Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (58) 2013 N03(058)
ESCHERICHIA COLI БА ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
( Судалгааны өгүүлэл )

Н.Сэргэлэн , С.Лхавгасүрэн

 

Сүүлийн үед Энтеробактерийн язгуурт хамаарагдах  хүн амьтны биед байдаг хэвийн бичил биетэн болон эмгэг төрөгч шинжтэй грам сөрөг савханцаруудаас E.coli-ийн гаралтай халдварууд ихээхэн гарах боллоо. E.coli нь,хүн, амьтны хоол боловсруулан шингээх эрхтэн тогтолцоонд микрофлор шинжтэй тогтмол оршдог.

    Анх 1886 онд Австрийн эмч Т.Эшерих  хүний ялгадаснаас  бактер илрүүлж

Escherichia Coli гэж нэрлэсэн ба Enterobacteriaceae-ийн язгуурын Escherichia төрөлд хамаарагдах  бие даасан зүйл юм.  E.Coli-г  гэдэсний савханцар гэх бөгөөд факультатив анаэроб нөхцөлд өсч үрждэг, хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөгөөр эмгэг төрөгч шинж төлөвт хувирч хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, шээс бэлгийн замын  үрэвсэл, менингит  болон бусад өвчнүүдийг үүсгэдэг.1

  Коли савханцар нь хор ялгаруулан гэдэсний халдварт өвчний шалтгаан болдгийг  Г.Н.Габричевский 1894 онд туршлагаар нотолж,  E.Coli-ийн зарим өсгөвөр нь илэрхий хордлого үүсгэдэг болохыг  А.И.Доброхотов 1927 онд өөртөө халдварлуулан тогтоож , эрдэмтэн  А.Адам  1922 онд биохимийн аргаар гэдэсний савханцарын шинж чанрыг гүнзгийрүүлэн судлаж,  эмгэг төрүүлэгч хүрээнүүдийг  ялгасан ба  эрдэмтэн Ф.Кауфманы 1942 – 1945 онд  боловсруулсан ийлдэс судлалын шинжилгээний арга зэрэг нь E.Coli-ийн халдварын эмгэг төрөгч омгуудын  орчин үеийн ангиллын үндсийг тавьсан байна.2

E.Coli нь грам сөрөг, мөлгөр үзүүртэй  0.4-0.6х2-3 мкм хэмжээтэй савханцар юм. Тэр ердийн тэжээлт орчинд сайн ургадаг бөгөөд их биеийн О, шилбүүрийн Н, бүрхүүлийн К антигеныг агуулдаг ба  170 орчим ийлдэс судлалын хүрээнээс   тал орчим нь хүнд өвчин үүсгэдэг. Гэдэсний савханцарын О эсрэгтөрөгчийн ялгааг үндэслэн  одоогоор их биеийн "О" антигений 163, шилбүүрийн "H" 56,  капсулын "K" антигений 93 хэвшил  тодорхойлогдсон. Гэдэсний савханцар нь хөдөлгөөнтэй, зарим  омог нь хөдөлгөөнгүй, глюкоз,мальтоз,  лактоз зэрэг нүүрс усыг  хий үүсгэж задалдаг,  H2S үүсгэдэггүй , индол, уреаза үүсгэдэг, цитрат сөрөг, метилийн улаанд эерэг, гемолиз харилцан адилгүй үүсгэдэг шинжтэй нян юм. Сүүлийн үед хоол хүнс, ахуй орчноор дамжин хүн, малд эмгэг үүсгэх жам, хоруу чанарын онцлогоор нь эмгэг төрүүлэгч E.coli-г 6 хэвшилд ангилж байна. Эдгээр ангилал тус бүрийн эмгэг төрөгчид нь эмгэг жам, хоруу чанар болон O, H серотипээр ялгаатай. Үүнээс хамаарч эмнэлзүйн шинж тэмдэг болон тархвар судлалын дүр зураг нь өөр өөр байдаг.3   Дамжих зам нь  бохирлогдсон хоол хүнс, ус, бохир гар байдаг бөгөөд  E.coli нь зонхилон шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны халдвар, нярайд тархи нугасны үрэвсэл, ходоод гэдэсний үрэвсэл үүсгэдэг. Шээс ялгаруулах эрхтэний халдварын 90 орчим %-ыг E.coli эзэлдэг. Микрофлор шинж нь алдагдсан E.coli-г уропатогеник  E.coli гэх бөгөөд альфа гемолизин ялгаруулдаг байна.1  E.coli-ийн эсийн гадаргуудах пили нь хүний эпител эсийн рецепторт холбогдох мөн бактерын удмын мэдээлэл  коньюгацийн хэлбэрээр дамжих процесст оролцдог ба гэдэсний савханцарийн ялгаруулдаг плазмид, альфагемолизин, шигатоксин, дулаанд тэсвэргүй (Labile toxin-LT), дулаанд тэсвэртэй (Stable toxin-ST) , эндотоксин (LPS - липополисахарид)   хорууд нь эмгэг төрөх шинжийг нөхцөлдүүлдэг.

Дотуур эмгэгтөрөгч E.coli - ЕРЕС (Enteropathogenic E.coli) : Суулгалт үүсгэгч    E.Coli-ийн хамгийн эртнээс судлагдсан зүйл бөгөөд 1940, 1950-иад оны судалгаагаар О:H серотипүүд нь зуны улиралд нярайн суулгалт, хүүхэд асрах газарт бүртгэгдсэн суулгалтын дэгдэлтүүд, нярайн суулгалтын нийтийн эпидемүүдтэй холбоотой нь тогтоогдож байжээ. Enteropathogenic E.Coli (EPEC) нь гэдэсний эсийн микроворсиныг задалж, гэдэсний эстэй холбогдож эхэлдэг. Ихэвчлэн хүүхдийн суулгалтын  шалтгаан болох нь тогтоогджээ. Энэ хэвшил нь эс хөөлгөж гэмтээдэг хор , enterotoxin зэрэг хоруудыг ялгаруулдаг болно. Эдгээрийн дотроос манай оронд 0119 хэвшил тохиолддог болохыг судлаачид тогтоосон байна4 . Enteropathogenic E.Coli-ийн гол О серотипүүд: 055, 086, 0111, 0119, 0126, 0127, 0128аб, 0142 юм . 1960 оны эцсээс эхлэн Enteropathogenic E.Coli , хөгжиж буй олон оронд тухайлбал Өмнөд Америк, Африкийн өмнөд хэсэг, Азийн орнуудад нярайн суулгалтын гол үүсгэгч хэвээр байсаар байна. Энэ хэвшлээр зөвхөн хүн өвчилдөггүй, мөн туулай өвчилсөнийг бусад орны эрдэмтэд илрүүлсэн байна .

Дотор хор ялгаруулагч E.coli- ЕТЕС  (Enterotoxigenic E.coli) Энтеротоксиженик эшерихи коли нь  ихэвчлэн дулаанд тэсвэртэй, enterotoxin, endotoxin ялгаруулдаг олон хэвшлүүдтэй. Хүүхдийн суулгалт, үйлдвэржсэн орнуудаас хөгжиж байгаа орнуудад ирж байгаа аялагчдын дунд гэдэсний халдварт өвчний хэлбэрээр тохиолддог . Дэлхийн олон оронд  энэ хэвшлээр  тугал, хурга зэрэг бог мал болон гахайн тоорой  их өвддөг  бол  манай орны бог малд эдгээрээс  зарим хэвшлүүд элбэг тохиолддог байна . Бохирдсон хүнс, усаар дамжин тархана. Насанд хүрсэн аялагчдын дунд ихээр тохиолддог ба ихэвчлэн  ETEC нь дулаанд тэсвэргүй энтеротоксин /LT/ дулаанд тогтвортой токсин ST, эсвэл хоёуланг нь (LT/ ST) боловсруулдаг.

Дотор эмгэгшүүлэгч E.coliIEC (Enteroinvasive E.coli)  Цусархаг биш суулгалтын  нөхцөл болдог ба эпителийн эсэд нэвтэрч үрждэг Shigellae-тэй адил цусан суулгалтын  шалтгаан болдог.  Хэвшлүүдээс  нийтлэг тохиолддог нь 0124 юм.  EIEC халдварууд нь хөгжиж байгаа орнуудад нутагшмал бөгөөд эмчилгээний төвүүд рүү ирж байгаа хүмүүсийн дундах суулгалтын 1-5% орчмын шалтгааныг үүсгэдэг. EIEC нь бохирдсон хүнсээр дамжиж байна” хэмээн дүгнэх үндэслэлтэй .

Нэвчин наалдах E.coli- DAEC (Diffuse adhering E.coli) Анх Мексикод хүүхдийн диархаг үрэвсэл үүсгэсэнээр оношлогдсон. Усан ба цусан чацга алдуулах, баасанд лейкоцит илэрдэг .   Хөгжиж буй орнуудад хүүхдийн суулгалтанд хийсэн хэд хэдэн эпидемиологийн судалгаагааны мэдээгээр диффузадхеренсе E.Coli нь суулгалттай хүүхдүүдийн дунд хамгийн нийтлэг ач холбогдолтой байжээ.

    Агергатив E.coli- EAEC (Enteroaggregative E.coli)  Том хүн болон хүүхдэд хүчтэй суулга үүсгэдэг колийн энэ хэвшил зарим оронд элбэг тохиолдож байна . Судлагч Ж.Сарантуяа эмгэг төрүүлэгч E.coli  дотор EAEC хамгийн их тархалттай буюу Монголд хүүхдийн суулгалтын гол шалтгаан болохыг тогтоожээ 4. E.Coli-ийн гаралтай энэ суулгалт нь нярайд тохиолдох ужиг үргэлжилсэн суулгалтын нэг шалтгаан болдог бөгөөд хөгжиж буй орнуудад илүүтэй тохиолддог.

    Дотуур цус задлагч E.coli- EHEC (Enterohemorrhagic E.coli) Ихэвчлэн хүчтэй хоолны хордлого үүсгэдэг хэвшлүүдтэй. Хамгийн аюултай хэвшил нь E.coli  0157:Н7 хэвшил юм. Суулгалт үүсгэдэг энэ омгийг 1982 онд АНУ-д гарсан томхон дэгдэлтийн үеэр таньж мэдсэн бөгөөд уг дэгдэлт нь E. Coli O157:H7- оор үүсгэгдсэнийг илрүүлсэн 5. Цусгүй суулгалт буюу хөнгөн хэлбэрээс их хэмжээний цусан суулгалт болтлоо хүндэрдэг.

    Escherichia Coli -н O157:H7 ийлдэс хүрээ нь суулгалттай холбоотой цусархагийн хам шинжийн нийт тохиолдлын 90%-ийг үүсгэдэг байна. Голдуу хивэгч амьтны өтгөнөөр бохирлогдсон хоол хүнсийг хэрэглэснээр  дамжина. Дутуу боловсруулсан  мах, махан бүтээгдэхүүн , ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн  бохир хүнсний ногоо зэргээс үүдэлтэй цусархаг колит, цустай шээх хам шинж, нас баралт хүртэл бүртгэгдэж байсан томоохон дэгдэлтүүд АНУ-д гарсан байдаг. Хүнээс хүнд шууд дамжих, бохирдсон ундны усаар дамжих хамгийн боломжтой бөгөөд бүх насны хүмүүс өвчлөх боломжтой .

Цусархаг үрэвсэл үүсгэгч E. Coli ийн бусад ийлдэс хүрээний олон улсад бүртгэгдсэн тооноос харахад 1993 онд Францад 0103:Н2 серотипээр  6 хүн халдварласан ба   эх үүсгэгч нь тогтоогдоогүй , 1993 онд Италид 0111:NM серотипээр  9 хүн, 1995 онд АНУд 0101:Н21 серотип түүхий сүүгээр, 1996 онд Австралид 0111:Н- 22 хүн дутуу боловсруулсан зайдаснаас, 1999 онд Японд 0118:Н2 серотипээр 126 хүн саладны ногооноос , 2000 онд АНУд 0111:48 серотипээр 58 хүн мөн саладны ногооноос , 2001 онд АНУ д 11 хүн усан бассейны уснаас , 2002 онд Германд 026:Н11  серотипээр 6 хүн үхрийн махнаастус тус   хордлого авсан байна.6  2000 оноос хойш  зоонозын гаралтай колибактериозын хордлого маш ихээр нэмэгдэж байна. Герман улсад 2011 оны таван сард гарсан цусархаг үрэвсэл үүсгэгч E.coli-ийн (серотип O104:H4) нь маш их хоруу чанартай байсан ба нийтдээ 16 орны 3941 хүнийг хамарч өвчлүүлсэнээс 20-иос дээш насны  52 том хүн нас барсан.  EHEC  нь  хоолны хордлого үүсгэх хүчтэй хор ялгаруулдаг учраас хүнсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой юм.  Escherichia Coli нь эрүүл зүйн үзүүлэлт бичил биетний нэг бөгөөд ус, хөрс, бусад зүйлд байгааг  нь коли титр болон коли индексээр тодорхойлдог. Суулгалт үүсгэдэг гэдэсний савханцарын хэвшлүүд нь гадаад орчинд их тэсвэртэй, бохир ус, хөрс, хүн амьтны ялгадасанд хэдэн сараар амьдардаг.  Түүхий сүүнд 30 гаруй хоног, хүүхдийн тэжээлд  90 хүртэлх хоног, тоглоом болон ахуйн хэрэгсэлд 3-5 сар хүртэлх хугацаагаар оршин амьдрах чадвартай ба 1%-ийн хлорамины уусмал, 1%-ийн фенолын уусмал, 3%-ийн лизолийн уусмалд 15-30 минут, сүүг буцалгах болон 60 градусд 10 минут ариутгахад бүрэн устдаг. ХӨСҮТийн 2012 оны тайланаас харахад улсын хэмжээнд бүртгэгдсэн  нийт халдварт өвчний хувьд  гэдэсний халдварт өвчин  21,4 % ийг эзэлж байгаагийн дотор  коли савханцараар үүсгэгдсэн нь тодорхой хувийг эзэлж байгаа юм.7   Манай орны хувьд  мах махан бүтээгдэхүүн болон сүү сүүн бүтээгдэхүүнээр халдварладаг өвчнүүд дотроос  эшерихиоз нь өндөр хувьтай байна. Мөн хөрс,усны бохирдолоос шалтгаалан гарах өндөр магадлалтай байна. Хагас боловсруулсан болон дутуу болгосон  мах махан бүтээгдэхүүн , шүүрхий мах, хиам, зайдас, котлет , гамбургер ,тахиа, загас, царцмагыг сайн болгож идэх, түүхий сүүг буцалгаж хэрэглэх , сүүгээр хийсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхдээ анхаарах,  хүн амьтны ялгадас болон бохир усаар  бохирлогдсон   шууд хэрэглэдэг жимс жимсгэнэ, хүнсний ногоонуудыг сайтар цэвэрлэж,  хэрэглэх нь чухал юм. 

Хүнсний аюулгүй байдлын талаасаа түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, борлуулагчид нь  өөр өөрсдийн шат, дамжлага бүртээ аюулт халдварт өвчин үүсгэгч энэ нянгаас урьдчилан сэргийлэхдээ онцгой анхаарч, үйлдвэрлэлийн дотоод хяналтаа сайжруулах, ажилчдаа урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах, арчдасын шинжилгээ өгөх хэрэгтэй. 
Хил дамжин экспортоор орж ирж байгаа мах махан бүтээгдэхүүн буюу тахиа шувууны мах, загас, далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийн хувьд  коли савханцараар бохирлогдсон  тохиолдол цөөнгүй байгаа нь  хүнсний дотоодын болон гадаад хяналтыг сайжруулах нэн ялангуяа хүнсний бүтээгдэхүүнд байгаа  хоруу чанар өндөртэй аюулт нянгуудыг сайн оношлож, хүнсний хордлогот өвчин гарахаас  сэргийлэх нь чухал юм.
Өнөөдрийн байдлаар манай орны хувьд Escherichia Coli-ийн аюулт хэвшлүүдийг молекул биологийн түвшинд  тодорхойлох багаж хэрэгсэл тоног төхөөрөмж,  урвалж бодис,  мэргэжилтний  хангалт   муутай байгаа  нь нян хүртэл даяаршиж байгаа энэ цаг үед  анхаарах  чухал асуудал болж байгаа бөгөөд , хүн амын дунд хувийн ариун цэвэр сахих , нэн ялангуяа бие зассаны дараа гараа сайн угаах хэвшилд сургах, хоол хүнсэндээ анхаарах , бохир ус хэрэглэхээс татгалзах , аюулт өвчнөөс үр хүүхдээ хамгаалах г.м сургалт, сурталчилгаа өргөнөөр хийх цаг ирсэнийг харуулж байгаа ба хувь хүмүүс эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэхэд нь мэргэжлийн салбарын бүх ажилтанууд туслах хэрэгтэй байгаа юм.
Ном зүй

.Б.Ганбаатар , Г.Санжмятав , А.Аварзэд “ Анагаах ухааны бичил амь судлал” УБ 2011 он
2. Д.Лундиа, Г.Зулхүү “ Эшерихоз” Онош 2010 он 47 (ОЗ)
3.С.Лхавгасүрэн, Н.Эрдэнэцогт “Полимеразын гинжин урвалын техник,хүнсний халдвар,хордлогын оношлогоо” УБ 2007 он.
4.Jav.Sarantuya. “ Typical enteroaggregative Escherichia coli are the most prevalent pathotype among diarrheagenic E. coli causing diarrhea in Mongolian children ” Journal of Clinical Microbiology, Jan.2004, p.133-139American Society for Microbiology
5. JohnsonW.M. H.Lior “ Cytoxic E.coli 0157:H7 associated with haemorrhagic colits in Canada Lancet ” 1983 i:75
6. Pina M. Fratamico and James L. Smith “ E coli infections ” 2003
7. ХӨСҮТ 2012 оны халдварт өвчний тайлан.
8. С.Лхагвасүрэн “ Махны Salmonella, E.coli-ийн бохирдолтыг молекул биологийн аргаар судалсан нь” ( докторын диссертаци ) УБ. 2005 он
9. http://www.transhumanism-russia.ru/content/view/38/135/
10. http://www.webground.su/topic/2011/06/02/t306
11. http://kiai.com.ua/article/625.html

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2825
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК