Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 3(63)
Хөдөлмөрийг бригадаар зохион байгуулах аргыг эмнэлэгт нэвтрүүлсэн нь
( Түүх )

Ж. Тумбааш, Ж. Баасанхүү 

Улсын клиникийн төв эмнэлэг

 

Эрүүлийг хамгаалах салбаруудад хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй, зүй зохистой зохион байгуулах явдал чухал ач холбогдолтой юм. Манай   орны   улс ардын аж ахуйн төрөл бүрийн салбарт бригадын арга нэвтэрч үр дүнгээ өгч байна. Харин эрүүлийг хамгаалах салбарын ажлын онцлог, үйлчилгээний өвөрмөц зохион байгуулалтын улмаас бригадын аргыг нэвтрүүлэхэд нэлээд бэрхшээлтэй бөгөөд хийж туршсан ажил маш ховор юм. ЗХУ-ын Москва, Донецк зэрэг олон хотын   нүдний клиникүүдэд бригадын арга 1970-аад оноос нэвтэрч Москва хотын нүдний бичил мэс заслын эрдэм шинжилгээний институт энэ аргыг өөрийн үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлжээ. Бригадын арга нь бригадын бүх гишүүдийн ажлын амжилтаас шалтгаалдаг үйлдвэрлэлийн бяцхан хэсэг юм. Бригадынхны дотор хөдөлмөр зохион байгуулалтын хамтын хэлбэр давамгайлан гишүүн бүр бие биедээ өндөр шаардлага, хяналт тавих, хамт олны үүрэг хариуцлагыг жигд сайжруулах үндсэн дээр идэвхтэй хөдөлмөрлөх боломжийг бүрэлдүүлдэг байна. Хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зөв зохион байгуулснаар дотоод нөөцийг илрүүлэн бүрэн ашиглах, шинжлэх ухаан техникийн ололт, түүний үр дүнг практикт нэвтрүүлэхийн заагийг багасгаж, эмч нарын ажлын ачааллыг жигдрүүлэн, дадлага мэргэжлээ байнга дээшлүүлэх боломж олгон, ажлын чанар, эмчилгээ үйлчилгээ хэр зэрэг цаг хугацаандаа явагдаж байгаад хяналт тавихад ихээхэн ач холбогдолтой юм.

ЗХУ-ын Москва хотын нүдний бичил мэс заслын эрдэм шинжил­гээний институтийн туршлагаар Улсын клиникийн төв эмнэлгийн нүдний тасгийн эмч нар бригадын аргыг 1982 оноос эхлэн ажилдаа нэвтрүүлж нүдний тасаг, поликлиникийн нүдний кабинетийн 6 эмчийн бүрэлдэхүүнтэйгээр эмч нарын бригад  байгуулсан юм.

Манай бригадын эмчилгээ, үйлчилгээний ажлын гол зарчим нь стационарын тасаг, поликлиникийн үзлэгийн кабинетын эмч нар бүх төрлийн ажилд жигд оролцдогт оршино. Бригадын ахлагчаар тасгийн эрхлэгч, поликлиникийн нүдний кабинетыг нэг эмч хариуцан ажилладаг.

Бригадын ахлагч нь эмч нарт тасагт шинээр хэвтэж байгаа өвчтөнг хуваарилах, мэс засал хийх ба туслах эмч нарыг томилох, хөдөө орон нутгийн яаралтай дуудлаганд явах эмч нарын хуваарийг гаргах зэргээр ажлаа зохион байгуулна.

Бригадын эмч бүр тасагт 10 гаруй өвчтөнг хариуцан эмчлэх ба поликлиникийн кабинетад долоо хоног бүр батлагдсан графикаар тогтмол үзлэг, мэс засал хийдэг учраас хэвтэх өвчтөн бүрийг тодорхой мэддэг. Онош, эмчилгээний асуудал шийдвэрлэгдээгүй, хэвтүүлж эмчлэх шаардлагатай өвчтөнийг зөвлөх эмчид цаг тухайд нь үзүүлэх, онош тодорхойгүй буюу яаралтай тусламж үзүүлэх тохиолдолд бригадын эмч нарын зөвлөгөөнөөр оруулан шийдвэрлэж ажилласнаар үйлчилгээ хөнгөн шуурхай болж өвчтөн хүлээгдэх нь багаслаа.

Тасагт зөвлөх эмчийн үзлэг, зөвлөгөөнийг хоногт 2 удаа хийж өвчтөний эмчилгээнд тавих хяналтыг тогтмолжуулан, мэс засал хийх өвчтөнд хагалгаа хийх тактик, арга техникийг сонгон авч урьдчилан бэлтгэх, гарах өвчтөн бүрийг үзэж зөвлөдөг. Бригадын эмч нарын мэргэжил дээшлүүлэх ажлыг Анагаах ухааны дээд сургуулийн нүдний өвчин судлалын тэнхимийн удирдлагаар төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг. Эмч бүр эмчилж гаргасан, ялангуяа нүднин алимийн мэс засал хийлгэсэн, нүдний хүнд гэмтэлтэй өвчтөнөө поликлиникоор үргэлжлүүлэн эмчлэх, хяналт тавих бололцоотой  болсон юм. Бригадын аргыг нэвтрүүлснээр поликлиникт эмч нар дагнан ажиллаж мэс засал хийх ажлаас удаан хугацаагаар хөндийрч байсныг арилгаж бичил мэс заслын арга техникийг хугацаа алдалгүй жигд эзэмших болж эмч нарын ажлын ачаалал ч жигдэрч мэргэжлээ байнга дээшлүүлэх боломжтой боллоо.

Эмчилгээ, үйлчилгээний ажлын чанарт өөрчлөлт гарч тасаг, кабинетын ажлын уялдаа холбоо ч сайжирлаа. Нүдний тасаг, кабинетийн сүүлийн таван (1981—1985) жилийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтийг өмнөх таван (1975— 1980) жилийнхтэй харьцуулахад орны фонд ашиглалт 3,6% хэвтэж эмчлүүлэгсдийн тоо 20,2%, мэс засал хийлгэсэн хүний тоо 3,6%-иар тус тус нэмэгдэж поликлиникийн нүдний кабинетад мэс засал, тариа хийлгэсэн хүний тоо 3,6 дахин өсөж орны эргэлт 16,0 байсан бол 19,2 болж 20%-иар нэмэгдэж, ор хоногийн дундаж 23 байснаас 19,7 болок 14,4%-иар буурснаас 7804 төгрөгийн хэмнэлт гарлаа.

Поликлиникийн нүдний кабинетийн үзлэг 10 хувиар нэмэгдсэн байна. Бригадын арга нь эрүүлийг хамгаалах салбарт хөдөлмөр зохион байгуулалтын шинэ хэлбэр бөгөөд тасаг, поликлиникийн кабинетын эмч нарын анхаарлыг нэг чиглэл зорилгод хандуулж эмчилгээ-үйлчилгээний сайн нөлөөтэй байгаа учир тухайн эмнэлгийн ажлын онцлогт тохируулан нэвтрүүлэх нь зүйтэй юм.

Редакцид ирсэн: 1987.05.06.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 223
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК