ийм хэдий ч огт сонголтгүй байсныг бодвол энэ бол амжилт юм.

Лазер эмчилгээний бүлэг байгаагүй нь судалгааны дутагдалтай тал юм. Гэхдээ шаардлага гарсан тохиолдолд 3 дахь сараас эхлээд яаралтай журмаар лазер фотокоагуляцийн эмчилгээнд оруулах бэлтгэлтэй байсан.

Судалгааны протоколд лазер эмчилгээнд оруулах нарийн заалтуудыг оруулаагүй учир нь уг эмчилгээний талаар хангалттай стандарт байхгүй, мөн судлаач өөрөө бүх хариуцлагыг хүлээнэ гэж тооцсон юм. Судалгаанд хамрагдсан нүдний 17% нь урьд нь лазер эмчилгээнд орсон байсан боловч эмчилгээний дүнд ХСЗХЧ сайжраагүй болох нь ажиглагдсан. ЧШР илүү даамжирсан тохиолдолд бидний судалгааны дүн хамааралгүй болох юм. Гэхдээ бид ЧШШШТХ даамжирч дунд шатанд орсон өвчтөнүүдийн эмчилгээнд бидний судалгааны дүн хамааралтай гэдэгт итгэж байна.

Бевасизумаб (Авастин)-ын эмчилгээг лазер эмчилгээнд нэмэлт байдлаар санал болгож байна. Ингэснээр аль аль эмчилгээг дангаар хийснээс илүү үр дүнтэй байж болох юм. Мөн хослуулан хэрэглэснээр бевасизумаб эмчилгээний тоог цөөрүүлэх боломжтой. ЧШРийн эмнэлзүйн сүлжээ судалгаагаар (DRCR.net) ЧШШШТХ-ын эмчилгээнд ранибизумабын эмчилгээг шуурхай болон хойшлуулсан лазер фотокоагуляцитай хослуулан хэрэглэх нь дан лазер эмчилгээнээс илүү үр дүнтэй болохыг харуулсан [15]. Гэхдээ өмнө нь хийгдсэн READ-2 судалгаагаар ХСЗХЧ-ыг сайжруулахад ранибизумабыг дангаар хэрэглэх арга нь дан лазер эмчилгээний аргаас илүү үр дүнтэй болохыг харуулсан [16].

Чихрийн шижингийн эмгэг жамын онцлог болон ЧШШШТХ-ийн даамжрал, харааны алдагдал зэрэг нь өвчтнүүдэд харилцан адилгүй байдгийг бодолцон тусгайлсан эмчилгээний стандарт боловсруулах шаардлагатай байна.

DCCT/EDIC болон UKPDS судалгаануудын дүнгээс бодисын солилцооны менежментийг онц сайн хийж чадсан тохиолдолд ЧШ-ийн шалтгаант шар толбоны хаван болон бусад хүндрэлүүдээс сэргийлж эсвэл явцыг удаашруулж болох нь харагдаж байна. Энэ нь өвчний аль ч үе шатанд эмч болон өвчтний хооронд ярилцах гол сэдэв байх ёстой. Дараагийн нэг чухал асуудал бол өвчнийг эрт шатанд илрүүлж эмчлэх явдал юм. Иймээс эрүүл мэндийн ажилтнууд ЧШ-тэй эсвэл ЧШ-ээр өвдөх өндөр эрсдэлтэй өвчтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, эрт илрүүлэх болон хянах асуудал дээр хүч төвлөрүүлэн ажиллах хэрэгтэй юм.

Аюулгүй байдал

Эмчилгээний таарамж 6 сарын турш сайн байсан ба аюулгүй байдлын хувьд Насжилтын шар толбоны дегенерац (НШТД)-ийн үед хийгдсэн судалгааны үр дүнтэй ойролцоо байв [11;12;13].

Чихрийн шижингийн шалтгаант шар толбоны хаван (ЧШШШТХ)-тай өвчтөнүүдэд эмчилгээ хийх явцад НШТД-ийн эмчилгээнд тохиолдсон сөрөг үйл явдлаас өөр хэлбэрийн шинэ хүндрэл тохиолдоогүй. Нүдний болон нүдний бус хүндрэлийн тохиолдол цөөн гарсан. НШТД-ийг судалсан бусад судалгаануудын адил нүдний талаас хамгийн элбэг тохиолдсон нь нүдээр өвдөх, салстын цус харвалт болон түр зуурын нүдний дотоод даралт ихсэлт байсан бөгөөд эдгээр хүндрэлийг судалгааны ажилбараас (нүдний тарилга) шалтгаалсан гэж тооцсон. Геморрагийн инсульт өгсөн нэг өвчтөн цусны даралт ихдэх суурь өвчтэй байсан бөгөөд шууд эмчилгээнээс хамаарсан гэдгийг батлах боломжгүй юм.

Шилэнцэрт шууд тарихад эрсдэлтэй, ноцтой хүндрэлийн нэг нь эндофтальмит бөгөөд манай судалгааны явцад тохиолдоогүй боловч судалгаанд хамрагдсан тохиолдлын тоо бага учраас ЧШШШТХ-тай өвчтөнүүдэд гарч болох эндофтальмитын эрсдлийн талаар дүгнэлт гаргах боломжгүй юм.

НШТД-тай ЧШ-тэй болон ЧШ-гүй өвчтөнүүдийн Судсавчийн Неоваскуляризацийн эмчилгээнд СЭУФ-ын эсрэг биетийг ашигласан сонгодог судалгаа (ANCHOR), НШТД-ийн эмчилгээнд СЭУФ-ын эсрэг биет Ранибизумабыг ашигласан сонгодог туршилт судалгаа (MARINA), Шар толбоны доорх судсавчийн неоваскуляризацитай өвчтөнүүдэд Ранибизумабын эмчилгээний үр дүн болон аюулгүй байдлыг судалсан IIIb шатны, олон төвт, санамсаргүй түүвэрлэлттэй, давхар нууцлалтай, хуурамч тарилгын хяналтын бүлэгтэй судалгаа (PIER), НШТД-ийн үед шилэнцэрт Лусентис тарих эмчилгээний аюулгүй байдлын үнэлгээ (SAILOR), EXCITE болон EXTEND зэрэг судалгаануудаар эндофтальмитын тохиолдлын тоо ЧШ-тэй (0.4% (523-аас 2 тохиолдол)) болон ЧШ-гүй (0.5% (3213-аас 17 тохиолдол)) өвчтөнүүдэд ялгаатай болохыг харуулсан ба ЧШ-тэй өвчтөнүүдэд эрсдэл илүүгүй болох нь тогтоогдсон [14].

Энэхүү судалгааг явуулах нөхцөл бололцоог хангаж, дэмжин тусалсан ШТЭ-ийн захиргаа, өөрийн тасгийн хамт олон, зөвлөх болон удирдагч багш нар, ЭМШУИС-ийн Нүдний тэнхим, илрүүлэлт болон хяналтын явцад хамтарч ажилласан УКТЭ-ийн Нүдний тасаг, Сайт, Болор мэлмий, Орбита эмнэлгийн хамт олонд гүн талархалаа илэрхийлье!

Дүгнэлт

  1. Чихрийн шижингийн ретинопатийн шалтгаант Эмнэлзүйн ач холбогдолтой шар толбоны хавангийн улмаас хараа алдах аюултай шатандаа орсон өвчтнүүдэд Бевасизумаб (Авастин) эмчилгээний эмнэлзүйн ойрын үр дүн сайн байна.
  2. Бевасизумаб (Авастин) эмчилгээний таарамж 6 сарын турш сайн байсан ба аюулгүй байдлын хувьд Насжилтын Шар Толбоны Дегенерацийн эмчилгээний үеийн аюулгүй байдалтай ижил байна.
Ном зүй

1. Prevention of blindness from Diabetes Mellitus. Report of a WHO consultation in Geneva, Switzerland, 9-11 November (2005)
2. Klein R et al. The Wisconsin Epidemiologic Study of Diabetic Retinopathy. II. Prevalence and risk of diabetic retinopathy when age at diagnosis is less than 30 years. Archives of Ophthalmology, (1984), 102:520-526
3. Klein R et al. The Wisconsin Epidemiologic Study of Diabetic Retinopathy. III. Prevalence and risk of diabetic retinopathy when age at diagnosis is 30 or more years. Archives of Ophthalmology, (1984), 102:527-532
4. Early Treatment Diabetic Retinopathy Study Research Group: Treatment techniques and clinical guidelines for photocoagulation of diabetic macular edema. Early Treatment Diabetic Retinopathy Study Report Number 2. Ophthalmology (1987); 94:761-774
5. Early Treatment Diabetic Retinopathy Study research group: Photocoagulation for diabetic macular edema. Early Treatment Diabetic Retinopathy Study report number 1. Arch Ophthalmol (1985); 103:1796–806
6. Diabetic Retinopathy Clinical Research Network. A randomized trial comparing intravitreal triamcinolone acetonide and focal/grid photocoagulation for diabetic macular edema. Ophthalmology (2008); 115:1447–1449, 1449. e1–10
7. Cekiз O et al. Cataract progression after intravitreal triamcinolone injection. Am J Ophthalmol (2005); 139:993–998
8. Spaide RF et al. Intravitreal bevacizumab (Avastin) treatment of proliferative diabetic retinopathy complicated by vitreous hemorrhage. Retina (2006); 26:275-278
9. Avery RL et al. Intravitreal bevacizumab (Avastin) treatment of proliferative diabetic retinopathy. Ophthalmology (2006); 113:1695-1715
10. Chun DW et al. A pilot study of multiple intravitreal injections of ranibizumab in patients with center-involving clinically significant diabetic macular edema. Ophthalmology (2006); 113:1706-1712
11. Brown DM et al. ANCHOR Study Group. Ranibizumab versus verteporfin for neovascular age-related macular degeneration. N Engl J Med (2006); 355:1432–1444
12. Regillo CD et al. Randomized, double-masked, sham-controlled trial of ranibizumab for neovascular age-related macular degeneration: PIER Study year 1. Am J Ophthalmol (2008); 145:239–248
13. Rosenfeld PJ et al. MARINA Study Group. Ranibizumab for neovascular age-related macular degeneration. N Engl J Med (2006); 355:1419–1431
14. Lanzetta P et al. Safety profiles of diabetic versus non-diabetic AMD patients in randomized controlled clinical studies with ranibizumab. Poster presented at the Annual Meeting of the Association for Research in Vision and Ophthalmology, 1–5 May (2010), Fort Lauderdale, FL
15. The Diabetic Retinopathy Clinical Research Network. Randomized trial evaluating ranibizumab plus prompt or deferred laser or triamcinolone plus prompt laser for diabetic macular edema. Ophthalmology (2010); 117:1064–1077.e35
16. Arevalo JF et al. Primary intravitreal bevacizumab (Avastin) for diabetic macular edema: results from the Pan-American Collaborative Retina Study Group at 6-month follow-up. Ophthalmology (2007); 114:743–750
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Анагаах ухааны доктор (Ph.D) Д.Уранчимэг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1600
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК