Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 4(170)
Насанд хүрсэн монгол хүний ийлдэс дэх селений дундаж хэмжээг нас, хүйсээр харьцуулсан судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Н.Болормаа1, Ж.Батжаргал1, Д.Оюундэлгэр1, Э.Эрдэнэцогт1, Б.Энхтунгалаг1Б.Цэрэнлхам1, Б.Түвшинбаяр1, С.Цэрэнчимэд2, М.Намсрай3

1Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, 2Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, 3Сонгодо эмнэлэг

 
Абстракт
Introduction
The trace elements selenium is a constituent of the antioxidant enzyme glutathione peroxidase. Because it boosts the body’s antioxidant capacity, selenium is thought to have some ability to control cell damage that may lead to cancer. Selenium low status has been linked to increased risk of various diseases, such as cancer and heart disease.
 
Goal
Investigate serum selenium level of adult mongolians and conduct age and gender coparartive analysis of the serum selenium content.
 
Materials and Methods
Cross sectional study was performed among the 2339 apparently healthy Mongolians of both genders aged ≥18 years. In the study were used questionnaire and biochemical methods. Blood samples were collected from all subjects and serum selenium concentration was measured by atomic absorption spectrophotometry method using thermo fisher scientific  analyzer.
 
Results
The mean and confidence interval of serum selenium level in adult Mongolians was 0.78 μmol/l (95%CI 0.77-0.79) and there was no significant difference between genders. Thus the mean was 0.77 μmol/l (95%CI 0.76-0.80) among women and in men it was 0.78 μmol/l (95%CI 0.76-0.80). Data analysis revealed that older age group individuals were at risk of lowered serum selenium level. In particular, the oldest age group of over 60 years (females: 0.74 μmol/l, 95%CI 0.70-0.77; males: 0.68 μmol/l, 95%CI 0.64-0.71). The difference in selenium status between age groups was statistically significant in both sexes. The overall prevalence of serum selenium concentrations indicative risk of deficiency was 59.7%, with no significant differences in the prevalence by genders. Survey findings revealed that risk of selenium deficiency had statistically significant difference between age groups among the surveyed men.
 
Conclusion:
The mean value of serum selenium in adult Mongolians was 0.78 μmol/l and there was no significant difference between genders.
Key words: Adult Mongolian, antioxidant, mean value, selenium, selenium deficiency, serum
Pp. 5-9, Figure 1, Tables-2, References-12

Үндэслэл

Селен нь ихэнх даавар, эсгэгийн бүтцэд ордог, хүний бие махбодын нөхөн үржихүй, өсөлт, хөгшрөлт, удамшлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог эрдэс юм.  Исэлдэлтийн эсрэг үйлдэлтэй глутатион пероксидазын бүтцэд селен ордог ба селен агуулсан уурагт нэгдлийн идэвхтэй хэсэг нь селент цистейн болдог байна. Бие махбод дахь чөлөөт радикалын исэлдэлтэд селений оролцоо чухал үүрэгтэй. Чөлөөт радикалын доторх идэвхтэй хүчилтөрөгч (ИХ) нь хүний бие махбодын хэвийн болон эмгэг үйл ажиллагааны үед үүсдэг. 

Бие махбодын хэвийн үйл ажиллагааны явцад үүссэн чөлөөт радикалууд нь химийн урвалын дагалдах бүтээгдэхүүн хэлбэрээр үүсдэг бөгөөд уг үйл явцыг хүний бие махбод хатуу хянадаг. Мөн ИХ нь гадны биетийг устгах зорилгоор Т лимфоцит (T killer)-оос ялгардаг бөгөөд нян устгах болон хорт хавдрын эсрэг фагоцит үйлдэл үзүүлдэг байна. Харин аливаа эмгэг өөрчлөлтийн үед ИХ үүсэх үйл явц нь давалгаа маягтай байдаг бөгөөд бие махбодын хэвийн эсийг устгах сөрөг нөлөөтэй байдаг. ИХ нь эс хордуулах маш хүчтэй үйлдэлтэй тул өөх тос, уургийн молекулууд, ялангуяа эсийн бүрхүүлийн фосфолипидыг эргэлтгүйгээр гэмтээдэг байна. Энэ үед липидын чөлөөт радикал үүсч, биополимерийн молекулыг гэмтээх үйлдэл үзүүлнэ. ИХ-ийн гэмтээх үйлдлээс сэргийлэхийн тулд хүний бие махбодод “исэлдэлтийн эсрэг хамгаалалт” байдаг бөгөөд уг хамгаалалтын тогтолцооны гол бүрэлдүүн хэсгийг селен агуулсан эсгэг болох глутатион пероксидаза бүрдүүлдэг байна [1, 4].

Иймд селен дутлын улмаас бие махбодид явагдах исэлдэлт, исэлдэлтийн эсрэг хамгаалалтын үйл ажиллагааны тэнцвэр алдагдаж олон төрлийн сөрөг үр дагавар бий болно. Селений солилцооны алдагдлын улмаас хүний бие махбодод илрэх эмгэг өөрчлөлт нь газарзүйн байршил буюу хүрээлэн буй орчин ялангуяа ус, хөрс дэх селений агууламжаас шалтгаалдаг. Хөрс, усан дахь селен нь ургамлын болон амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний бие махбодын биологийн хэрэгцээг хангадаг. Хэрэв хөрс, усан дахь селений агууламж дутмаг эсвэл илүүдэлтэй байвал хүний бие махбодод селен дутлын эсвэл илүүдлийн эмгэг өөрчлөлт илэрдэг байна [4].

Газрын хөрсний селений агууламжаас шалтгаалан ургамал ба амьтны гаралтай хүнсэнд агуулагдах селений хэмжээ харилцан адилгүй байх бөгөөд энэ нь хүний цусан дахь селений түвшинд нөлөөлдөг байна [4]. Селен нь дэлхийн гадаргын янз бүрийн бүсэд жигд бусаар хувиарлагдсан байдаг тул хүнсэн дэх түүний агууламж тухайн орчноос хамаарч маш их хэлбэлздэг. Үүнтэй холбоотойгоор дэлхийн янз бүрийн бүсийн хүн амын селений хоногийн хэрэглээ харилцан адилгүй байдаг. Тухайлбал, Хятадын зарим орон нутагт хоногт 8-11мкг байдаг бол Канадад 98-224 мкг, Америкийн нэгдсэн улс (АНУ)-д дунджаар 74- 90 мкг, селений илүүдэлтэй зарим нутагт 216 мкг байдаг байна [2, 3].

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрсэн эрүүл хүн хоногт 33-34 мкг селенийг хоол хүнсээр авахыг зөвлөдөг [4]. Хүн амын хооллох дадал нь селений хэрэглээнд шийдвэрлэх нөлөөтэй. Хоол, хүнсэндээ загас их хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь селений агууламж өндөр байдаг ажээ. Японы судлаач Sakurai ба Tsuchiya нар Япончууд далайн загасыг хүнсэндээ хэрэглэдэгтэй холбоотойгоор тэдний селений хоногийн хэрэглээ 88 мкг байдаг болохыг тогтоосон байна [6, 7].

Селений солилцооны үндсэн үзүүлэлт бол цусан дахь селений хэмжээ юм. Хүн амын цусан дахь селений түвшинг тогтоох судалгаа дэлхийн зарим улс оронд хийгдэж, хүн амын цусан дахь селений түвшин нь олон хүчин зүйлээс хамаарч, өөр хоорондоо ялгаатай байдаг байна [4]. 

Зорилго

Насанд хүрсэн Монгол хүний ийлдэс дэх селены дундаж хэмжээг тогтоож, хүн амын нас, хүйсээр харьцуулан судлах

Зорилт:

  1. Насанд хүрсэн Монгол хүний ийлдэс дэх селений дундаж хэмжээг нас, хүйсээр харьцуулан тогтоох
  2. Селен дутлын эрсдэлийн тархалтыг хүн амын нас, хүйсээр харьцуулан үнэлэх

Материал, арга зүй

Судалгаанд Монгол улсын 8 аймаг, Улаанбаатар хотын 2 дүүргийн 18-аас дээш насны 2339 хүн хамрагдсан бөгөөд судалгаанд асуулга, биохимийн шинжилгээний аргыг ашигласан болно. 

Асуулга судалгааны аргыг ашиглан судалгаанд оролцогчийн хүн ам зүйн болон бусад шаардлагатай мэдээллийг цуглуулсан юм. Харьцангуй эрүүл 18-аас дээш насны хүмүүсийн хураагуур судаснаас цус авч, тэдний ийлдэс дэх селений агууламжийг атом шингээлтийн спектрофотометрийн аргаар цахилгаан дулааны систем бүхий “Thermo fisher Scientific” анализатораар тодорхойлсон. 

Хураагуур судаснаас цус авах ажиллагааг нэг удаагийн, стандартын шаардлага хангасан зүү, ваакуум хэрэгсэл ашиглан мэргэжлийн сувилагч гүйцэтгэсэн бөгөөд ариутгал халдваргүйтгэлийн дүрмийн (MNS 4270:2000, MNS 4271:2000, MNS 4272:2006) дагуу уг ажилбарыг хийсэн болно. 

Судалгааны мэдээллийн статистик дүн шинжилгээг SPSS PASW Statistics программын 18 хувилбарыг ашиглан хийж, дундаж утга түүний хэлбэлзэл, болон нас, хүйсийн ялгааг ANOVA шалгуур, 95 хувийн итгэмжит хязгаар (ИХ)-ын хэлбэлзлийн дээд ба доод хэмжээ, р утгыг ашиглан үнэлэв.

Үр дүн

Судалгаанд хамрагдсан 2339 хүний 48.0 хувь (n=1102) нь эрэгтэй, 52.0 хувь (n=1237) эмэгтэй байв. Судалгаанд оролцогчдын 22.3 хувь бүрэн дунд, 21.7 хувь бүрэн бус дунд, 21.1 хувь нь дээд боловсролтой байв. Ажил эрхлэлтийн байдлыг судлахад судалгааны хүн амын 25.0 хувь төрийн байгууллагад, 15.3 хувь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 37.7 хувь тэтгэврийн насны хүмүүс байсан болно.

Судалгааны хүн амын 47.9 хувь гэрт, 32.2 хувь өөрсдийн барьсан байшинд, 18.6 хувь нь төвлөрсөн усан хангамжтай тохилог байшин эсвэл орон сууцанд амьдарч байв. Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 19.2 хувь Улаанбаатар хотод, 28.5 хувь аймгийн төвд, 45.2 хувь сумын төвд, 7.1 хувь хөдөө амьдардаг хэмээн хариулсан байна. 

Насанд хүрсэн харьцангуй эрүүл Монгол хүний ийлдэс дэх селений дундаж хэмжээ 0.78 μмол/л (95%ИХ 0.77-0.79) байв. Селений дундаж хэмжээг судалгааны хүн амын хүйсээр харьцуулан үзвэл төдийлэн ялгаатай бус, харьцангуй ижил түвшинд байна. Тухайлбал, 18 насны харьцангуй эрүүл эрэгтэйчүүдийн ийлдэс дэх селений дундаж хэмжээ 0.78 μмол/л (95%ИХ 0.76-0.80) байгаа бол уг үзүүлэлт эмэгтэйчүүдэд 0.77 μмол/л (95%ИХ 0.76-0.80) байна.

Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн ийлдэс дэх селений дундаж хэмжээг насны 3 бүлгээр харьцуулан судлахад 60 насны хүмүүсийн ийлдэс дэх селений дундаж агууламж хамгийн бага байв. Тодруулбал, 18-39 ба 40-59 насны нийт хүмүүсийн ийлдэс дэх селений дундаж хэмжээ 0.81 μмол/л (95%ИХ 0.79-0.84) ба 0.80 μмол/л (95%ИХ 0.77-0.82) байгаа бол уг үзүүлэлт 60 ба түүнээс дээш насны хүмүүст 0.71 μмол/л (95%ИХ 0.68-0.74) буюу статистик ач холбогдол бүхий бага (p<0.001) байгааг судалгаагаар илрүүлэв. Ийлдэс дэх селений дундаж хэмжээ нас ахих тутам буурах статистик ач холбогдол бүхий (Эр: p<0.001, Эм: p=0.02) хандлага аль ч хүйсийн хүмүүс, ялангуяа эрэгтэйчүүдийн дунд илүү тод ажиглагдаж байгааг дараах зургаас харж болно (Зураг 1).

Figure 1. Mean serum selenium level of adult Mongolians, by age groups and gender

Судлагаанд оролцогчдын ийлдэс дэх селений хэмжээг үндэслэн насанд хүрсэн харьцангуй эрүүл хүн амын дундах селен дутлын эрсдэлийн тархалтыг үнэлж, насны бүлэг ба хүйсээр харьцуулан тогтоов. Хэрэв ийлдэс дэх селений хэмжээ 0.82 μмол/л ба түүнээс бага байвал тухайн хүнийг селений дуталд өртөх эрсдэлтэй хэмээн үнэлсэн [11, 12].

Насанд хүрсэн хүн амын дунд селений дутлын эрсдэлийн тархалт 59.7 хувь (95%ИХ 57.7-61.7)- тай байна. Селен дутлын тархалт эмэгтэйчүүдийн дунд ялимгүй өндөр байгаа ч, энэхүү ялгаа нь статистик ач холбогдолгүй байв (Table 1).

Table 1. Prevalence of selenium deficiency risk among adult population of Mongolia, (Se0.82 μmol/l) by gender and age groups

Селен дутлын эрсдэлийн тархалт нь хүн амын нас ахих тутам нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд уг хандлага эрэгтэйчүүдийн дунд илүү тод ажиглагдаж байв. Тодруулбал, 18-39 насны эрэгтэйчүүдийн 50.1 хувь нь селений дутлын эрсдэлтэй байгаа бол 60 насны эрэгтэйчүүдийн 73.7 хувь нь селен дутлын эрсдэлтэй байна. (p=0.0001). Үүний нэгэн адил селен дутлын эрсдэлийн тархалт 18-39 насны эмэгтэйчүүдийн дунд (57.7%) хамгийн бага, харин 60 насны эмэгтэйчүүдэд (66.8%) хамгийн өндөр байгааг судалгаагаар илрүүлэв (p=0.014).

Хэлцэмж

Манай улсад насанд хүрсэн монгол хүний ийлдэс дэх селений дундаж хэмжээг тогтоосон судалгааны ажил үүнээс өмнө хараахан хийгдээгүй тул бид энэхүү судалгааны үр дүнг бусад орны судлаачдын судалгааны үр дүнтэй харьцуулан жишиж үнэлэв. 

Насанд хүрсэн монгол хүний ийлдэс дэх селений дундаж хэмжээг бусад орны хүн амын үзүүлэлттэй харьцуулан 2-р хүснэгтэд харууллаа.

Насанд хүрсэн монгол хүний ийлдэс дэх селений дундаж хэмжээ ОХУ-ын манай улстай хил залгаа бүс нутгийн үзүүлэлтээс харьцангуй бага, харин Хятад улсын селений дутал илэрдэг бүс нутгийн хүмүүсийн ийлдэс дэх селений дундаж хэмжээнээс нилээд өндөр байна. Түүнчлэн насанд хүрсэн монгол хүний ийлдэс дэх селений дундаж хэмжээ Болгар, Унгар, Шинэ Зеланд, Серб ба Хорват улсын хүн амын үзүүлэлттэй ойролцоо түвшинд, харин АНУ, Норвегийн үзүүлэлтээс харьцангуй доогуур байгааг дараах хүснэгтээс харж болно (Table 2).

Table 2. Comparative analysis of the average serum selenium level of adult Mongolians with some others countries

Насанд хүрсэн монгол хүний ийлдэс дэх селений дундаж агууламж нь харьцангуй эрүүл насанд хүрсэн хүн амын ийлдэс дэх селений лавлагаа хэмжээний (0.67-2.04 μмол/л) хязгаарт багтаж байна [4].

Ийлдэс дэх селений дундаж хэмжээ нь хүн амын наснаас хамаарч харилцан адилгүй байдаг болохыг бусад орны судлаачид тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, Robyn Lymbury, Ujang Tinggi нарын судлаачид Австрали улсын харьцангуй эрүүл хүн амын ийлдэс дэх селений хэмжээг судалж, зарим насны хүмүүс ялангуяа 81 ба түүнээс дээш насны аль ч хүйсийн хүмүүсийн ийлдэс дэх селений дундаж хэмжээ харьцангуй бага байна хэмээн дүгнэсэн байдаг. Мөн дээрх судлаачид ийлдэс дэх селений дундаж хэмжээ хүйсийн хувьд ялгаагүй байгааг илрүүлсэн байна [8]. Үүнээс үзвэл бидний судалгааны дүн энэхүү судалгааны дүнтэй дүйж байна.

Мөн R. Safaralizaden ба G. A Kardar (2005) нарын судлаачид харьцангуй эрүүл 17 ба түүнээс дээш насны Иран хүмүүсийн ийлдэс дэх селений дундаж хэмжээг 1.27 μмол/л байгааг тогтоосон бөгөөд судлаачид ийлдэс дэх селений дундаж хэмжээ нь хүйсийн хувьд бага зэрэг ялгаатай боловч, статистик ач холбогдолгүй байгааг тогтоосон байдаг [9]. Бидний судалгаагаар эдгээр судлаачдын судалгаатай адил үр дүн гарсан билээ.

R. Lander ба Ц. Энхжаргал нарын судлаачид 6-36 сартай монгол хүүхдийн цусны ийлдэс дэх селений дундаж хэмжээ 0.77 μмол/л (95%ИХ 0.76-0.80) байгааг тогтоосон нь бидний судалгааны дүнтэй ойролцоо байна. Түүнчлэн судлаачид хөдөө орон нутагт амьдардаг хүүхдийн ийлдэс дэх селений дундаж хэмжээ Улаанбаатар хотын хүүхдийн үзүүлэлтээс харьцангуй өндөр, 24.0-35.9 сартай хүүхдүүдэд хамгийн их (0.78 μмол/л, 95%ИХ 0.72- 0.84) байгааг илрүүлсэн байдаг [5].

Насанд хүрсэн хүн амын дунд селений дутлын эрсдэлийг илрүүлсэн судалгааны ажил хараахан байхгүй байна. Харин манай улсын 06-36 сартай хүүхдүүдийн дунд селений дутлын эрсдэлийн тархалт 56 хувь байгааг R. Lander ба Ц. Энхжаргал нарын судлаачид тогтоосон байдаг. Бидний судалгаагаар насанд хүрсэн хүн амын 59.7 хувь нь ийлдэс дэх селений агууламж багатай буюу селен дутлын эрсдэлтэй байгаа нь дээрх судалгааны дүнтэй ойролцоо байна. Цусны ийлдэс дэх селений дундаж хэмжээ нас ахих тутам буурч байгаа нь селен дутлын эрсдэлийн тархалт ахимаг насны буюу 60 насныхны дунд нэмэгдэхэд хүргэж байв [5].

Дүгнэлт:

  1. Харьцангуй эрүүл, насанд хүрсэн монгол хүний ийлдэс дэх селений дундаж хэмжээ 0.78 μмол/л байгаа ба хүйсийн хувьд ялгаагүй боловч, нас ахих тутам буурч 60 насны хүмүүсийн дунд бага байна.
  2. Насанд хүрсэн монголчуудын дунд селен дутлын эрсдэлийн тархалт 59.7 хувь байгаа бөгөөд 60 дээш насны хүмүүсийн дунд уг эрсдэл хамгийн өндөр (69.8 хувь) байв.
Ном зүй

1. John N. Hathcock, Vitamin and mineral safety, second edition, 2004.
2. Levander O.A., Morris V.C., Dietary selenium level needed to maintain balance in north American adults consuming self-selected diet, American journal of clinical nutrition, 1984, 39:809-815.
3. Parr R.M. et al., Human dietary intakes of trace elements: A global literature survey mainly for the period 1970-1991. Data listings and sources of information, Vienna, International Atomic energy agency, 1992 (NAHRES 12).
4. WHO, Vitamin and mineral requirements in human nutrition, 2004.
5. Rebecca L. Lander, Ts. Enkhjargal, J. Batjargal and et al. Multiple micronutrient deficiencies persist during early childhood in Mongolia, Asia Pac J Clin. Nutr. 2008; 17 (3): 429-440.
6. У.Цэрэндолгор, Гадаадын зарим улс орны хүн амын цусан дахь селений түвшин” эрдэм шинжилгээний тойм өгүүлэл, Монголын Анагаах Ухаан Сэтгүүл, 2014.
7. Selenium in nutrition, revised edition, National academy press, Subcommitee on selenium, Washington D.C., 1983.
8. Robyn Lymbury, Ujang Tinggi, Lyn Griffiths, Franklin Rosenfeld and Anthony V. Perkins. Selenium status of the Australian population: Effect of age, gender, and cardiovascular disease
9. R Safaralizadeh, GA Kardar, Z Pourpak, M Moin, A Zare and S Teimourian Serum concentration of Selenium in healthy individuals living in Tehran, Nutrition Journal 2005, 4:32 doi:10.1186/1475-2891-4-32
10. Subcommittee on the Tenth Edition of the Recommended Dietary Allowances, Food and Nutrition Board. Recommended dietary allowances, 10th ed. Washington, DC, National Academy Press, 1989.
11. Thomson C.D. Assessment of requirements for selenium and adequency of selenium status: a review. Eur J Clin Nutr. 2004; 58: 391-402.
12. Rosalind S. Gibson, Principles of Nutritional assessment, Second edition, Oxford University press, 2005.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, дэд профессор Ж.Мөнхцэцэг


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 788
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК