Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 2-3(33-34)
Дагваренчины Ядмаа (Мэндэлсний 90 насны ойд нь)
( )
 

1920 онд Завхан аймгийн Нөмрөг сумын иргэн Дагваренчингийн 2-р хүү болж төрсөн. 1929- 1937 онд сумын тэнхэм, аймгийн дунд сургууль, ЗХУ-ын Иркутск хотын мал эмнэлгийн техникум (1937-1940), Монгол улсын анхны их сургууль (1942- 1946) онд мал эмнэлгийн факультетэд суралцан малын их эмчийн мэргэжил эзэмшсэн байна. 1946-1955 онд ГовьАлтай, Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн дарга, ерөнхий их эмч, Алтан булгийн малын эмчийн техникумд мэргэжлийн багш, Хөдөө аж ахуйн яаманд 1955-1968 онд халдвартын ба төлөвлөгч их эмч, 1968-1975 онд Эрүүлийг хамгаалах яамны харъяа Эрүүл ахуй, халдвар нян судлалын  төв, Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газрын харъяа бруцеллёзын диспансерт ажиллаж байжээ. 1946- 1955 онд хөдөө орон нутагт ажиллахдаа хувийн мал аж ахуйтанд мал эмнэлгийн ач холбогдлыг ойлгуулах, мал эмнэлгийн байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлэх, зохион байгуулалтын ажил, бага эмч, санитар нарын мэргэжлийг дээшлүүлэх, мал сүргийн халдварт өвчин (мялзан, шүлхий, хонь, ямааны цэцэг, годрон, боом, цусан халдвар, үхрийн дуут хавдар гэх мэт) мөн цагаан хорхой, хамуу, халдваргүй өвчнөөс сэргийлэх, тэмцэх арга хэжээг зохион байгуулж удирдан ажиллаж байжээ. 1955-1962 онд Хөдөө аж ахуйн яамны мал эмнэлгийн удирдах газар ажиллах хугацаандаа нам, засгийн тогтоол шийдвэрийн дагуу малын эмч нарыг бэлтгэх, мал эмнэлгийн дүрмийг шинэ нөхцөлтэй уялдуулан шинэчилсэн (40 заавар) боловсрууулж мөрдүүлэхэд хувь нэмэр оруулсан бөгөөд эдгээр арга хэмжээний үр дүнд мал эмнэлгийн зохион байгуулалт сайжирч хонь, ямааны цэцэг, шүлхий, мялзан, үхрийн цээж, дуут хавдар, годронг үндсэндээ устгаж хамуу, адууны анеми, цагаан хорхой өвчний тархалтыг зогсоож чадсан байна. Хөдөө аж ахуйн нэгдлийг цомхтгох, ферм бригадад мал эмнэлгийн  албар байгуулах ажлыг төлөвлөн хийж байжээ. Хөдөө аж ахуйн яамнаас зохих журмын дагуу Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудад хүсэлт тавьснаар бруцеллёз, ям, сүрьеэ өвчинтэй тэмцэх (ЗХУ, Унгар, Болгар, Герман, Чех, Польш улсаас 200 мэргэжилтэн, 170 суудлын, 54 ачааны, 52 оношлогооны төхөөрөмж, эм реактив) экспедиц ирж ажиллахад Д.Ядмаа, дэд эрдэмтэн Цэрэндашийн хамт биечлэн оролцож зөвлөгөө өгөх, шалгах өвчний тархалтыг аймаг, сум, суурийн түвшинд тогтоож, өвчтэй малыг ялгах, ил өвчинг устгах ажлыг  охион байгуулж эцсийн үр дүнг нэгтгэн гаргаж байв. Ажлын дүнгээс үзэхэд манай улсын үхэр, хонь, ямаан сүрэгт бруцеллёз өвчний тархалт нилээн байгаа нь тогтоогдсон юм. Үүний зэрэгцээ малчдад хийсэн шинжилгээнд бруцеллёзоор халдвар авсан хүмүүс илэрч байлаа. Малд хийсэн шинжилгээ, судалгааны гадна Сүхбаатар аймагт зээр (700) гуай Өмнөговь аймгийн Баяндалай суманд янгир, аргал угалз, Архангайн Чулуут, Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн нутагт буга, гөрөөс зэрэг ан амьтанд бруцеллёзын шинжилгээ хийхэд өвчний илрэлт гараагүй байлаа. Энэ үеэс эхлэн бруцеллёз өвчнөөс сэргийлэх штамм-19В, Рев-1 вакциныг хэрэглэх, харьцуулан судлах ажлын эхлэл тавигдсан юм. 1968-1976 онд Эрүүлийг хамгаалах яамны харъяа Эрүүл ахуй, халдвар нян судлалын институтын дэргэдэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын халдвар судлалын бригадын эксперт Ян Калорж (Чех), Габорняд (Унгар) бусад мэргэжилтэн бригадын дарга их эмч Балдандорж нартай хамтран ажиллахдаа хөдөө аж ахуйн үйлдвэрийн ажилчид, малчдын дунд бруцеллёз өвчний халдварыг судлах штамм- 19 В, Рев-1 вакцины үр дүн, дархлааг харьцуулан судлах гол зорилт тавьж байлаа. Судалгаа туршилтын ажлыг Өмнөговь, Архангай, Төв аймагт тусгаарлан судалсан хонь, ямаанд хийж байв. Үзлэг, шинжилгээг Чойбалсан (Дорнод), Сүхбаатар, Баян-Өлгий, Говь-Алтай, Булган, Дорноговь аймгийн Орхон, Орхонтуул, Сант, Баруунхараа, Зүүнхараагийн сангийн аж ахуйн малчдад хийж байлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирж ажиллаж байсан Ян Калорт, Габорняд нар ажил үүргээ гүйцэтгээд буцсаны дараа ДЭМБ-ын халдвар судлалын бригадыг татан буулгаж Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газарт бруцеллёзын лабораторийн нөхцөлд нянгийн тэжээл, эсрэг төрөгч бэлтгэн турших ажлуудыг хийж байсан бөгөөд өвчтөний цусны шинжилгээнд цус наалдуулах, урвал хавсрах зэрэг урвалуудыг тавьдаг байжээ. 1976 онд өндөр насны чөлөөнд гарч Украин улсын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн ахлах багш, орчуулагчаар 2 жил Гадаад худалдаа, хөдөө аж ахуйн мал бэлтгэлд 1990 он хүртэл ажилласан байна. Д.Ядмаагийн хөдөлмөрийг улсаас үнэлж Засгийн газрийн жуух, Хөдөлмөрийн хүндэт медал, Алтан гадас одон, 25, 40, 50, 60, 80 жилийн ойн медалиудаар шагнасан байна.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Халдварт Өвчинтэй Тэмцэх Монголын Үндэсний холбоо

Халдварт Өвчин Судлалын Монголын сэтгүүлийн редакцийн зөвлөл

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2039
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК