Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 4(64)
Ураг, нярайн гавал тархины гэмтэл
( Лекц )

Ө. Жүгдэр 

Эх нялхсыг хамгаалах эрдэм  шинжилгээний хүрээлэн

 

Ураг, нярайн төрөх үеийн гавал тархины гэмтэл нь төрсний дараах үеийн өвчлөл эндэгдлийн зонхилох шалтгааны нэг юм.

Төрөх үеийн гавал тархины гэмтэлд гавал тархины цусан хангамжийн гүнзгий хямрал, тархины хальс ба зөөлөн эд гэмтэх, тархинд цус харвах зэрэг төрөлттэй холбогдож үүссэн хүндрэлүүдийг хамруулан авч үздэг. Энэ эмгэг дунджаар 2,6—3,7% тохиолдох бөгөөд тархины гэмтэлтэй хүүхдийн       38—44,2% нь төрсний дараах үедээ эндэж байна. Ураг, нярайн гавал тархины гэмтлийн шалтгаан ба түүнд нөлөөлөх хүчин зүйлийг дор дурдсан 4 хэсэгт хувааж үздэг.

Үүнд:

1.            Жирэмсний    үеийн хурц ба архаг өвчнүүд:

а)   Зүрх судас, цусны өвчин (хэрлэгийн гаралтай зүрхний гажиг, цусны даралт ихдэх буюу багадах өвчин, цус багадалт г.м)

б)   Хурц, архаг халдвар (томуу, гүйлсэн булчирхайн үрэвсэл, элэгний халдварт үрэвсэл, сүрьеэ, дотоод шүүрлийн булчирхайн эмгэг, чихрийн шижин, бамбай булчирхайн үйл ажиллагааны хямрал г.м.)

2.            Жирэмсний хүндрэл:

а)   Жирэмсний хордлого жирэмсний усан хаван, нефропати, эклампси, түүний урьтал үе г.м)

б)   Умай ба эхийн усан хангамжийн өөрчлөлт (зөв байрласан ихэс урьтаж ховхрох, ихэс түрүүлэх)

в)   Жирэмсний илүү тээлт, дутуу төрөлт, усан ихэр, олон урагт жирэмслэлт г.м

3.            Төрөхийн хүндэл:

а)   Төрөх хүчний сулралт, түргэн төрөлт, ужиг явцтай төрөлт, ус цагаас урьтаж гарах, уйтан аарцаг г. м)

б)    Ургийн буруу байрлал, толгой буруу тавигдах, өгзөг ба хөлөөр түрүүлэх, хүй хүзүүгээ ороох, хүй унжих ургийн толгой аарцгийн хэмжээтэй тохирохгүй байх,

4. Төрөлтийн   үед эх барихын мэс ажилбар, гардан туслалцаа хэрэглэх:

а)   Эх барихын хавчуур тавих

б)   Вакуум экстратор тавих

в)   Эх барихын эргүүлэг хийх

г)    Кесарев   огтлол хийж төрүүлэх гэх мэт хүчин зүйлүүд нөлөөлж байна.

Дээрх шалтгааны улмаас ургийн толгой механик замаар гэмтэж болохоос гадна урагт хүчилтөрөгч дутагдаж улмаар бодисын солилцоо өөрчлөгдөн цусны хүчил шүлтийн тэнцвэр  алдагдана.

Эрүүл ургийн цусны РН—7,20-оос багасвал эмгэг хүчилжил үүссэнийг гэрчилнэ. Энэ үед цусанд бодисын солилцооны гүйцэд дутуу исэлдсэн хүчиллэг бодисууд хуралдахын зэрэгцээгээр шүлтийн нөөц буурна. Бие махбод эд эс хүчилтөрөгчөөр дутагдсанаас цусны судасны ханын бүтцэнд өөрчлөлт орж нэвчимтгий болохоос гадна цусны бүлэгнэх чанар алдагдаг.

Ийнхүү ураг, нярайн тархины цусан хангамж өөрчлөгдөн гүнзгий хямрахаас гадна дээрх шалтгааны улмаас шууд цус харваж хүндэрч болно.

Ураг, нярайн гавал тархины гэмтлийг механик гэмтэл, тархины цусан хангамжийн хямрал гэж ерөнхийлөн хоёр ангилж болохоос гадна эмнэл зүй, эмгэг физиологи, биохимийн талаар гарах өөрчлөлтийг нь харгалзан 3 ангилж үздэг. Үүнд:

1. Эмнэл зүйн байдлаар нь хөнгөн, дунд, хүнд гэж ангилна.

Хөнгөн хэлбэр гэдэг нь хүүхэд хөнгөн хэлбэрийн бүтэлттэй төрөх ба төрсний дараах эхний 1—2 хоногт тархины гэмтлийн шинж илрээд 3 дахь хоногоос хэвийн байдалд орно. Дунд зэргийн хэлбэрийн үед тархины гэмтлийн шинж тодорхой илэрнэ. Их төлөв хүнд хэлбэрийн бүтэлттэй төрж гэмтлийн шинж тэмдэг 7—9 хоног үргэлжилнэ. Хүнд хэлбэрийн үед ихэвчлэн тархинд цус харвалт үүссэн байдаг. Амьсгал, зүрх судасны ажиллагааны хэм алдагдана.


2.   Эмгэг физиологийн хувьд 3 зэрэг болгон хуваана.
I зэрэг: Бүх гэмтлийн 71 хувийг I зэргийн буюу хөнгөн гэмтэл эзлэнэ. Хүүхэд   төрмөгц зүрхний  цохилт нь 160 орчим хүрч хурдассан байх ба аажимдаа удааширч ирнэ.

II зэрэг буюу хүндэвтэр хэлбэр бүх гэмтлийн 25 хувийг эзлэнэ. Энэ үед зүрхний ажиллагаа өөрчлөгдөх боловч ерөнхийдөө тогтвортой  шинжтэй байна.

III зэрэг буюу хүнд хэлбэр бүх гэмтлийн дотор 4 хувийг эзлэнэ.

3.   Биохимийн өөрчлөлтөөр нь анх 1961 онд К.Знаменачек хүчилтөрөгчийн дутагдлын эрт ба хожуу илрэх хам шинж гэж ангилжээ.

а) Эрт илрэх хам шинжийг дотор нь 3 зэрэг болгоно. I зэрэг 1 хоног, II зэрэг 5—8 хоног, III зэрэг нь 10 ба түүнээс дээш хоног үргэлжилнэ.

б) Хожуу илрэх хам шинж нь дутуу хүүхдэд амьсгалын дутагдал, уушгины хатгалгаа байдлаар ихэвчлэн илэрнэ.

Ураг, нярайн гавал тархины гэмтлийн онош, эмнэл зүй

Тархины гэмтлийн шинж тэмдэг нь тархи нугасны цусан хангамжийн хямралын байдал, цус харвалтын хэмжээ байрлалаас хамаарч янз бүрээр илэрнэ.

Ураг, нярайн гавал тархины гэмтлийн эмнэл зүйн шннж тэмдгийг 3 зэрэгт хувааж үздэг.

1.  Гавал тархины цусан хангамжийн хямралын I зэрэг:

Энэ үед гавал тархины цусан хангамжид түр зуурын хөнгөн хэлбэрийн өөрчлөлт гарна. Хүүхэд орчиндоо цочрох нь бага байхаас гадна булчин нь суларч, арьс салст нь бага зэрэг хөхрөнө.

Рефлексүүд ялангуяа хөхөх рефлекс сулавтар илэрнэ. Биеийн жин хэвийнхээс их байна.

2.  Гавал тархины цусан хангамжийн хямралын II зэрэг:

Энэ үед дээр дурдсан шинж тэмдгүүд тодорхой тогтвортой илэрнэ. Биеийн ерөнхий сулрал нь аажимдаа цочромтгой байдлаар солигдон амьсгал нь өнгөц жигд биш болж үе үе хэм алдан амьсгаадаж арьс нь хөхөрнө. Үе мөчний булчин чангарч хөгшин байдалтай болж, хөл гарын үзүүр чичэрхийлэн нүүрний булчии татваганана. Хөхөх болон бусад рефлексүүд сулран нэгэн хэвийн дуугаар удаанаар уйлагнан эвшээж унтахгүй болно. Биеийи жингээ эрс алдана.

3. Гавал тархины цусан хангамжийн хямралын III зэрэг:

Дээрх шннж тэмдгүүд улам тодоор илэрч хүүхэд татаж, энэ нь удаанаар үргэлжилнэ. Гол төлөв тархинд цус харвасан үед эдгээр шинж илэрнэ.

В. П. Бисярина нярайн гавал тархины гэмтлийн үед илрэх шинж тэмдэг нь дараах зүй тогтолт үе шатыг дамждаг болохыг тодорхойлжээ. Үүнд:

1.  Мэдрэлийн үйл ажиллагаа дарангуйлагдах үе:

Булчин суларч хөдөлгөөний идэвх буурч гаднын цочролд хариу урвал өгөхгүй арьс хөхрөх, эсвэл царай нь цонхийж цайх, рефлексүүд сулрах буюу заримдаа илрэхгүй болно. Хүүхэд үргэлжлэн уйлах ба заримдаа уйлж чадахгүй гиншиж яраглана. Зүрхний цохилт удааширч хэм алдагдан амьсгалын тоо олширч өнгөц болж үе үе тасалдана.

2.  Мэдрэлийн үйл ажиллагааны цочролын үе:

Хүүхэд еренхийдөө тайван биш болж хөл гарын үзүүр чичирхийлэн үе үе татна.

Булчин сул байснаа богино хугацаанд чангаран хүзүү, нурууны булчин хөшиж гэдийн хамар уруулын гурвалжин, хөл гарын үзүүр хөхөрнө. Заримдаа халуурч ч болно.

Зүрхний цохилт олшрон, амьсгалын хэм алдан үе үе тасалдаж хөхөх залгих болон бусад рефлексүүд суларна. Захын мэдрэлийн саажилт болсноос нүүр нүдний булчингуудын хэвийн хөдөлгөөн өөрчлөгдөнө.

3. Гуравдугаар үе нь:

Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны гэмтэлтэй холбоотой амьдралын чухал эрхтнүүдийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж, бие махбод сулрана. Ялангуяа дутуу нярайд бүр ч тод ажиглагдана.

Онош: Анамнезаас тухайн жирэмслэлт, төрөлтийн явцыг нарийвчлан судлана. Эмнэл зүйн шинж тэмдгийг үндэслэн аль хэлбэр, үе шат болохыг тогтоож цааш нь лабораторийн ба багаж аппаратын шинжилгээг ашиглаж онош тоггооно. Оношлохдоо цусны хүчил шүлтийн тэнцвэрийн хазайлтыг олж тогтоох нь чухал ач холбогдолтой юм. Орчин үед төрөх ажиллагааны явцад умайн хүзүү 3 см буюу түүнээс дээш нээгдсэн үед ургийн толгойноос цус авч микро-Аструп аппарат дээр шинжилнэ. Гавал тархины гэмтлийн үед хүчилжинэ. Хүчилтөрөгч дутагдсанаас бодисын солилцоонд гарах өөрчлөлтийг олж тогтооно. Ураг гавал тархины гэмтэлтэй төрөх үед цусанд устөрөгчийн ион (РН) 7,20-оос доош буусан байх нь олонтаа байдаг. Мөн тархины гэмтэлтэй байж болзошгүй нярайн нүдний угийг офтальмоскопоор харж шинжлэх шаардлагатай. Тухайн шинжилгээгээр харааны мэдрэлийн диск хавагнах, торлог ховхрох, цус харвах, артер венийн судасны харьцаа өөрчлөгдөх зэрэг өөрчлөлт буй болсон нь ажиглагдана. Нугасны усыг авахад даралт ихэссэн байх бөгөөд өнгө нь өөрчлөгдөн цусархаг болсон байна. Нугасны усны 1 мл тутамд эсийн элемент нормдоо 15—30 байдаг бол 1 мм3-д тархины гэмтлийн үед 60—80 болно. Уураг нормдоо 70—80 мг байдаг бол энэ эмгэгийн үед их төлөв ихсэнэ. Тэрчлэн нугасны усны найрлага дахь сахар хлорын хэмжээ өөрчлөгдөнө. Мөн эхоэнцефалографи, ЭЭГ, РЭГ зэрэг шинжилгээний тусламжтайгаар оношийг нарийвчлан тогтоож болно. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт: Тархины гэмтэлтэй хүүхдийг эмчлэхэд юуны өмнө чимээ шуугиангүй байранд тайван байлгаж эмчилгээ, сувилгаанд туйлын болгоомжтой хандана. Өрөө тасалгаанд нь цэвэр aгaap байнга оруулах ба өрөөний дулаан 24—29° байна. Гэмтэлтэй нярайн хөхөх чадвар сул байх тул сайн хөхдөг болтол нь хаймсуураар хооллох хэрэгтэй. Хүчилтөрөгчийг чийглэж 30 минут тутамд 3—5 минутаар өгнө. Толгойд нь хүйтэн жин тавих нь тархи хавагнахыг багасгах, нэмж хавагнахаас сэргийлэх ач холбогдолтой. Эмийн эмчилгээнээс глюкозын 5—10%-ийн уусмалыг тариагаар ба уухаар   хэрэглэх нь тархины гэмтлийн улмаас буй болсон чихэрлэгийн дутагдлыг нөхөхөөс гадна тархи хавагнахыг багасган хүчилтөрөгчийн дутагдлaaс шалтгаалсан мэдрэлийн эсүүдийн цочролыг багасгаж  тайвшруулан нойрыг сайжруулдаг.   Тархи хавагнах ба гавлын доторхи даралтыг багасгах зорилгоор сульфат магнийн 25%-ийн уусмалаас   биеийн жингийн 1 кг-д 0,2 мл-ээр бодож 0,25 хувийн 1 мл новокаины хамт булчинд тарина. Мөн тархи хавагнахыг багасагах зорилгоор хаван туух үйлчилгээ бүхий   лазикс тариагаар буюу уухаар,   0,01-ээр диакарбыг биеийн жингийн 1 кг-д 5—6 мг-аар бодож хоногт 1—2 удаа 3 хоног ууж нэг хоног завсарлах схемээр хэрэглэнэ.   Диуретинийг 0,03-аар өдөрт 3 удаа нийт 3—4 хоног хэрэглэнэ. Эсвэл манитолыг биеийн жингийн 1кг-д 0,5—1,0 хуурай бодис байхаар бодож 5 хувийн 10—15 мл глюкозын уусмалтай хольж судсаар тарина.

Цусны хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулж тэнцвэржүүлэх нь сэхээн амьдруулах эмчилгээний чухал хэсэг юм. Хүчилжилтийг арилгах хамгийн сайн аргын нэг нь содын 5 хувийн уусмалыг судсаар тарих, АТФ, кокарбоксилаз глютамины хүчлийг хэрэглэнэ. Судасны ханын нэвчимтгий чанарыг багасгахын тулд сийвэн 10—15 мл-ээр нийт 3—4 удаа хоорондох хугацаа нь 1-2 хоногийн зайтай тарих юмуу эсвэл 10—20 хувийн альбумины уусмалыг 10— 15 мл-ээр судсанд тарина. Мөн энэ зорилгоор  10 хувийн глюконат   буюу хлорт кальцийн уусмалыг           2—3 мл-ээр судсанд тарих, эсвзл 5%-ийн хлорт кальцийн уусмалыг цайны халбагаар өдөрт 3—4 удаа уулгаж болно. Витамин С, B1, B12 ба виказолыг дутуу нярайд 2 мг гүйцэд нярайд 3—5 мг-аар өдөрт 1—2 удаа нийт 2—3 хоног, рутин 0,002-оор өдөрт 3 удаа 3—4 өдөр тус тус хэрэглэнэ. Тархины гэмтэлтэй хүүхдийн гавал тархины цусан хангамжийн хямралыг эмчлэхэд глютамины хүчил үр дүн сайтай байдаг. Үүнийг 0,2-оор өдөрт 3 удаа 2—4 cap ууж болно. Хүүхэд тайван бус цочромтгой байвал 1 хувийн бромт натрийн уусмалыг цайны халбагаар өдөрт 3 удаа, люминалыг биеийн жингийн 1 кг-д тус бүр 1—2 мг-аар бодож уулгана. Сүүлийн үед мэдрэл нөлөөт дифенинтэй тайвшруулах эмүүдийг өргөн хэрэглэж байна. Үүнд: аминазин, промазин, дипразин, седуксен, элениум зэрэг эмийг тариагаар ба уухаар 4—5 хоног хэрэглэнэ.

Аминазиныг биеийн жингийн 1 кг-д 2 мг-аар бодож хэрэглэнэ. Өвчний эмнэл зүйн шинж бүдгэрч, эмчилгээнд бие нь мэдэгдэхүйц сайжирч буй үед шиллэг, аллоэ диабазол, прозерин мэтийн эмийг цусан хaрвалтын шимэгдэлийн процессыг идэвхжүүлэх зорилгоор хэрэглэж болно.Эмчилгээний эдгээр үндсэн зарчмыг баримтлахаас гадна тухайн үед шинж тэмдгийн чанартай эмчилгээг цаг алдалгүй хийх, цаашид мэдрэлийн эмч, хүүхдийн хэсгийн эмчийн идэвхтэй хяналтанд байх шаардлагатай. Уг гэмтлээс урьдчилан сэргийлэх үндсэн арга нь жирэмсэн эмэгтэйчүүдийн диспансерийн хяналтыг сайжруулахын зэрэгцээ төрөлтийг удирдах орчин үеийн арга барилыг төрөх газрын өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, онош тогтоож эмчлэх аргад эмч, эх баригч нарыг сургаж мэргэжүүлэх явдал юм. Ер нь ураг, нярайн тархины гэмтэл нь зөвхөн төрөх үеийн механик гэмтлээс үүсдэг биш ихэвчлэн тархины цусан хангамжийн хямрал, судасны ханын бүтцийн өөрчлөлттэй холбоотой байдаг учир түүнд нөлөөлөх дээрх хүчин зүйлүүдээс урьдчилан сэргийлэх ажлыг жирэмсэн байх үеэс эхлэн эхийн хэвлий дэх ургийг хамгаалах нь чухал ач холбогдолтой юм. Жирэмснийг аль болохоор эрт хугацаанд илрүүлж (эхний 3 cap дотор) хяналтанд авах, цаашид гарч болох хүндрэлээс сэргийлж үзлэг шинжилгээг тогтмол бүрэн хийж зөвлөгөө агч байх, ялангуяа жирэмсний хожуу хордлогыг эрт илрүүлэх түүнээс урьдчилан сэргийлэх, нэгэнт үүсч буй болсон хордлогыг бүрэн эмчлэх нь нярайн гавал, тархины гэмтлээс сэргийлэх чухал шижим юм.

 

Ном зүй

1. И. П. Елизарова —Церебральные нарушения у новорожденных, перенесших родовую травму и асфиксию. М. Медицина. 1977.
2. В. П. Жижинова, Г. А. Кенжабаева, Б. Д. Тастанбеков — Внутричерепная родовая травма у новорожденных. М. Медицина 1977.
3. А. П. Ромодонов, Ю. С. Бродский— Родовая черепно-мозговая травма у новорожденных. Здоровье Киев. 1981.
4. Г. К. Степанковская, Б. М. Венцковский, A. С. Лявинец—Гипоксичекие состояния в акушерской практике. Здоровье. Киев. 1978.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2895
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК